Тайван өлсмөөр байна

Хуулийн байгууллага хулгайг нь шалгаж хүч хүрдэггүй олигархиудыг дүнхүү сонгогчид “бурхад” хэмээн толгой дээрээ залсан. Тиймээс сонгогдсон хулгайчид буруугүй. Учир нь тэд сонгогдсон. Харин тэднийг төрийн толгойд дээдэлсэн маниус 90 онд Монголд үрсэлсэн ардчиллын үнэт зүйлсийг устгасан нүгэлтнээр түүхэнд үлдэв. Тийм нүгэлтэн-бүх сонгогчдын дийлэнх учраас тэдний санал шийдвэрлэх хүчтэй. Сонгуулийн шийдвэрлэх хүч болсон-мулгуу олныг дөрөөлсөн бүлэглэл эрх мэдэлд хүрч эргэлт буцалтгүй хожив. Ёс зүй үнэгүйдэж, луйвар оодров. Тархиар бус тагнуулдаж дийлнэ. Булчинлагууд бярдаж, боловсрол хог дээр хаягдав. II ээлж хоолондоо орсон ч дараагийнх хутгаа билүүдсээр. Монгол төр засаг тогтворжих ганц хувилбар бий. Тэр нь олонх бүгдээр сайд болох. Өөр вариант байхгүй. Яршиг зүгээр олонх цөмөөрөө сайд болоосой. Тайван өлсмөөр байна. Уг нь сонгогчид гэгээрвэл хулигаан-атаманууд жанжилж чадахгүй. Бид ажилд дургүй, бүтээх чадваргүй. Чаддаг нь ТББ-ын тэргүүнээр өөрсдийгөө өргөмжилж цээжээ дэлдэх. Балгаа ардчилалд чихэж, өмнөхөө магтаж сэрэглэнтээд үг авахгүй гөжнө. Өвчтөн эмчийнхээ зөвөлгөөг дагахгүй бол өвчинтэйгөө хүч хавсраад эмчээ дийлдэг. Эмчтэйгээ нэгдвэл өвчнөө давдаг. Сонгуульд хулгайчдыг сонгож ялалт өгчихөөд, өнгөрсөн хойно араас нь жагсаад юу ч олж долоохгүй. Гарц: сонгогчдын гэгээрэл.
Япончууд оюунаараа баяжсан бол бид түүхий эдээрээ голоо зогоож буй. Тиймээс даруу байя. Шилэн цамхагууд сүндэрлэж, янз янзын машин хахалдана. Ийм байгаагүйг хөгшид мэдэх ч ярих дургүй. Энэ бүгд маниусын хөдөлмөрөөр бүтээгүй. 28 жилд гарсан ахиц-эрх баригчдын чадвар бус, зэсийн баяжмал, нүүрс, Австралийн үер, үнэ өсөх мөчлөг, урд хөршийн хэрэглээний өсөлт байв. Бидэнд гавлаараа гараараа олсон мөнгө алга. Газарт булаатай хөдөлмөр шингээгүй чулуу шороогоор амь зуудгаа ухаарч багцаатай ханхалж эх оронч өрний бөөснүүд минь.
Хумслах хулгайлахаа булаацалдсан эрх баригчид талцан уралцана. Аль тал ялах ард түмэнд түй ч үгүй. Бүгд адилхан хулгайчид. Манан манангаар солигдов. Монголчууд олон үеэрээ мөрөөдсөн толгой мэдэлтэй улс болох гэгээ сүүмийснээ бөхчихлөө. Хэн унтраав? Эх орончид гуравдагч хөрш, хужаад буруугаа тохож нийт олон уухайлан алга ташив. Бурууг монголчууд хар биенээсээ хайдаггүй бусдаас хайдаг. Оюу толгойн хөрөнгө оруулагч нарт шулуулж ядуурсан гэнэ. Тэднийг хөөж гаргавал баяжих юм байх. Оюу толгойн хөрөнгө оруулагч хөөгдвөл хэдэн долларын зарга үүсэх бол? 1500-2000 метрийн гүн дэх олон арван км хонгилоос эхлээд ил уурхай болон ер л бүх тоног төхөөрөмжөө тэр чигт нь эзгүй говьд хаях уу? Малчид тарааж авбал тэмээнд даагдах эд анги байгаа бол уу? “Оюутолгойгоо 100 хувь алдахгүй” гэж орилолдсоор байгаад хамтарч эзэмших улаан мөнгөгүй атлаа 34 хувийг авахуулж өрөнд унагаснаа одоо ойлгов уу тэнэг эх орончид минь. Гэрээ хэлцлээ цуцалж хөөвөл Арбитр торгууль тавина. Нүсэр байгууламжийн сүйтгэлийг бид даах уу? Гадны хөрөнгө оруулагчид үүрд баяртай гэвэл дэлхийд ганцаардаад буй Оростойгоо хоёулхнаа хуучин замаараа сурсан онолоо мандуулаад сажлах уу?
