Бие даагчдын баг ба Электорат хөдөлгөөн

Нэг мэдэхэд дараачийн сонгууль ойрхон болжээ. 2020, 2021 онд дахиж сайхан бужигнаад дахиад хууртах биз. Тэгээд өнгөрсөн хойно нь одоогийнх шиг харамсана. Яаж ийм нөхдийг сонгосон байна аа гэж. Бид бүх нийтээрээ шигшиж өргөмжилсөн өмнөх дөрвөн ерөнхийлөгчөө төдийлөн сайнаар дурсдаггүй.
П.Очирбат. Өмнөх нийгмээс дөнгөж мултарсан хүмүүст албархуу дүртэй дарга нарын дэргэд хөгжилтэй хүн учраас таалагдаж сонгосон. Зарим нь гүндүүгүй ч гэдэг. Одоо түүний хийж бүтээснийг Азийн бар, тос түрхсэн дээл, бас зурхайч Дашцэрэн зөвлөхөөр нь ихэнхдээ шоолж дурсдаг. Харин ганц хэрэг болдог нь "төрийн төмөр нүүр".
Н.Багабанди. Найман жил ерөнхийлөхдөө эхэндээ баахан гацаах ажил хийжээ. Эрдэнэтийн 100 хувийн анхны хувьчлалыг буцаалгахгүй гэж ил далдуур их үзсэн, тэгсэн мөртлөө Үндсэн хуулийн хулгайг гацаагаагүй, харин хугацааныхаа сүүлийн хагаст урт шар дээлтэй нэг нөхөртэй үзэлцсээр байгаад таарсан. Ойрын жилүүдэд Оюутолгой ТУЗ-д багтаж өндөр цалингийнхаа төлөө чичлүүлж байгаа, гэхдээ ганц үг ган хийдэггүй. Мундаг тэвчээр!
Н.Энхбаяр. Дээр дурдсан шар дээлт нь энэ хүн. Ойр дотныхон нь үндэсний удирдагч, үндэсний удирдагч гээд байхаар нь дүрдээ бараг итгээд явж байтал гай болж Хэвлэх үйлдвэрийн барилга, "Өргөө" зочид буудал нүдэнд нь өртсөн. 2016 онд буцаад төрд гарч УИХ-ын дарга юмуу Ерөнхий сайд болоход ганц хуруу дутуу байтал .... бас нэг гайтай таарсан. Одоо "Монгол Улсын гуравдахь ерөнхийлөгч" гэдэг ажилтай.
Ц.Элбэгдорж. Найман жилийн турш Ерөнхийлөгчийн хууль санаачлах, эсвэл хориг тавих, бас нэр дэвшүүлэх эрх, дээрээс нь хошгируулах авъяас гэсэн дөрвөн сэлмийг баруун солгойгүй эргэлдүүлсний дүнд түүний үлдээсэн өв болох өнөөгийн улс төр, энэ улс төрчид, энэ намуудын байгаа царай нь.
Манайхан түүнийг хэрхэн харааж ерөөж буйг онигоогоор илэрхийлбэл,
Сэтгэл санаагаар навс унасан нэгэн залуу найздаа гомдол мэдүүлж гэнэ.  
-Би сая нэг хүүхэнд хайртай гэсэн чинь зөвшөөрсөнгүй ээ. 
-За яахав дээ. Битгий тоо.
-Харин тийм, гэхдээ зүгээр хайргүй гэхийн оронд "түй" гэж байгаа юм даа...
Туйлын харамсалтай. Одоо бидний толгой дээр сууж байгаа нөхдүүд, ялангуяа оодорч байгаа хоёр нь араасаа энэ байтугай түй-лгэж таарна.
Спортод шигшээ гэж олон багуудаас хамгийн сайнуудыг түүж бүрдүүлэхийг хэлдэг. Бас шилдгийн шилдгүүдийг цуглуулсан байна гэж төсөөлсөн мөрөөдлийн баг гэж бий. Тэгвэл улс төрд тийм баг боломжтой юу? Сайн, зөв, шударга улс төрч гэж хэн бэ? Ямар нэгэн зөвлөл, форумд нэр дэвшүүлэх, уулзалт хэлэлцүүлэгт оролцуулах сайн хүнийг хайсан яриа энд тэндгүй болж байдаг. Надад тааралдсанаар бол ахмад үеийнхээс Гадаад хэргийн сайд асан Ц.Гомбосүрэнг олонтаа нэрлэдэг байлаа. Уг нь улс төрд шанстай байсан ч 1997 онд нэг нөхөр өмнөөс Ерөнхийлөгчид дэвшүүлж сүүтэгнээд карьерийг нь баллаж орхисон. Иргэн Д.Ламжав бол гарцаа байхгүй нэр хүнд, гэхдээ цаадуул нь урдуураа оруулаагүй. Хөгжмийн зохиолч Жанцанноров 1992 онд сонгогдооод "хөгжмөө бичье" гээд больсон ч одоо хүртэл нэр нь дэвшээд л байдаг. Тухайн цагтаа сүрхий явсан олон хүн улс төрөөс холджээ. Үзвэл үзчихдэг улс төрчийн нэг болох С.Баяр бие муудлаа гээд гэнэт больсон хэрнээ Лондонгийн бүрхэг цаг агаарыг зүв зүгээр тэсвэрлэж ирээд монголын хорих газраар орж гараад зүв зүгээр яваад байх юм.
Одоогийн улс төрчдөөс хэн нь гайгүй вэ? 2016 онд Ардын намаас гайгүй залуучууд УИХ-д орж харагдсан ч ЖДҮ-гээс болж ташраараа тараа таниулав. Тэр Т.Аюурсайханыг сүрхий юм болов уу гэтэл сая Батзандангийн түвшинд очоод уначихсан хэвтэж байгаа. АН-д Р.Амаржаргал гэж их мундаг хүний сураг бараг гучин жил дуулдсан ч ид шид нь гаргахгүй өнөөг хүрчээ.
Сонгууль болгоноор гуравдахь хүчин гээд бөөн сүр, итгэл найдвар. Даанч нэмэргүйн жишээ бол Иргэний зориг ногоон нам. Тус нам доторхи бүр тодорхой жишээ бол сэтгүүлч З.Алтай. Их хурлын танхимд дөрвөн жилийн турш "хоёр намын хулгайчид" гэж цамнаж байснаа Ерөнхийлөгчийн сонгуулиар нэгийг нь дэмжээд элчин сайдаар шагнуулаад арилж өгсөн.
Эмэгтэйчүүд ямар вэ? АН-ын З.Нарантуяа зөв хүн гэснийг олон удаа уншсан. Магадгүй. Гэхдээ эмэгтэй гишүүд сайд, дарга болчихоороо хүмүүсийг халж солихдоо эх хүний нинжин сэтгэл, төсөв мөнгө зарцуулахдаа хатан ухаанаар ханддаг нь лав надад ажиглагдаагүй. (За би ч жендерийн асуудлаар бараг "явчих" шиг боллоо)
Ерөнхийдөө Их хурлын гишүүнд итгэснээс хэнд ч хамаагүй итгэ!
Улс төрийн мөрөөдлийн баг шударга, мөнгөтэй, өндөр боловсролтой, залуу, эсвэл туршлагатай хүмүүсээс бүрдэх учиртай. Харамсалтай нь энэ бүх шинж нэг хүнд цогцолдоггүй. Нэг нөхрийг санхүүгийн эрх чөлөөний оргилд хүрсэн гэж бодох шахтал ЖДҮ-чин байж таарсан. Нөгөө эрхмийн Харвард, Кембрижийн боловсрол нь эх орондоо татвар төлөхөөс зугтааж оффшорт мөнгөө нуухад бүрэн зориулагджээ. Бас жигтэйхэн шударга хэрнээ юу ч хийдэггүй хүн хэрэгтэй юу? Залуу мөртлөө парламентад 30 жил суусан туршлагатай байж чадах уу? Ёстой нөгөө махтай ч болоосой, тэгвэл гурил зээлээд түмпэн олоод хоол хийх юмсан, даанч давс алгын үлгэр.
Ингээд сонгууль болгоноор хууртаад л байж байг уу?
Саяхан "Электорат" нэртэй хөдөлгөөн байгуулагдсаныг зарлалаа. Тэд зорилгоо ингэж тодорхойлжээ.
1.Төрийн эрх баригчдын дотор эзлэх хууль зөрчигчдийн тоог огт үгүй болгож чаддаггүй юм гэхэд цөөлөх.
2.Нэгэнт улс төрийн намуудын нэр хүнд унасан энэ тохиолдолд тэдний хүртэж чадахгүй суудлыг эмх замбараагүй байдлаар талын нэг тараачихгүйн тулд бие даан нэр дэвшихээр шийдсэн хүмүүсийг аль болох төвлөрүүлэх.
3.Нэр дэвшигчийг олон түмнээр хэлэлцүүлэн ил тод байдлыг эрхэмлэх төдийгүй, сонгууль болгоноор нэр дэвшигчид сонгогчиддоо хэлдэг улиг болсон үл бүтэх хий хоосон амлалтыг биш, хувь хүнийхээ хувьд ямар зарчим болон ёс суртахуунтай байх андгай тавиулах.
Тэгвэл энэ хөдөлгөөн сонгууль дөхөхөөр дэлгэрдэг шилдэг 76, улс орноо аврах 99-ээс юугаараа ялгаатай вэ?
Улс төрийн намууд гэж авч ч болохгүй хаяж ч болохгүй юмнуудтай боллоо. Намгүй ардчилал, сонгууль гэж байхгүй ч манай намууд бүтэхгүй ээ. Сүүлдээ дотоод хэрүүл, алдаа дутагдал, мөнгө санхүүгээ хүртэл төрөөр шийдүүлдэг, төрийг багалзуурддаг болж байна. Намууд задарч бутрах нь маньдаа түй ч хамаагүй боловч тэднийг хөл толгойгоо олохыг хүлээх цаггүй болсон тул "Электорат" хөдөлгөөн бие даагчдад найдаж байна гэж би ойлгосон.
Бие даах хүмүүсийг одооноос нэрлэх нь хоёр талтай. Муугаас нь эхэлбэл, сонгуулиас жилийн өмнөөс хэл амны бай, довтолгооны объект болно, дайрна, гутаана, илчилнэ. Гэхдээ үүнийг нөгөө талаас нь харвал сонгогчиддоо сайн. Тэд гэнэдэхгүй. Учир нь сонгуулийн кампанит ажлын улам бүр богиноссоор байгаа хэдхэн хоногт нэр дэвшигч хичнээн гоё ярьж, агууг амалсан ч зөвхөн тэдний урьд хийсэн үйлдлүүд хэн болохыг нь харуулна. Сурсан юмыг сураар боож болохгүй. Урьд нь хулгай хийсэн л бол дээш гарсан ч заавал үргэлжлүүлнэ. Хэрвээ үнэхээр том но-той бол эртхэн больсон, болиулсан нь дээр. Хэрвээ алдаа дутагдал байгаа бол түүнийгээ эртхэн мэдүүлэх. Хэнд ч но байна, но биш гэж бодсон зүйл нь но байж мэднэ. Хожим Их хурлын гишүүн болчихоод яг сайхан мандах гэж байтал хэн нэгэн заавал илчилж таарна. Урьтаад "Миний амьдралдаа хамгийн харамсаж явдаг зүйл бол ... Надад үнэхээр сургамжтай зүйл болсон... Дахиж алдахгүй" гээд очих нь жинхэнэ шударга бус уу? "Миний хамгийн том дутагдал бол худлаа ярьж чаддаггүй, бас хэлэх гэсэн юмаа шулуухан хэлчихдэг, үүнээсээ бол нүд үзүүрлэгддэг" гэх мэт марзан яриануудаа эртхэн шүүлгэсэн нь дээр.
Системийн онолоор бол дан сайн хүмүүсийг баг болж цуглуулахаар тэр дотроо дахиад сайн муу болж ялгардаг болов уу. Төгс хүнийг хаанаас ч олохгүй, гэхдээ арай тулхтай, илүү зөв хүмүүс Их хуралд орог. Мөнгө, боловсрол, туршлага, нэр нөлөө дутвал дутаг, хамаагүй. Яагаад гэвэл цол дагаж бяр нэмдэг учраас нэгэнт үүрэг хариуцлага хүлээсэн хүн түргэн өсдөг. Харамсалтай нь худлаа ярих, хуурах, хууралцах нь хамт өсөөд байдаг ч гэхдээ сонгогчид өмнөхийг мэддэг, шалгасан, тэгээд айлгаж сэрэмжлүүлсэн байвал бас учиртай.
Энэ бүх шалгуурыг давж чадсан нь бие даагчдын багт орох байх. Харин тэднийг яаж нэг баг болгож эвлүүлэх нь сонин санагдаад байна. Хэрвээ 500, 1000 бие даагчийн нэр цуглавал яаж цөөлөх вэ? Бодож байгаад саналаа бичнэ ээ.
Төгсгөлийн хачир:
Ерээд оны сумын сонгуульд нэгэн нэр дэвшигч цорын ганц санал авсан буюу эхнэр нь хүртэл түүнд өгөөгүй тухай онигоо шиг юм сонсоод жигтэйхэн өрөвдөж билээ.

Д.Цэрэнжав
 
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан