Таарамжгүй харилцааны улмаас дур зоргоор баривчилж, саатуулж, хорьж болохгүй


Эрүүгийн хэргийн мөрдөгч С, түүний мөрдөж байсан хэрэгт өмгөөлөгчөөр ажиллаж байсан А нар хэрэгт хүсэлт гаргах асуудлаар санал зөрөлдөж, цагдаагийн хэлтсийн байранд маргалдах үед мөрдөгч нь өмгөөлөгчийг “архи үнэртүүлж маргасан” гэх шалтгаанаар биечлэн чиглэл, тушаал өгч албадан эрүүлжүүлжээ.
Анхан шатны шүүх С-ыг Эрүүгийн хуулийн 13.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж хүний эрх чөлөөнд халдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцжээ.
Харин давж заалдах шатны шүүх согтуурлын зэргээ шалгуулахаас зайлсхийсэн А-ыг цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн, саад учруулсан тул шаардлагыг албадан гүйцэтгэсэн, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зөрчил гаргасан этгээдийг согтолтын хэмжээ хамаарахгүй эрүүлжүүлэх байранд хүргэх хэм хэмжээг хэрэгжүүлж хуулийн дагуу ажилласан гэж үзэж, С-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
Дээд шүүхэд прокурор эсэргүүцэл, хохирогч гомдол гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч “хууль бусаар баривчлах, саатуулах гэмт хэрэгт хууль тогтоомж зөрчиж, эрүүлжүүлсэн үйлдэл хамаарахгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийг магадлалыг дэмжиж байна” гэжээ.
Хяналтын шатны шүүх давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох замаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхдээ дараах дүгнэлтийг хийсэн байна.
Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд  өөрийн үйлдлийг удирдан хянах чадваргүй болтлоо согтсоны улмаас хаана байгаагаа болон очих газраа мэдэхгүй болсон, гудамж талбай, олон нийтийн газар ухаангүй унасан, энэ байдлаас болж өөрөө осол гэмтэл, гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй болсон этгээдийг эрүүлжүүлэх байранд хүргэхээр заасан тул А-д холбогдуулан зөвхөн согтуурсан үндэслэлээр албадан эрүүлжүүлэх ажиллагааг явуулах үндэслэл үгүйсгэгдэж байсан. Харин А нь согтуурахын зэрэгцээ гэмт хэрэг, зөрчилд холбогдсон бол Цагдаагийн албаны тухай хуульд зааснаар урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор цагдаагийн албан хаагч шаардлага тавьж улмаар биелүүлээгүй эсэргүүцсэн бол албадан гүйцэтгэхээс гадна зөрчлийг нотлох баримт бүрдүүлэх зорилгоор согтолт харгалзахгүй эрүүлжүүлэх байранд хүргэж болох журамтай.
Согтууруулах ундаа хэрэглэсэн гэмт хэрэг, зөрчилд холбогдсон этгээдийг нотлох баримт бүрдүүлэх, холбогдсон хэрэг, зөрчлийн талаар тайлбар авах зорилгоор эрүүлжүүлж буй нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг хамгаалах, тусламж үзүүлэх зорилгоор эрүүлжүүлэх үйл ажиллагаанаас ялгаатай. Тиймээс согтолтын зэрэг харгалзахгүй эрүүлжүүлэх байранд хүлээн авах ба ингэснээр хэрэг, зөрчилд холбогдсон этгээдийг саатуулах ажиллагаа эхэлсэн гэж үздэг. Тухайн тохиолдолд А-ын гэмт хэрэг, зөрчил үйлдсэн нь цагдаагийн албан хаагчийн зүгээс дээрх албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх үндэслэл болох ёстой байсан.
Хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар энэ хэргийн шүүгдэгч С-ын мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан эрүүгийн хэрэгт А нь  хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан. Нотлох баримт гаргуулах тухай хүсэлт гаргах асуудлаар санал зөрж, ажил хэргийн шинжтэй маргаан үүсгэснийг шаардлага эсэргүүцсэн гэж мөрдөгч С үзэж, албан тушаалын давуу байдлаа ашиглан А-ыг албадан эрүүлжүүлэх чиглэл, тушаалыг биечлэн өгч эрх чөлөөнд нь халдан саатуулсан байна.
Хэргийн сэдэлт, зорилгыг гэмт хэрэг үйлдэгчийн үг, биеийн хэлэмжээс гадна үйлдлийн дараалал, шинж чанарыг үр дагавар, түүнд хүрсэн цаг хугацаанд харьцуулан дүгнэх замаар тогтоож болох тул прокурорын эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэд дурдсанаар С нь А-ыг  “бусдын эрх ашгийг хамгаалж цагдаагийн албан хаагчид шаардлага тавьсны төлөө ...  зөрчил үйлдсэн хэмээн дүгнэж, эрх чөлөөнд нь халдаж, эрүүлжүүлэх байранд хүргэх, [хожим] гаргах бүхий л үйл ажиллагааг удирдан явуулсан” гэж үзэх бүрэн үндэстэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.9 дүгээр зүйлээр Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасан хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг баталгаажуулан хамгаалсан тул хууль бусаар баривчлах, саатуулах зэргээр хүний эрх чөлөөг орон зай, цаг хугацаанд хязгаарласан аливаа үйлдлүүд нь  эрүүгийн эрх зүйн энэ хоригт хамаарна гэж үзнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмаас гадуур, тухайлбал хувийн болон албаны сэдэлттэй таарамжгүй харилцааны улмаас үзэмжээр, дур зоргоор  хэнийг ч баривчилж, саатуулж, хорьж болохгүй гэж хяналтын шатны шүүхийн тогтоолд онцлон тэмдэглэжээ.
Санамж: Энэ тойм нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.
Шүүхийн шийдвэрийн тойм бэлтгэсэн:  Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан