УИХ-ын намрын чуулган өндөрлөөд байна. Нийт хуралдах хугацааныхаа 40 гаруй хоногт гацаж, байнгын ажиллагаатай парламентын түүхэндээ саарал мөр татууллаа, өнгөрсөн намрын чуулган. Намрын ээлжит чуулган ажлын 88 өдөр чуулснаас 9 удаагийн чуулганы хуралдаан ирц бүрдээгүйгээс хойшилсон гэж түүхийн шар хуудсанд тэмдэглэгдэх нь. Намрын чуулганы хугацаанд бие даасан 5, хуульд өөрчлөлт оруулах тухай 25, зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай 13, хууль хүчингүй болсонд тооцох тухай 3 хууль, нийт 46 хууль, УИХ-ын 41 тогтоол хэлэлцэн баталсан нь ч маш чамлалттай үзүүлэлт. Ерөнхийдөө өнгөрсөн намрын чуулган төлөвлөсөн асуудлаа хэлэлцэх байтугай үүргээ ч биелүүлээгүй.
“60 тэрбум”-ын хэргээр М.Энхболдыг албан тушаалаас нь огцруулах Л.Оюун-Эрдэнэ нарын шаардлага Ерөнхийлөгчийн санаачлан өргөн барьсан хуулиар биеллээ оллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн хугацаандаа УИХ-аар анх удаа батлуулсан хууль нь УИХ-ын Дэгийн тухай хууль, УИХ-ын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлт байлаа. Уг хуульд “УИХ-ын даргыг УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар чөлөөлж болно” гэсэн заалтыг тусгасан байв. Ердөө ганцхан заалт бүхий уг хуулийн нэмэлт өөрчлөлт нь УИХ-ын даргыг чөлөөлөх тухай УИХ-ын хуульд заасан “нас барсан, өөр ажилд томилогдсон, ҮХЦ-ийн дүгнэлт гарсан, ажлаа цаашид хийх боломжгүй гэх эмнэлгийн дүгнэлттэй, шүүхээс ялын шийдвэр гарсан” гэх таван үндэслэлээр дээр зургаа дахь нь болон нэмэгдэв.
Энэ хуулийг хэрэгжиж эхлэхээс өмнө УИХ-ын даргыг чөлөөлүүлэх шаардлага тавьсан нэр бүхий гишүүд нэгэнтээ 39 гишүүний гарын үсэг цуглуулж, албан бичгээ бэлэн болгосон байлаа. Ийнхүү шинээр батлагдсан хууль товлосон өдөртээ хэрэгжиж, гишүүд хуулийн төслөө яаран өргөн барьсанаар Сар шинийн баяраас өмнө М.Энхболдыг УИХ-ын даргаас чөлөөлж, Г.Занданшатарыг УИХ-ын даргаар томилсон процесс хурдтай өрнөсөн юм.
УИХ-ын намрын чуулган хуулийн хугацаандаа завсарласан хэдий ч зарим гишүүдийн зүгээс ээлжит бус чуулганыг зарлуулах саналыг тавьж байсан юм. Нэр бүхий гишүүд чуулганы ирцийг бүрдүүлэхгүй гацаасан хугацаанд хуралдаа идэвхитэй оролцож байсан О.Баасанхүү нарын гишүүд “Намрын чуулганы хугацаанд хуралдаандаа идэвхтэй сууж, төрийг гацаахгүй байхыг хурал тасалсан гишүүд болон эрх баригч хүчинд санал тавьж байсан. Тиймээс чуулганы завсарлагааны хугацаанд тойрогтоо ажиллаж, хэрэгжүүлэх ажил их. Та бүхэн төрийг гацаагаад албан тушаалын төлөө шөнө дөлөөр хуралдахад ч ирц бүрдүүлж, хуралдаандаа оролцсон. Ээлжит бус чуулганыг хуралдуулахын эсрэг саналтай байна” гэсэн байр сууриа илэрхийлж байсан. Гэсэн хэдий ч УИХ-ын дарга захирамж гаргавал гишүүд ээлжит бус чуулганд оролцохоос үүрэгтэй.
УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын даргын зөвлөлийн хурал дээр “Чуулган завсарлалаа гээд УИХ, гишүүд амрахгүй. УИХ бол байнгын ажиллагаатай парламент. Ард түмнээсээ мандат авсан гишүүд ард түмэнтэйгээ уулзаж, ойрын үед УИХ-аар авч хэлэлцэх, шийдвэрлэвэл зохих тулгамдсан асуудлуудаар санал бодлыг нь сонсох ёстой. Судалгаагаар Улсын Их Хурлын нэр хүнд тааруу байгааг нуух хэрэггүй. Шинэчлэл зайлшгүй гэж үзэж байна. Ингэж байж парламентад итгэх ард түмний итгэл сэргэнэ. УИХ-ын чуулганы хуралдаан хэрүүлийн танхим, популизмын талбар байх учиргүй. Тиймээс УИХ-ын тухай болон УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах нь зөв гэж бодож байгаа. Асуудлыг дэлхийн улс орнуудын парламентын жишигт нийцүүлж, нотолгоонд суурилсан мэтгэлцээн өрнүүлдэг, хууль тогтоодог процедурыг сайн судлах хэрэгтэй байна. Энэ зорилгоор УИХ-ын Тамгын газар судалгаа, дүгнэлт гаргах, дээрх хуулиудад өөрчлөлт оруулах Ажлын хэсгийг УИХ-аас байгуулж ажиллах шаардлагатай байна” хэмээн үүрэгдсэн байна.
Ингэхдээ ирэх хаврын чуулган, ээлжит бус чуулганд бэлтгэж, хэлэлцэх асуудлыг төлөвлөн гаргахыг мөн даалгасан байна.
Ийнхүү үүргээ биелүүлээгүй өнгөрсөн намрын чуулган, энэ хавар УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулснаар үргэлжилэх нь. Төр түвшин, түмэн олон амгалан байг.
Н.Энхбат