Жагсагчид нүцгэлснээр жагсаал шувтарлаа. Эмч нар "зүсэлж", цагдаа нар "чихдэв". Хоттой хонь руу "сүүлгүй чоно" орсон мэт нэг, нэгээр нь суга татлаа. Чөмөг цаашаа царцам хүйтэнд шийр зааж байсныг юун түрүүн өгүүлсү. Авчиг амь гэдэг хайран. Нүүрсний хулгайчдад зориулах амь бүр ч хайран.Талбай дээр хонож байсан иргэдийг саарал ордонд алив "сонсьё" гэж уриад эргээд ирэхэд нь ор, дэвсгэрыг нь ор мөргүй хураачихсан байв. Жагсагчдад тулгаж мөсөн гулгуур хийчээд жагсаалд хүүхдүүд оролцож байна гэв. Ингээд жагсаал тарсан бус тараав, дарав. Ерөнхий сайд, хуулийн сайд хоёрт дэмжлэг хэрэггүй болсон бололтой. Чадна гэж байгаа бол хамаа алга. Харж л байя. "Та нартаа баярлалаа. Одоо мань хоёр чинь маналзуулаад хаячихна" гэсэн бол өөр хэрэг. Ашиглуулаад хаягдсан мэдрэмж төрж байна. Хүүк, Оюук, Зандаак, Нямбаак, Ерөнхий ПРО нар хаачив. Их тэнгэрт "сонсгол"-дов уу. Улс төр бол тохиролцоо...
Ямартай ч жагсагчдын буянаар хулгайч нарын хуруу амсхийв. Бүр үү? Түр үү? Бүү мэд. Одоо тэд оймсоо дэрлээд "олсон" хэдэн их наядаараа ордон барьж байна гэж "зүүдэлж" байгаа.Нэг Ерөнхий сайдынхаа араас нэг Ерөнхийлөгчөө "алдлаа". Олон мянган залуусынхаа адилаар Монголдоо ажиллаж, амьдрах "аргагүйдээд" Солонгос явсан. Тэтгэвэр тэглэснийг чинь хөгшчүүл нүд анитлаа дурсана. Хамт штанк өргөж явсан харчуул чинь үгүйлна. Хааяа нэг цоохор дээлээ гаргах даа санаа алдана. Арыг чинь дааж үлдсэн анд Баясаадаа баяртай гэж хэлж амжсан биз дээ. Хүний газар гүний нутагт биеэ бодоорой. Мэдээж ард түмэн тань таниасаа ил захидал хүлээж байгаа шүү. УИХ гэж ямар бузартай газар болохыг бид одоо л ухаарч байна даа. Олон сайхан ариухан хүмүүсээ тийш нь алдлаа. Одоо тэднийгээ дахиж алдмааргүй байна. Тортогтой гараар баримгүй "Coal queen"- ээ уурлуулж, толигор нүүрэнд нь тоостой замаар давхих том тэрэгний цуваа шиг үрчлээ нэмж үйлийг нь үзмээргүй байна. "Шударга 5" дээр минь "Шоовдор 5" нэмэгдлээ. Нүүрсний хулгайчаар зарлагдсан тэд маань нүүрсний хулгайчдыг зарлана гэлээ. Ингээд бодохоор "түдэй" төрд түй ч хулгайч байхгүй ч юм шиг. Уул алга болгосон хүмүүсийг улсын циркэд илбэчнээр ажиллуулмаар ч юм шиг. "Хоосон" гардаг машинуудад хонь, мал ачиж баймаар ч юм шиг... Улсын Ерөнхий прокуророос асууснаас үүр шөнийн оддоос асуувал үгүй ядаж л урдаас анивчих байх даа. Монгол улсад ор хөнжлийн явдлаас оффтэйк гэрээ хүртэл "нууц"-гүй боллоо. "Авлигач" нар өөрсөддөө "easy" юм гэж байхгүй шүү гэж хууль баталлаа. Орой гэртээ очоод одоо л больё гэж бурхныхаа өмнө эрх биш нэг удаа сунаж мөргөсөн байлгүй дээ. 17 хоног ард түмэн гэрт гадаагүй, гадаад дотоодгүй, сэтгэл зүрхээрээ, үзэл бодлоороо нэг байлаа. Төрийн хувалзнуудад карлийн үнэртүүллээ. Төрд ямар хүмүүс залж үжгирсэн гоонжных нь ханцуйгаар өмд хийж явснаа харлаа. Тавагтай хоолноос нь үлдсэн төмсийн түүж явснаа харлаа. Тэрбум тоо биш төрийн "нууц" нууц биш гэдгийг үзлээ. Одоо харин АТГ, цагдаа, прокурор, шүүхийг л харах үлдлээ. "Модон алх" минь чи Монголоо бяц цохьчихгүй юм байгаа биз дээ.Талбайн жагсаал тарсан ч тархины жагсаал тараагүй шүү... Ч.Явуухүү- Шинэ он гарах гэж байна. "Аав" нь ТВ-гээр ард түмэндээ хандаж юу гэж хэлэх юм бэ?...тохиролцоо амжилттай болсон тул та нар одоо хэрэггүй. Тарцгаа, харьцгаа, талбайн "найраа" дуусгацгаа...- Та минь ээ. Энэ улсад хулгайч байна уу?Нарантуул хавьцаагаас "Наадуултайгаа биднийг зүйрлэхгүй шүү, хулгайч аа"
https://www.sonin.mn/news/peconomy/134799