НЬЮ-ЙОРК. /CNN/.Мексиктэй залгаа хилийн дагуу онцгой байдал тогтоох, тэнд хана барихад зарцуулах 7 тэрбум ам.долларыг Конгрессоос зөвшөөрөл авалгүйгээр олгох тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын албан ёсны мэдэгдлийн төслийг Цагаан ордон бэлтгэж байгаа тухай телевизийн “CNN” суваг мэдээлжээ.
Тус телевизийн мэдээлж байгаагаар, Холбооны Засгийн газрын үйл ажиллагааг сэргээж, түр зогсолтыг дуусгавар болгох асуудлаар Конгресс болон Цагаан ордон зөвшилцөлд хүрэхийг оролдож байх зуур төрийн тэргүүн бүрэн эрхээ ашиглан, Мексиктэй залгаа хилийн дагуу хана барихыг тушааж болзошгүйг үгүйсгэхгүй байна.Түүнчлэн Д.Трампын засаг захиргаа хууль тогтоогчдын зөвшөөрөлгүйгээр хүссэн зорилгодоо хүрэх Б төлөвлөгөөндөө оржээ гэж “CNN” телевиз мэдээлсэн байна.
Төсвийн хямралыг зогсоох, Холбооны Засгийн газрын үйл ажиллагааг сэргээхийг тусгасан хоёр хуулийн төслийг Сенатын танхим өнгөрсөн пүрэв гарагт хэлэлцжээ. Эхнийх нь хана босгоход зориулж 5,7 тэрбум ам.долларыг олгосноор Засгийн газрын үйл ажиллагааг сэргээхийг заасан бүгд найрамдахчуудын хувилбар бол хоёр дахь нь ийм хэмжээний мөнгө гаргахгүй байхыг тусгасан Ардчилсан намынхны хувилбар байжээ. Сенатад явуулсан санал хураалтад хоёр хувилбар хоёулаа хангалттай тооны дэмжлэг аваагүй байна.