УИХ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНАЛЫГ ҮЛ ТООВ УУ


УИХ-ын дарга Г.Занданшатар  ажлаа хүлээн авангуутаа парламент ээлжит бусаар хуралдаж, хариуцлагын асуудлыг хөндөнө хэмээн мэдэгдсэн. Нэгэнт үүргээ гүйцэтгэж чадаагүй намрын чуулганыг ийн ээлжит бусаар нөхөхөөс аргагүйд хүрсэн нь энэ.

Сар шинийн баярын дараа УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, хаврын ээлжит чуулганы бэлтгэл ажлыг хангуулах болоод ээлжит бус чуулган зарлах талаар хэлэлцсэн. Гэхдээ ээлжит бус чуулганы товыг яг таг тогтоогүй ч гуравдугаар сарын 10-25-ны хооронд зарлан хуралдуулах чигтэй байгаа тухай эх сурвалжууд хэлж байгааг ч УИХ-ын даргын зүгээс ямар шийдвэр гаргаагүй байна. Уг нь ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагад Ерөнхийлөгч хүч нэмсэн.

Тодруулбал, өнгөрсөн сарын 20-нд Ерөнхийлөгч Х.Баттулга “Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах тухай” албан бичгийг УИХ-ын даргад хүргүүлсэн юм. Тэрбээр “УИХ-ын өмнөх дарга, гишүүдийн хооронд үүссэн зөрчил, тэмцлээс шалтгаалан төрийн эрх барих дээд байгууллагын ажил 40 гаруй хоногоор гацаж, 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн 23 хууль, тогтоомжийн төслийн дийлэнхийг нь хэлэлцэлгүй орхин, шийдэл хүлээж байгаа.

Ард иргэд, олон нийт, эрх баригч нам, Улсын Их Хурал, Засгийн газар болон холбогдох бусад төрийн байгууллага, албан тушаалтнаас “хууль тэгш үйлчилж, хэлбэрэлтгүй хэрэгждэг” шударга нийгмийг цогцлоох дорвитой бодлого, шийдэл хүлээж, шаардаж байна. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу Улсын Их Хурлын гишүүдийн санал болгон шаардаж буй асуудлаар ээлжит бус чуулганыг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн дотор зарлан хуралдуулах саналыг үүгээр хүргүүлж байна. Судлан үзэж, хуулийн дагуу шийдвэрлэнэ үү” гэсэн юм. Гэвч Ерөнхийлөгчид хариу хүргүүлсэнгүй. Хуулийн дагуу дараах тохиолдолд УИХ ээлжит бусаар хуралддаг байна.

Монгол Улсын Үндсэн хууль:

3. Улсын их хурлын гишүүдийн гуравны нэгээс дээшхийн шаардсанаар, эсхүл Ерөнхийлөгч, улсын их хурлын даргын санаачилгаар ээлжит бус чуулган чуулж болно.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль:

12.1. Улсын их хурлын анхдугаар чуулганыг товлон зарлах буюу улс орны чанартай хойшлуулшгүй чухал асуудлыг хэлэлцүүлэхээр улсын их хурлын ээлжит бус чуулган чуулахыг санаачилна. Ерөнхийлөгчийн санаачилгаар ээлжит бус чуулган чуулах бол улсын их хурлын дарга Ерөнхийлөгчтэй тохиролцсон хугацаанд уул чуулганыг товлон зарлана.

Монгол Улсын Их Хурлын тухай:

16.2. Ээлжит бус чуулганыг нийт гишүүний гуравны нэгээс дээшхийн шаардсанаар, эсхүл Ерөнхийлөгч, улсын их хурлын даргын санаачилгаар хуралдуулна.
16.3. Ерөнхийлөгч болон улсын их хурлын гишүүд нь ээлжит бус чуулган хуралдуулах санал, хэлэлцэх асуудлыг улсын их хурлын даргад өргөн мэдүүлнэ.
 П.Гоо
Оллоо.mn скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан