Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт /2025.03.19/ Туркийн албан тушаалтнууд Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы гол өрсөлдөгч болох Истанбулын амбан захирагч Экрем Имамоглуг авлигын хэргээр баривчилсан. Түүнийг баривчилснаас хойш Турк даяар эсэргүүцлийн жагсаал явагдаж байгаа юм. Тэгвэл Эрдоган даваа гарагт /2025.03.24/ мэдэгдэл хийхдээ жагсаал цуглаан хүчирхийллийн хөдөлгөөн болсон хэмээн гэмтсэн цагдаа, эд хөрөнгийн хохирлын хариуцлагыг сөрөг хүчний нам үүрнэ гэжээ.
Эрх баригчид жагсаал цуглааныг зогсоохын тулд цуглахыг хориглосон ч иргэд эсэргүүцлээ илэрхийлсээр байгаа юм. Туркийн Дотоод хэргийн яам Али Йерликая Х платформ дээр бичихдээ “Гуравдугаар сарын 19-нөөс гуравдугаар сарын 23-ны хооронд хууль бус үйл ажиллагаа үйлдсэн 1,133 хүнийг баривчилсан” гэжээ. Имамоглугийн Бүгд найрамдах ардын нам (CHP) болон дэмжигчид нь түүнийг баривчилсан явдал улс төрийн зорилготой, ардчилсан бус хэмээж байгаа юм.
Имамоглу ирэх 2028 онд болох ерөнхийлөгчийн сонгуульд “CHP” намаас нэр дэвшигчээр сонгогдохоосоо хэдхэн өдрийн өмнө баривчлагдсан. Туркийн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийн тулд нэр дэвшигч их сургуулийн дипломатай байх ёстой. Тэгвэл түүнийг баривчилсны дараа Истанбулын их сургууль Имамоглугийн дипломыг хүчингүй болгосон байна. Имамоглу уг шийдвэрийн эсрэг шүүхэд хандахаа мэдэгдсэн байгаа.