Батганы асуудал өсвөр насныхны ойролцоогоор 85 хувьд тохиолддог. Тэгвэл эрдэмтэд батга үүсэхэд нөлөөлдөг бактерын уургийг онилж, үрэвслийг бууруулах вакцин боловсруулахаар ажиллаж байна.
Батга нь үсний уутанцар болон тосны булчирхайн үрэвсэлт эмгэг бөгөөд ихэвчлэн нүүр, цээж, мөр, нурууны хэсэгт гардаг. "Cutibacterium acnes" буюу "C. acnes" бактер нь батга үүсэхэд голчлон нөлөөлдөг. Энэ бактер нь эрүүл арьсан дээр хэвийн байдаг ч зарим омог нь үрэвсэл үүсгэх бодис ялгаруулж, улайсан, өвдөлттэй батга гарахад хүргэдэг.
Орчин цагт батганы эмчилгээнд тос, антибиотик, ретиноид зэргийг хэрэглэдэг. Гэсэн ч эдгээр нь тогтмол хэрэглээ шаардагдах, гаж нөлөө үзүүлэх зэрэг сөрөг талуудтай.
Тиймээс удаан хугацаанд үр нөлөөгөө үзүүлэх вакцин зохион бүтээхээр эрдэмтэд ажиллаж байгаа аж. Энэ хүрээнд "C. acnes" бактерын "CAMP2" уургийг судалж байна. 2018 онд "CAMP2" уургийг онилон туршилт хийж үзэхэд хулгана болон хүний эдийн загварт үрэвслийг бууруулсан бол 2023 оны судалгаагаар "HylA" ферментийг онилсон вакцин хулганад батгатай төстэй үрэвслийг багасгасан байна.
"Sanofi" эмийн компани "CAMP2" уургийг онилон "mRNA" технологид суурилсан батганы вакциныг туршиж байна. Туршилтын эхний шатанд 18-45 насны хүмүүсийг хамруулж байгаа бөгөөд нэг судалгаанд дунд болон хүнд хэлбэрийн батгатай 800 хүн, нөгөөд нь хөнгөн хэлбэрийн батгатай 228 хүн оролцох болжээ. Мөн энэ туршилт нь батганаас урьдчилан сэргийлэхэд бус нэгэнт гарсан батгыг эмчлэхэд төвлөрч байна.









