Лусаас хичнээн хишиг хайрлаад, донор орнууд хичнээн зээл олгоод хүн ам журамгүй аваас өөдөлдөггүй аж. Эх орончид нь зүг чиггүй сарлагтсан орноос хөрөнгө оруулагчид зай барьдаг нь илэрлээ. ОТ-н гэрээг сайжруулах гэсэндээ бус гагцхүү хөөх коммунист төмөр ухамсраар онголзоод буй УИХ-ын гишүүн Ч.Улаан ленинист эдийн засгийн онолоороо 3 сая ядуусаа тэжээх байгаа. 76-н гишүүнийг ямаатай зүйрлэсэн. Оноогүй энэ зүйрлэл бүр хэллэг болсон гээч. Гишүүн ямаа хоёр юугаараа төстэй гэж? Ямаа хүнд зөвхөн өгнө. Хүнээс юм авдаггүй. Тийм гишүүн хаана байна? Ямаа луйвар хийдэггүйгээс гадна үр төл, сүү, ноолуур, эцэст нь амь, арьс, махаа эзэндээ өртөггүй хайрлаад хорвоог орхино. Ямаа шиг гишүүн мөрөөдөөд заяахгүй. Хулгайч зан хүмүүнд нуугдадгаас малд байдаггүй. Ямааг луйварчин гишүүдтэй зүйрлэж хүйтэн хушуутай ч гэсэн буянт малаа бүү доромжил. Малын заяа гомдоно. 76 чинь ямаа биш хэмжээгүй эрхт хаад. Булхайг тэд хийдэг, бид мэддэг. Мэдээд яах юм бэ? Монголчууд сонгох эрхтэй ч гэмт хэрэг үйлдсэн гишүүнээ эргүүлэн татах хоншооргүй. Мэдсээр харсаар байж 76-н хэмжээгүй эрх дархтаныг толгой дээрээ давруулснаа сонгогчид минь ухаар. Тэднийг хуульд захирагдахгүй дархалснаар иргэд эрх мэдэлгүй сүрэг болжээ. Хариуцлага хүлээх нэг ч хуульгүй бол хэн ч юу ч үйлдэнэ. Тэр тусмаа хууль нулимдаг монгол хүн зоргоороо туйлна. Гудийхгүй. Нүүдэлчид журамлагдах ясны дургүй.
Хятад харшилтай чанга гарууд “Монгол ялна” ч гэх шиг. Их Хятадыг арай ялна гээгүй байгаа даа бурхан минь. Ядаж эрлийзүүдийг, тэднийг дөнгөхгүй бол хурлийзуудыг нударна гэсэн байгаа даа. “Түншилнэ” гэлгүй “Ялна” гэж хөөрцөглөх баатарлаг сонсогдох авч ялаа ч билүү, ялагдаа ч билүү, ямартай ч болчимгүй энэ сагсуурал бидний тархины хомсдолыг дэлхийд илчлэв. Хятад компанитай бизнес хоршсоноос гайтаж тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдал бүдгэрсэн гэнэ. Тэднийг өшиглөөд гаргачихвал “Монгол ялах” юм байх. Үсрэнгүй хөгжил аварга зах зээлээрээ хүн төрөлхтөний шохоорхлыг татсан хаяа нийлсэн Хятадгүй хөгжих итгэл төгс Ерөнхийлөгч тэртээ дээр омогших нь бахархам. Омог бардам түүний толгой дээгүүр овжин гадныхан өмнөд хөршөөс олз ууталсаар. Энэ урсгалыг тэр бээр сөрөн гүйж явна. Хоёр хөршөөсөө цааш гурав дахь түншүүдийн өндөр хөгжлөөс хүртэх 1911 оны ноёдын, 1990 оны ардчилагчдын гавалд төрсөн өчүүхэн очийг бөхөөх геополитик дээгүүр сэм гүйдэлтэй. Муу бүхнээ Манжийн дарлалд чихэж, сайн болгоноо Оросын тусламж хэмээн мөргөж ирсэн туйлшралд салхи оруулъя гэсэн би эцэстээ цөхрөв. Энэ талаар надтай санал зөрдөг уншигч бүхэндээ бууж өгье. Үзэн ядах, шүтэн бишрэх хоёр туйл тань хорт хавдар болжээ.
Налайж амьдарсан нүүдэлчид технологийн үсрэнгүй хөгжлийн ХХI зуунд хөл алдав. Өдөр цагаар өөрчлөгдөж буй эрин зууны хурдтай алхаа нийлүүлэхгүй аваас Монгол хаягдлаа. Хүн төрөлхтөний хөлд унаж гишиглүүлсэн нүүдэлчид хэрхэн өндийх вэ? Хөгжихөд мөнгө чухал. Мөнгийг ухаантай гавал, хувийн овсгоо, шургуу хөдөлмөрөөр олдог. Хөл дор хэдэн их наядын баялаг дараастай ч олборлох, боловсруулах, тээвэрлэх, борлуулах мөнгөгүй бол чулуу шороо баялаг биш. Ямар ч тэнэг мөнгө хүрэхгүй бол эхлээд өөрийн дөнгөх хамгийн төсөр төслөө хөдөлгөж гарын бэл залгахыг урьтал болгоно. Коксжих нүүрсний ордоос Бугатын гангийн аварга үйлдвэр өндөр уулан дээрээс бараг харагдах газар. Тува Арцсуурь Овоот Хөөт гэх олон үлгэрт самууралгүй эхний дугаарт дээрх ганц өгөгдөлд өөрт байгаа бүх бэнчин хүчээ төвлөрүүлэн зүтгэж мөнгө босгоод, босгосноо үржүүлэх байв. Үржүүлсэн мөнгөөрөө хөлжөөд, дараагийн шатанд коксжих нүүрсээ баяжуулж, төмөр замаа тавьж, хямд тээврээр хахтал экспортолбол ашиг эрс өсөх байлаа. Тэгтэл энэ өгөгдлөөр минь орос монгол шунал хориод жил тоглочихов. Харанхуй масс чадуулчихлаа. Эх орноо гэх унаган санааг ОХУ-д далдуур долдгонодгууд дийлээд байдаг. Аманд орох хоёр дахь бэлэн шар тос бол 60-70 сая малынхаа мах, арьс, яс, үсийг брэнд болговол эрэлт маш их. Бэлжих хоёр дахь боломж энэ. Эрх баригчид үүнд мөнгө тоож хаясангүй. Мал өвчтэй. Эрүүлжүүлэхийг хичээсэн бол 10-20 жилийн тэртээгээс био комбинатдаа вакцин үйлдвэрлэж хүрэх дорвитой хөрөнгө эхний ээлжинд зоригтой оруулаад л бүтэх ажил. Гадныхантай хуйвалдаж хулхи вакцин үнэ хайргүй байнга импортолж, хувьдаа мөнгө унагахаа эрх баригчид чухалчлаад малаас төсөвт орох асар их валютыг ойшаасангүй.
“Масс” гэх үг монгол хэлэнд ороод ирж. Гэгээрсэн харанхуйгаараа масс ялгаатай агаад гэгээрсэн нь хөгжиж баяжсан барууныхан болон азийн барууд, харанхуй нь хоцрогдож ядуурсан монголчууд. Үүнд би гомддоггүй ичдэг. Бидний харанхуйг олон баримт нотолдог. Харанхуй массын хамгийн адаг-хөгшин би агаад өөрийнхөө муу муухайн зах зухаас бичих тул бусад монгол өөрийгөө болон ард түмнээ гутаав гэж намайг бүү омогдоорой. Дүнхүү толгойг өмөөрөмгүй ч амархан хууртдаг өрөвдөм гэнэн талтай. Залиланд гаршсан гадаад дотоод луйварчны өлөн нүдэнд дүйнгэ монгол бөөн олз харагдана. Олигархиудын хорхойг харанхуй масс гозгонуулна. Геополитикчдийн дипломат хөх инээдийг мулгуу улстөрчид өгдөөнө. Масс харанхуй аваас монжих хүн, шулах гүрэн мундахгүй. Монждог хүн, шулдаг гүрэн үгүй болж хүн төрөлхтөн цэвэршихийг хүлээснээс монголчууд-бид өөрсдөө гэгээрсэн масс болох арай дөт баймаар. Тиймээс би энэ сэдвийг хөнддөг.
Нилдээ харанхуй массаас хичнээн шилж сонгоод харанхуй массын яс махны тасархай-эд эсүүд л шалгардаг. Гишүүн-сайд Б.Батзориг “Баянзүрх дүүрэг цагаан арслан шүтээнтэй, Баянзүрх хайрхан банхар нохой савдагтай. Банхар хөшөө босгосноос хойш тус дүүрэгт хүүхдийн эндэгдэл эрс буурч, гэмт хэрэг огцом багассан”. Су.Батболд “Даншиг гэж шашны муухай нэрийг фестваль болгоно”. Бөх дуучин, ийм л гавлуудыг сонгож улсаа удирдуулж байна. Маанаг эрх баригчдаар гадныхан тоглодог. Хоёр нам мөнгө олох мега төслүүдээ хөдөлгөх мэдлэггүйн дээр хүсэлгүй. Сонгогдсон 4 жилдээ багтааж харанхуй массаа холгож даруй баяжихыг шамддаг. Хотын утааг мөнгө гэж хардаг. ЖДҮ санг анхнаасаа хусах гэж л татварын мөнгөөр сэджээ. Хулгуулах зорилгоор гучаад ийм сан байгуулсан гээд бодчих. Дундач давхрагад тэмүүлэгч ядууст зориулсан 3-хан хувийн хүүтэй сан руугаа сайд-гишүүд шүлсээ савируулан дайрчээ. “Ядуурлыг бууруулъя, ЖДҮ-г дэмжье” хэмээн хайр зарлаад эхэлбэл хусах гэж буй нь тэр шүү. Үг нь нялуурах тусмаа хулгай нь томордгийг масс мэдэж ав. Тэгээд тэдэнтэй үзэлц.
Ах нар биднээр хөөрхөн тоглодог арвин туршлагатай. Энэ нь нууц биш ч бид нуудаг. Жилд тэрбум гаруй тонн нүүрс хэрэглэдэг урд хөрш Орос Монгол хоёроос гадна Австрали Индонез алс холын Америк тивээс нүүрс авч байхад манай нүүрс зөөх уурхайн мухар төмөр замыг Орос гацааж Монголыг олон жил хорлох хэрэг баймгүй. Орос хөршөө хөгжүүлдэггүй гэх Европын ах дүү социалист орнуудын найз нөхдийн үг үнэн байжээ. Си Жиньпин хамтдаа хожьё гэдэг. Путин юу гэдэг юм бол? Том төслүүдийн гацаа зөөлрөх үү чангарах уу гэх хүлээлтэд ардууд эмзэглэсэн царайгүй. Барилдаад л уралдаад л дуулаад л архидаад л ид шидэд мөргөөд л. Масс харанхуй аваас дуртай нь монждог гэж хэлсэн. Оджаргалын босгосон бүтээн байгуулалт бол түүний хөрөнгө бус газрын баялаг гэж З.Энхболд айлдсан. Энэ айлдварын бэх хатаагүй байгаа. Газрын баялаг ард түмнийх учраас Оджаргалын гэх “юм”-ыг ард түмэн булаахад хуульгүй. Худлаа гэвэл Ц.Нямдорж, Ж.Батзандан гэх ланжгар хуульчдаас асуу. Ард түмний өмч-уурхайгаар 30 гэр бүл хагартлаа баяжаад ханасангүй цааш эх орныг минь юу ч үгүй цөлмөөд гэр бүл ах дүүсээрээ гадаадад гарч тансаглах гэнэ. Ингэж ухуулдаг. Ухуулгыг би зөв ойлгосон байгаа биз. Энэ ойлголтоороо би сүүлийн сонгуулиудад саналаа өгсөн. 