Өвөр Монголын Ордос хотод байрлах Хятадын “Жүнчэ” группийн Мэнши үйлдвэрт очиход салхин турбины далбааны зуу гаруй метр урт хэвнүүд эгнэн жагсжээ. Хэвний хоёр талаар хэдэн арван ажилчин завгүй ажиллана. “Өмнө нь бид хэдхэн арван метр урт далбаа үйлдвэрлэдэг байсан бол одоо зуу гаруй метр урт далбаа үйлдвэрлэх боломжтой болсон. Далбаа урт байх тусам салхины хүчийг илүү сайн ашиглана” хэмээн ажлын талбайн хариуцагч хэлэв. Түүний мэдээлснээр, Мэнши үйлдвэр нь “Жүнчэ” группийн улсын хэмжээнд байгуулсан 10 баазын хамгийн том нь бөгөөд энэ оны эхний хагаст 400 гаруй иж бүрдэл үйлдвэрлэв.
Салхин турбины далбаа улам томорч буй нь Өвөр Монголын үйлдвэрлэлийн салбар “нүүрс олборлож, нүүрс борлуулах”-аас “тоног төхөөрөмж үйлдвэрлэж, үйлчилгээ нийлүүлэх” чиглэлд шилжиж буйн нэгэн илрэл юм. Өвөр Монгол өөрийн нөөц баялгийн давуу тал, стратегийн байр сууриа түшиглэн уламжлалт эрчим хүчний үйлдвэрлэлийн гинжин хэлхээг дараа шатны боловсруулалт хүртэл өргөжүүлэхийн зэрэгцээ шинэ эрчим хүчний ашиглалт, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийг уялдуулан хөгжүүлж байна. Уламжлалт эрчим хүчний нөөцийг бүрэн ашиглаж, шинэ эрчим хүчний салбарыг эрчимтэй хөгжүүлснээр олон төрлийн эрчим хүч харилцан нөхөх, олон салбар зэрэг хөгжих, олон тулгуурт, төрөлжсөн үйлдвэрлэлийн бүтцийг бүрдүүлж байна.
Нүүрсийг гүн боловсруулж, уламжлалт эрчим хүчний үйлдвэрлэлийн өртгийн сүлжээг өргөжүүлж байна.Өвөр Монгол нүүрс-химийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд анхаарч байна. Өвөр Монгол нүүрсийг зүгээр шатааж дуусгах бус, химийн аргаар боловсруулан үнэ цэнтэй түүхий эд, цаашлаад үйлдвэрлэлийн материал болгох замаар нүүрс-химийн үйлдвэрлэлийг өндөр түвшний, төрөлжсөн, ногоон хөгжилд чиглүүлж байна.
Зураг: Өвөр Монголын Ордос хотын Зунгар хошууны Далү аж үйлдвэрийн паркт байрлах нүүрс-химийн үйлдвэрийн хэсэг.Зургийг Лянь Жэнь
“ Гүөнэн” группийн Ордос дахь нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэх салбарт нүүрсний нунтаг түүхий эдийг 20 гаруй цагийн дотор нафта, онгоцны түлш зэрэг чансаатай нефтийн бүтээгдэхүүн болгон хувиргаж байна. “Баофэн” компанийн нүүрсэн суурьт шинэ материалын үйлдвэрт жилд 3 сая тонн олефин үйлдвэрлэх хүчин чадалтай төсөл бүрэн ачаалалтай ажиллаж, хоногт 9000 тонн полиолефин үйлдвэрлэж байна. Харин Зунгар хошууны эдийн засгийн хөгжлийн бүсэд нүүрсийг химийн боловсруулалтаар хий, шингэн болон хатуу материал болгон хувиргаж, нүдний шилний хүрээ, хувцас зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглаж байна.Үр ашгийг нь тооцоолж үзэвэл, 5–6 тонн нүүрсээр нэг тонн олефин үйлдвэрлэхэд 2000–3000 орчим юанийн өртөг гардаг бөгөөд борлуулах үнэ нь 8000 орчим юаньд хүрдэг байна. Харин өндөр нүүрстөрөгчтэй спирт болгон хувиргавал 1 тонныг 10–20 мянган юаниар борлуулах боломжтой ажээ.Боловсруулах арга зам өөр байх тусам бий болгох үнэ цэнийн ялгаа их байдаг.
Зарим аж ахуйн нэгж хаягдлыг баялаг болгон хувиргах шинэ арга зам эрэлхийлж байна. Тухайлбал, энэ онд Зунгар хошуунд барилгын ажлыг нь эхлүүлсэн жилд 2 сая тонн цахиур-хөнгөнцагааны хайлш үйлдвэрлэх төсөл нь хөнгөнцагааны агууламж өндөртэй нүүрсний хаягдал чулуу, нүүрсний үнсийг түүхий эд болгон ашиглаж, өмнө нь булж зайлуулдаг байсан хатуу хаягдлыг дахин боловсруулан үнэ цэнтэй бүтээгдэхүүн болгоно.
