Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны лигийн аварга “Голден Стейт Уориорз” баг “Атланта Хокс” багтай энэ оны 1 дүгээр сарын 2-ны өдөр хийсэн тоглолтын нээлтэд монгол уран нугаралтын үзүүлбэрийг толилуулав.
Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консул Б.Ургамалцэцэг нээлтийн үеэр “Хонх” цохин, тоглолтыг эхлүүлсэн бөгөөд нээлтэд 200 гаруй монгол иргэн оролцон төрийн далбаагаа намируулж, үндэсний дээл хувцсаа танилцууллаа. Сагсан бөмбөгийн спортоор дамжуулан Монголын соёл урлагийг сурталчлах зорилгоор уг үзүүлбэрийг Монгол Улсын Гадаад харилцааны яам, Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газар, “Бэй Аэриагийн Монголчуудын холбоо” хамтран зохион байгуулав.
“Голден Стейт Уориорз” баг Калифорн мужид амьдарч буй ази гаралтай иргэдэд хүндэтгэл үзүүлэх зорилгоор жил бүр “Азийн өв соёлын үдэш” үйл ажиллагааг зохион байгуулдаг бөгөөд энэ удаа Монголчууд ийнхүү өв соёлоо сурталчлан оролцов. Дээрх үйл ажиллагааны шууд дамжуулалтыг АНУ-ын NBATV сувгаар 2.4 сая хүн үзэж сонирхсон байна.