30 гэр бүлийг би үзэн яддаг. Гэхдээ 30 гэр бүлийн 200-300 хүний толгойг тасалж овоолоод тойрч бүжиглэе гэх улс төрийн тоймч Гантулгын уриалгыг арай дэмжээгүй. Ер нь дөхсөн дөө. Голомт самарч буй новшнуудыг эх орондоо хайртай хэн ч үзэн ядна. Гантулга тоймчтой дуу хоолойгоо нийлүүлэхэд надад юу саад болсон бэ гэвэл ардчилалтай оронд алан хядахыг уриалах үндсэн хуулиараа хориглосон байдаг. Зохиол бичихдээ би үүнийг баримталдаг. Алан хядахыг уриалсан тоймчид хариуцлага тооцох байтугай түүний цацсан пиар сонгуульд ялалт авчрахыг хараад “дэмждэг байж” хэмээн өнгөрсөн хойно амаа барьж билээ. Хар толгойнхоо өмнөөс харанхуй гавлынхаа цараар “би” гэж ярихаас бус “ард түмэн” гэж гурван сая хүний нэр барьж бурдаг бөх зүрх бүдүүн гэдэс надад заяасангүй.
Ажилсаг сортоотой хэсэг баяжив. Компани групптэй боссууд дунд хулгайч цөөнгүй. Гэхдээ бүгд тийм биш. Монголчууд дундаас өнгөтэй өөдтэй яваа үр хүүхэд минь тэд. Тэднийг зүхэгчид тэдний улсад тушаадаг татвараас хүртдэг. Төрсөн ах дүү хоёр эцэг эхдээ хоёр биеэ муулах мэт хоёр гол нам ард түмэндээ бие биеэ хичнээн муулаад баялаг арвижиж, өр дундрахгүй. Өөдрөг яваа монголоо өөдгүй монгол нь дэгээдэж унагахыг харж бухимдсаар өвгөн би дууслаа. Төр засаг баяжсан бизнесменээ хардаж хавчих гаарав. Үндэсний хөрөнгөтний зиндаанд дөхөөд Америкт суралцсан бол бүр үзэж чадахгүй болжээ. 
Засгийн эрхийг хуулиар бус ухамсрын шанаагаар булаасан зодоонч, 950 саяын кнопчидтойгоо хүч хавсран Ленинээс үүсэлтэй дийлдэшгүй намыг маань самрахад хөндлөнгийн би дагаж далдагнасангүй. Олон чоно уралцахад тэр нь дийлээсэй энэ нь ялагдаасай гэж “хонин сүрэг” уухайлах утгагүй. Ялагчаар үлдсэн чононууд “малд” бас л аюултай. Дайсныг чинь идсэн чоно нөхөр болдоггүй. Насан турш шүүмжилсэн намаа бутрахад өмөөрсөн минь биширдэгтээ бус, ялж буй шинэ МАНАН хоёр гол намыг базаж параламентыг үхдэл болгоод, 1990 оны өмнөх хөл хориотой мухарт буцааж хашвал яанам билээ. Тусгаар тогтносон нэртэй ч том гүрний халаасанд толгой мэдэлгүй ертөнцөөс таслагдахын зовлон гамшиг мартагдсан гэж үү? Масс харанхуй аваас халаасанд бойтоглох тавилантай. Харанхуй массын захаас хутгахад том гүрний тоглоомын этгээд ёож ёожоороо олдоно. Олон зуун сая долларын хавтаст хэргээ устгаж, ял завших гэсэн хулгайч монгол хүүхдүүдийн минь зодоон айдас биш болов. Харин та хэдийн сачий хүрэхгүй өндрөөс эх орныг чинь томсгосон Тува болгохоор хүрхрээд буй хорхойтсон баавгай алганы амт үзүүлбэл яана. Юутай ч сэлэм Тогмидууд минь тогтож хайрла. Сэлмээр цус урсгахаас, баялаг бүтээдэггүй. Ядаж тайван өлсье. 
(Дээдсийн захиас: хүний эрхэнд жаргаснаас өөрийн эрхээр зов).
Ц.Доржготов
Baabar.mn
 
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан