Японы Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд нарыг ОХУ-д нэвтрэхийг хоригложээ

Японы Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд нарыг ОХУ-д нэвтрэхийг хоригложээ

 

ОХУ-ын эрх баригчид Японы Ерөнхий сайд Кишида Фүмио, Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимаса, Батлан хамгаалахын сайд Киши Нобуо болон бусад хэд хэдэн өндөр албан тушаалтан, бизнес эрхлэгчид, эрдэмтдийг нутаг дэвсгэртээ нэвтрэхийг хоригложээ. Энэ тухай тус улсын Гадаад хэргийн яам цахим хуудсандаа мэдэгдсэн байна.
Жагсаалтад Японы нийт 63 иргэн багтжээ. "Кишида Фүмиогийн засаг захиргаа Оросын эсрэг урьд өмнө байгаагүй кампанит ажил явуулж, байж боломгүй үг хэллэг, түүний дотор гүтгэлэг, шууд заналхийллийг хүлээн зөвшөөрч байна" гэж Оросын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурдсан байна. Эдгээр хүмүүсийг ОХУ-д нэвтрэхийг хориглосон нь мөн тус улсад авсан хориг арга хэмжээний хариу болжээ.
Япон улс өмнө нь Украины эргэн тойронд үүссэн нөхцөл байдлын улмаас Оросын эсрэг хэд хэдэн багц хориг арга хэмжээ авсан билээ. Тус улсын удирдлага, албан тушаалтан, бизнес эрхлэгчид зэрэг нийт 500 гаруй хүн хоригт өртсөн. Үүнээс гадна, Япон улс "Открытие", “Новикомбанк”, “Совкомбанк”, “ВТБ”, “Россия” банк,  "Внешэкономбанк", “Промсвязьбанк”, “Сбербанк”, “Альфа-банк” болон Оросын 40 орчим байгууллага, компанийн хөрөнгийг битүүмжилсэн юм.
Оросын эсрэг Японы хориг арга хэмжээний шинэ багц дөрөвдүгээр сарын 19-нд хүчин төгөлдөр болсон байна. Үүнд мод, согтууруулах ундаа болон усан онгоц, нисэх онгоц, автомашин, мотоциклын хөдөлгүүрийн эд анги зэрэг 38 төрлийн бараа бүтээгдэхүүнийг ОХУ-аас импортлохыг хоригложээ.
 
Д.Жаргал
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан