Оргилын Ганбаатар ахмад настнуудад боов тараав. Санаж байгаа бол өнгөрсөн жил шинэ залуу, өөр үеийнхэн хэмээн олноороо найдан харж асан Булгантуяа, Учрал нарын залуус өөрсдийнхөө зургийг зурхайн номон дээр хэвлээд боов чихэр дагалдуулаад дээлтэй болгонд тарааж, дэлбэ авсан.
Аав ээж шигээ хүмүүст хэдэн боов өгч болохгүй юу гэж ирээд боргож өөрсдийгөө өмгөөлсөн. Энэ жилийн боовны аян шинэхэн сайд Оргилын Ганбаатараас эхэллээ. Ингэхэд энэ Ганбаатар "Төмөр замтай боллоо, одоо л Монгол Улс нүүрсээ гаргаж гадаад өрнөөсөө салах нь" гэсэн эдийн засагчдын өмнөөс "Тийм их нүүрс гаргаад байж болох юм уу" гээд хөлс нь цутгаад хөөрхөн сандарч суусан гээд бод доо.
Тэгсэн хэрнээ Уул уурхайн яамны сайд. Ийм л тавиал, бариул маягийн нөхөд энэ улсын нарийн мэргэжил шаарддаг гол салбаруудаар тоглоод байхаар хөгжил гэдгийг мөрөөдөөд ч хэрэггүй болж байгаа юм. За тэгсэн Баянзүрх дүүргийнхний ИТХ-даа сонгосон Болдын Дэмбэрэл гэж орчин цагийн улс төр мөрөөдөгчдийн овоо мутацлагдсан хувилбар боов тараадаг нөхдөө өмөөрөөд "Залуус атаархах хэрэггүй, хүлээж байгаад хөгшрөхөөрөө боов ав, аяндаа чамд өгнө" гээд дэмбэрэлтээд эхэлсэн.
"Чанасан хурдан адууны мах ч сайхан даа" гэхчлэн баярхдаг энэ мэтийн гахай явдалтай, нохой суудалтай залуус хот хөдөөгийн эрлийз, өнгөрсөн ба одоогийн хурлийз болж нийгмээ нэртэйгээ хутгаад байгаа юм шүү дээ. Яаж боов тараадаг гишүүдээсээ салж, боов чихрээр саналаа өгдөг нэгэн үеийнхнээсээ ангижрах вэ гээд алаан болж байхад энэ мэтийн дээшээ долоож, доошоо доромжилж суудаг газар дундын хачиг шиг нөхөд нөмрөөд ороод ирэхээр чухам яах ёстойг бурхан л мэдэх байх.
Дэлбэрэлтдэг бүхэл бүтэн арми байгаа гээд бодохоор бүүр аймшигтай. Хөдөө гарахаараа дээл өмсөөд хөөрөг бариад, хазгай мурий морь мал яриад явж өгнө. Хотод орж ирэхээрээ гүзээн дээгүүрээ гүрийтэл хүрмээ товчлоод, селфи хусаад, асуудал болгон руу орж ам хамраа мэдэхгүй шүлсээ үсэргээд, боов тараасаар байгаад 2024 онд сонгогдоно гээд гүнээ итгэчихсэн гүүний саам шиг халбилзсан нөхөд МАН-д мангар олон. Тэр тэнэг боов нь улсын үнэтэй, төрийн хэмжүүртэй болчихоод байгааг мэддэггүй юм уу, эсвэл мэдсэн ч нийгмийн мэдрэлээр наадаж хутган үймүүлэх үүрэгтэй юм уу.
Гишүүн, сайд энэ тэр мөрөөдөөд мөнчгөрөө тойруулж магтаал овоолоод, гахай явдлаар гэдсээ чирээд, нохой суудлаар амбицаа чирээд аахилж яваа жишээ олон шүү дээ. Тэдэнд бол энэ улс, энэ нийгэм "Алиса үлгэрийн оронд" аятай болоод байх шиг байгаа юм. Үгүй дээ, гүзээхэн минь, хэвийн боов, хэвлэмэл зурхай, хээтэй хадагаар зардаг улс орон алга даа.
Хөгшрөхөөрөө хэвийн боов бэлгэнд авна гэж мөрөөдөөд хөөрөөд гүйх юм уу? Хүнд суртлаас нь төвөгшөөгөөд Халамжаас хүүхдийн байтугай жирэмсний, төрсний мөнгө ч авч үзээгүй хүүхэн энд байна, тэгээд яах юм, тээглээд үхэх үү? МАН энэ шинэ үеийн гахай явдалтай, нохой суудалтай, бяцхан баярхуу, өчүүхэн үнэрхүү залуусаа цэвэрлэхгүй бол намаараа гудамжинд лааз өшиглөх нь дээ. Цаг үе өөрчлөгдөж, залуус урагшилж, та нар амбиц авлига хоёроо даахгүй тэртээ ард тээглэж үлдчихээд байна!