Өдгөө Өвөр Монгол орчин үеийн нүүрс-химийн үйлдвэрлэлийн салбарт улсын хэмжээнд үйлдвэрлэлийн төрөл хамгийн бүрэн, үйлдвэрлэлийн гинжин хэлхээ хамгийн урт, технологийн түвшин хамгийн өндөр цогцолборыг бүрдүүлж байна. Нүүрснээс хий, олефин, метанол үйлдвэрлэх хүчин чадал улсын хэмжээнд нэгдүгээрт, нүүрснээс шингэн түлш болон этиленгликол үйлдвэрлэх хүчин чадал хоёрдугаарт жагсаж байна. Мөн орчин үеийн нүүрс-химийн үйлдвэрлэлийн цогцолбор нь улсын дэвшилтэт үйлдвэрлэлийн кластерын жагсаалтад багтжээ.
“Орчин үеийн эрчим хүчний эдийн засгийг эрчимтэй хөгжүүлж, улсын хэмжээний чухал эрчим хүч, стратегийн нөөцийн бааз байгуулах нь Өвөр Монголын чансаатай хөгжлийг ахиулах бодит шаардлага юм” гэж Өвөр Монголын Нүүрсний аж үйлдвэрийн холбооны дарга Лю Жинь хэлэв.
2023 онд Өвөр Монгол “Шинэ эрчим хүчийг хоёр дахин нэмэгдүүлэх үйл ажиллагааны хэрэгжилтийн төлөвлөгөө”-г баталжээ. Уг төлөвлөгөөнд 2022 оныг суурь он болгон авч, баригдахаар төлөвлөсөн болон барилгын шатанд буй төслүүдийг аль болох эрт цахилгаан сүлжээнд холбох, муж хооронд болон бүс хооронд дамжуулах шинэ эрчим хүчний хэмжээг нэмэгдүүлэх, эрчим хүчний системийн тохируулга хийх чадавхыг сайжруулах зэрэг арга хэмжээ авч, 2025 он гэхэд шинэ эрчим хүчний цар хүрээ, чанар, эдийн засагт үзүүлэх үр өгөөжийг тус бүр хоёр дахин нэмэгдүүлэх зорилт дэвшүүлсэн байна.
2026 онд Өвөр Монгол “хэмжээг нэмэгдүүлж, чанарыг сайжруулах, найдвартай орлуулалт хийх” зорилтоо улам тодорхой болгож, шинээр 30 сая киловаттын хүчин чадалтай шинэ эрчим хүчний төслийг цахилгаан сүлжээнд холбохоор төлөвлөжээ. Ингэснээр шинэ эрчим хүчний суурилагдсан нийт хүчин чадал 200 сая киловаттаас давах аж.
Өвөр Монгол шинэ эрчим хүчийг ашиглан хөгжүүлэх төлөвлөлтөд “салхи, нарны эрчим хүчийг зэрэг хөгжүүлж, устөрөгч болон эрчим хүчний хуримтлалыг уялдуулан ашиглах” зарчмыг баримталж байна. Ялангуяа элсэн цөл, говь, эзгүй хээрийн бүсэд тус бүр 10 сая киловаттын хүчин чадалтай томоохон салхи, нарны эрчим хүчний бааз байгуулахыг тэргүүлэх чиглэл болгожээ. Урьд нь элсэн шуурга, салхи ихтэй байсан говь, цөлүүд өдгөө ногоон цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх өргөн уудам бүс болон хувирч байна.
Энэ оны 7-р сард Ордос хотод байрлах “Хуанэн” компанийн Хөвчийн цөлд байгуулах 10 сая киловаттын хүчин чадалтай, элсэн цөл, говь, эзгүй хээрийн бүсийг цогцоор хөгжүүлэх эрчим хүчний баазын төслийн барилгын ажил албан ёсоор эхэлжээ. Тус бааз нь цөлийн салхи, нарны нөөцийг ашиглан салхин цахилгаан станц, нарны цахилгаан станц, эрчим хүч хуримтлуулах байгууламж барихын зэрэгцээ нүүрсээр ажилладаг цахилгаан станцын хүчин чадлыг дагалдуулан хөгжүүлэх юм. Нийт суурилагдсан хүчин чадал нь 15.14 сая киловатт байхаар төлөвлөжээ. Мөн Өвөр Монголын баруун хэсгээс Хятадын зүүн хэсгийн Шанхай хот хүртэл өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам байгуулж, цэвэр эрчим хүчийг их хэмжээгээр алслагдсан бүсүүдэд нийлүүлэх юм.
Өнөөдрийн байдлаар Өвөр Монголд элсэн цөл, говь, эзгүй хээрийн бүсэд байгуулах томоохон салхи, нарны эрчим хүчний зургаан баазын төсөл батлагдаж, нийт 72 сая киловаттын суурилагдсан хүчин чадалтай шинэ эрчим хүчний үйлдвэрлэл хөгжүүлэхээр төлөвлөжээ. Эдгээр бааз бүрэн ашиглалтад орсноор жил бүр Хятадын хойд, зүүн болон төвийн бүсэд 216 тэрбум киловатт-цаг цахилгаан эрчим хүч нийлүүлнэ. Үүний 60 орчим хувийг ногоон цахилгаан эрчим хүч эзлэх ажээ.Ингэснээр жил бүр 38.4 сая тонн орчим стандарт нүүрсний хэрэглээг хэмнэж, нүүрсхүчлийн хийн ялгарлыг бараг 100 сая тонноор бууруулахын зэрэгцээ эрчим хүчний бүтцийн ногоон руу шилжилтийг ахиулж, сая гаруй му буюу 66667 га талбайн цөлжилтөд өртсөн газрыг нөхөн сэргээхэд хувь нэмэр оруулах юм.
Өвөр Монголын Эрчим хүчний газрын намын удирдах багийн гишүүн Ли Цюаньвэйгийн хэлснээр, Өвөр Монголд салхины эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 100 сая киловаттаас түрүүлж давсан бөгөөд шинэ эрчим хүчний нийт суурилагдсан хүчин чадал 170 сая киловаттаас давжээ. Шинэ эрчим хүчний үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний хэмжээ 279.1 тэрбум киловатт-цагт хүрч, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээний эзлэх жин 35 хувьд хүрсэн байна. Мөн Өвөр Монголын нийт цахилгаан эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 300 сая киловаттаас давжээ.
“Салхи, нар, устөрөгч, хуримтлал”-ын дөрвөн үйлдвэрлэлийн кластерыг бэхжүүлж,шинэ эрчим хүчийг их хэмжээгээр ашиглах нь тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн салбарт өргөн зах зээл нээж байна.Үүнд салхин эрчим хүчний тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн бүхэл бүтэн гинжин хэлхээг бэхжүүлэх, цахиур–поликристалл, цахиур–монокристалл, цахиур–нарны зайн элемент–нарны хавтан гэсэн үйлдвэрлэлийн гинжин хэлхээг боловсронгуй болгох, өөрийн хяналтад байлгаж болох устөрөгчийн эрчим хүчний бүрэн гинжин хэлхээг бий болгох, шинэ төрлийн эрчим хүч хуримтлуулах технологи, тоног төхөөрөмжийг урьдчилан төлөвлөн хөгжүүлэх зэрэг чиглэл багтаж байна.
Бугат хотын “Минян” шинэ эрчим хүчний ухаалаг үйлдвэрлэлийн цехэд очиход нүүрстөрөгчийн болон шилэн ширхэгт материалыг хослуулсан салхин турбины далбаа үйлдвэрлэх зургаан шугам бүрэн хүчин чадлаараа ажиллаж байв. Элсэн цөл, говийн томоохон эрчим хүчний баазууд болон хүйтэн, салхи шуургатай орчинд ашиглах зориулалттай, өндөр хүчин чадлын салхин турбинууд ээлж дараалан үйлдвэрлэлийн шугамаас гарч байна.
Бугат хот улсын хэмжээнд чухал байр суурь эзлэх хуурай газрын салхин эрчим хүчний тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн бааз байгуулахад анхаарч, үйлдвэрлэлийн гинжин хэлхээний 57 аж ахуйн нэгжийг нэгтгэжээ. Эдгээр нь салхин турбины үндсэн төхөөрөмж, далбаа, цамхаг, хурдны хайрцаг, генератор зэрэг гол бүрэлдэхүүн хэсгийг үйлдвэрлэдэг бөгөөд орон нутагт үйлдвэрлэсэн эд ангийн эзлэх хувь 85 хувьд хүрсэн байна.Өнөөдрийн Өвөр Монголоос зөвхөн нүүрс, цахилгаан, хий нийлүүлдэг үе ард хоцорчээ. Салхин турбины далбаа, нарны хавтан, электролизийн төхөөрөмж зэрэг шинэ эрчим хүчний тоног төхөөрөмж ч зах зээлд тасралтгүй нийлүүлэгдэж байна.











































