Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах хүрээнд замын хөдөлгөөнийг нэгдсэн зохион байгуулалтад оруулах зорилгоор тээврийн хэрэгслүүдэд цахим гэрчилгээ олгож эхэллээ. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Цахим хөгжил, мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг дараах тайлбарыг өгчээ.
-Тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ олгох ажил ямар шатандаа явж байна вэ?
-Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн удирдлага цогц арга хэмжээ авч байгаа. Энэ хүрээнд хийж буй нэг томоохон ажил бол нийслэлийн зорчих хөдөлгөөнийг зохион байгуулах нэгдсэн тогтолцоо юм. Үүнд зөвхөн RFID бус, камер, зогсоолын ухаалаг систем, товчоод, төлбөр тооцооны цахим систем зэрэг системүүд багтаж байна. Өнөөдөр буюу гуравдугаар сарын 01-нээс эхний ээлжинд төрийн өмчийн болон нийтийн тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ олгож эхэллээ.
-Нийт хэдэн тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ олгох вэ? Энэ ажил хэр хугацаанд үргэлжлэх вэ?
-Гуравдугаар сарын 01-ний байдлаар мэдээллийн санд бүртгэлтэй байгаа бүх тээврийн хэрэгсэлд зургаадугаар сарын 01 гэхэд олгож дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.
-Цахим гэрчилгээ олгосноор ямар давуу тал гарах вэ. Үүний тусламжтайгаар юу хийх боломжтой вэ?
-RFID технологийг дэлхийн хотууд 20-30 жилийн өмнөөс ашиглаж эхэлсэн. Уг технологийг зорчих хөдөлгөөнийг зохион байгуулах, хяналт тавих, түгжрэлийг бууруулахад ашигладаг. Иргэд нээлттэй мэдээ мэдээллийг авч, тухайн цаг хугацаанд замын хөдөлгөөний ямар байгааг харж болно. Түүнчлэн яг тухайн үед хаалттай байгаа болон осол аваар гарсан зам, нийтийн тээврийн зогсоолууд зэрэг зам тээврийн бүхий л мэдээллийг харах боломжтой. Энэ хүрээнд иргэдэд зориулсан Yandex, Google гэх мэт олон улсын систем шиг веб хувилбаруудыг бид мөн нэвтрүүлж байгаа. Цахим гэрчилгээг олгосноор тус ухаалаг систем ажиллаж эхлэх юм.
-Цахим гэрчилгээгээр дамжуулан иргэдийн хувийн мэдээллийг авах гэж байна гэсэн мэдээлэл олон нийтийн дунд гарч байна. Энэ үндэслэлтэй юу?
-Цахим гэрчилгээ нь иргэдтэй холбоотой мэдээллийг цуглуулахгүй, тухайн иргэнд бус зөвхөн тээврийн хэрэгсэлд суурилуулах, радио давтамжаар ажиллах төхөөрөмж юм. Иймд дуу болон дүрс дамжуулахгүй, тээврийн хэрэгсэлд хэн сууж явааг мэдэх боломжгүй.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН