Малчдын ноолуураа самнадаг улирал айсуй. Зүүн аймгийн малчид бүс нутгийн онцлогоос хамаарч ямаагаа эрт самнадаг уламжлалтай. Тэгвэл ноолуурын ханш ямар байгаа талаар болон олон улсын банкуудын хямралын талаар энэ удаагийн дугаартаа тоймлож байна.
НООЛУУР ДОРНОГОВЬД ХЯМД, СҮХБААТАР АЙМАГТ ҮНЭТЭЙ БАЙНА
Түүнийг Ч.Даваагэрэл гэдэг. Дорноговь аймгийн Даланжаргалан сумын малчин. Ч.Даваагэрэл өнгөрсөн долоо хоногоос ямаагаа самнаж эхэлжээ. Суманд нь ноолуурын ханш 135 мянган төгрөгийн үнэтэй байгаа бол зэргэлдээх Айраг суманд 150 мянган төгрөгийн үнэтэй байгаа аж. Энэ тухай тэрбээр “Энэ жил ноолуурын ханш хямд байна. Өнгөрсөн жил 160-180 мянгаар авч байсан. Энэ жил 135 мянган төгрөг байна. Цаашид үнэ өсөх сураг гарч байна” гэв. Тэгвэл тус сумтай залгаа Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд 150 мянган төгрөгөөр ноолуур авч байгааг ченж Т.Ариунаа хэлсэн юм. Тэрбээр “Ноолуурын ханш хэлбэлзэлтэй байна. Өдөр бүр өөр өөр ханштай байна. Өнөөдөр 150 мянган төгрөгөөр авч байна. Харин маргаашаас яг ханш тогтвортой тодорхой болно” гэв. Харин Сүхбаатар аймагт сумаасаа хамаараад өөр өөр үнэтэй байгаа бөгөөд 150-170 мянгын хооронд байгааг эх сурвалж хэллээ.
ЗАРИМ АЙМАГТ НООЛУУРЫН ДУУДЛАГА ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛНА
Хөдөө аж ахуйн бирж аймгуудад ноолуурын дуудлага худалдаа зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ дагуу түрүүлж ноолуураа самнадаг зүүн бүсийн аймгуудад дуудлага худалдаа хийхэд бэлэн болсон байна. Тодруулбал, Дорнод аймагт гуравдугаар сарын 27, 29, 31-нд, Хэнтий аймагт гуравдугаар сарын 27-31-нд, Сүхбаатар аймагт дөрөвдүгээр сарын 3, 5, 7-нд зохион байгуулахаар товложээ. Дуудлага худалдааны товыг тогтоохдоо тухайн аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газар болон аймгийн Засаг даргын тамгын газруудтай зөвшилцсөн байна.
Нэг аймагт дунджаар тав хоногийн хугацаанд 2-3 удаагийн давтамжтай дуудлага худалдаа зохион байгуулах аж.
Эдгээр дуудлага худалдаа нь малчид, хоршоод, түүхий эд бэлтгэн нийлүүлэгч гээд сонирхсон бүх хүнд нээлттэй бөгөөд Хөдөө аж ахуйн биржийн ноолуурын дуудлага худалдааны журмын дагуу явагдах юм байна. Худалдан авагч этгээд нь дуудлага худалдаанд оролцохдоо арилжаа эхлэхээс өмнө бүртгэл хийлгэн, биржийн клирингийн дансанд нэг сая төгрөгийн дэнчин байршуулж, баталгаажуулалтаа хийх ажээ. Ийнхүү төлбөр байршуулах нь дуудлага худалдааг санаатайгаар амжилтгүй болгох эрсдлээс хамгаалж буй юм. Дуудлага худалдаанд оролцох ноолуурын доод хэмжээ 500 кг байх бөгөөд худалдагч этгээд дуудлага худалдаа эхлэхээс нэг цагийн өмнө биржийн агуулахад ноолуураа байршуулсан байх шаардлагатай ажээ. Мөн нэг айл өрхийн ноолуурын хэмжээ дуудлага худалдаанд оролцох доод хэмжээнд хүрэхгүй бол малчид хоорондоо хоршиж, хамтарч оролцох боломжтой юм байна. Ийнхүү малчид заавал ченжүүдэд ноолуураа зарах бус дуудлага худалдаагаар дамжуулан үнэ хүргэх боломж байгааг ч салбар яамнаас онцолж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин