“Скай резорт” гэдэг компани “…Юун гуя” гэдэг шиг гарч ирээд Шүүхийг гүтгэлээ?!


Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонин “Мариотт” ХХК нь Улсын тусгай хамгаалалтад байдаг Бодхан уулын Хүрхрээгийн амны 131.8 га газрыг “хариуцан хамгаалах” нэрийн дор олон жил төлбөргүй ашигласан асуудлын талаар цуврал нийтлэлийг хүргэсэн.
Ингэхдээ “Мариотт” ХХК нь 2007 оноос хойш олон удаа Байгаль орчны яам, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Баянзүрх дүүргийн Заасаг даргатай гурвалсан гэрээ байгуулж, тэр байтугай гурван сайдын хамтарсан тушаал гаргуулан дээрх 131.8 га газрыг төлбөргүй ашиглаж ирсэн талаарх мэдээллийг уншигчдадаа хүргэсэн байдаг юм.
Хамгийн гол нь үүнийг Монгол Улсын Захиргааны хэргийн давж заалдах, хяналтын шатны шүүхүүд тогтоож, дээрх гэрээнүүдийг хүчингүй болгосон.
Өөрөөр хэлбэл, 2018 оны аравдугаар сарын 3-ны өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааны 221/МА2018/0530 дугаартай магадлалд “…“Мариотт” ХХК-тай БОАЖЯ Урт хугацааны хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан ба тухайн гэрээгээр “…“Мариотт” ХХК 13.9 га газар болон түүний эргэн тойронд орших 131.8 га газарт гольфын талбай бүхий аялал жуулчлал, спорт, амралтын иж бүрэн цогцолбор бааз байгуулах, байгалийг хариуцан хамгаалах, нөхөн сэргээхэд хөрөнгө оруулах, уг хөрөнгө оруулалтыг үнэлэх, газар ашиглалт, хамгаалалтын бүс байгуулахаар” тохиролцсон гэх БОАЖ-ын сайдын тайлбар үндэслэлгүй.
…БОАЖ-ын сайдаас “Мариотт” ХХК-д олгосон 13.9 га газраас илүү газрыг хамгаалалттай талбай гэж тогтоож өгсөн нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн гэж үзэхгүй” гэж үзсэн.
Мөн 2018 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн 494 дугаартай Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоолд “…Гэрээгээр “хариуцан хамгаалах”-аар тохирсон гэх 131.8 га газарт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу “Мариотт” ХХК-д “газар ашиглах”, эсхүл “газар эзэмших” эрх үүсээгүй. “Мариотт” ХХК нь уг 131.8 га газарт Газрын төлбөрийн тухай хуульд заасны дагуу “газрын төлбөр төлдөггүй” нь тогтоогдсон.
… хуулийн зохицуулалтаас үзэхэд “газрын төлбөрөөс чөлөөлөх” талаар гэрээгээр тохирох эрхийг байгаль орчны асуудал эрхэлсэн сайдад хуулиар олгоогүй байна” гэжээ.
Бид эдгээр Захиргааны хэргийн давж заалдах шатны магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоолыг л үндэс болгон “Мариотт” ХХК нь Тусгай хамгаалалттай дархан цаазат газарт 131.8 га газрыг төлбөргүй ашиглаж байгааг нийтэлсэн.
Гэтэл “Скай резорт” хэмээх ХХК зарим хэвлэлд төлбөртэй Мэдэгдэл нийтлүүлжээ. Түүндээ “…Удаа дараа гүтгэлээ. ”Скай резорт” ХХК нь хуульд заасан нөхцөл, журмын дагуу гэрээ байгуулан газрын бүх төлбөрөө цаг хугацаанд нь төлж ирсэн. Өнгөрсөн хугацаанд төсөвт нийтдээ 9 орчим тэрбум төгрөгийн татвар шимтгэл, үүнээс 300 илүү сая төгрөгийг газрын төлбөрт төлсөн байна. Гүтгэлэгт дурьдсан шиг, тус компани газрыг төлбөргүй ашиглаж байсныг шүүх тогтоосон ямар нэг шийдвэр огт гарч байгаагүй болохыг хариуцлагатай мэдэгдье” гэжээ.
Уучлаарай, “Зууны мэдээ” сонин нь “Скай резорт” ХХК гээчийн тухай огт бичээгүй. Харин “Мариотт” ХХК-ийн ашиглаж, хариуцан хамгаалж байгаа гэх газар дээр “Скай резорт” цанын бааз, “Мариотт” ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбартаа хэлсэнчлэн “Гольфын талбай бүхий аялал жуулчлал, спорт, амралтын иж бүрэн цогцолбор бааз”-ын 131.8 га газарт газрын төлбөр төлөөгүй тухай шүүх хэрхэн шийдсэн талаар мэдээлсэн.
“Мариотт” ХХК ч Улсын Дээд шүүхэд тайлбар өгөхдөө “…Манай компани нь аялал жуулчлалын иж бүрэн цогцолбор бүхий төвийг байгуулах төслийн хүрээнд Байгаль орчны яам болон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын албатай байгуулсан гэрээний үүргээ биелүүлж, нийтдээ 140 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж, их бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлэн, нийслэлийн хүүхэд, залуучуудад зориулан чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор олон улсын стандартын шаардлагад нийцсэн гольфын талбай, Ази Европын өндөр дээд түвшний уулзалтыг зохион байгуулах иж бүрэн цогцолбор байгуулж, тус уулзалтыг амжилттай зохион байгуулсан” гэсэн байгаа.
Ийм байтал “Скай резорт” гэдэг компани “…Юун гуя” гэдэг шиг мэдэгдэл  хийж гарч ирээд байгаа нь ойлгомжгүй байна.
Ингэж мэдэгдэл хийхдээ “Скай резорт” ХХК нь манай сониныг харин гүтгэчихлээ. Тус компанийн мэдэгдэлд “…Нийгмийн үйл ажиллагаатай компанийн талаар Хүрхрээгийн амны газарт шунасан хүмүүсийн захиалгаар дахин гүтгэлэг нийтлэвэл бид шүүхэд хандах болно “ гэсэн байна.
Бид шат шатны шүүхийн шийдвэрийг үндэс болгож, “Мариотт” ХХК-ийн хууль бусаар газрын төлбөрөөс зугтаасан үйлдлийг бичсэн. Бидний “захиалагч” бол шүүх гэсэн үг. Тэгэхээр нөгөө талаас “Скай резорт” ХХК нь  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийг захиалгаар ажилласан гээд гүтгэлээ.
Уг нь тэд ингэж бүгдийг өөрсдийн нүдээр харах хэрэггүй юм. Яг үнэндээ бидний захиалагч бол шударга ёс юм. Тиймээс бид энэ сэдвээр цаашдаа ч мэдээ, сурвалжлага, нийтлэл хүргэсээр байх болно.
Ер нь бол “Мариотт” ХХК, түүний толгой компани ингэж хуулийн хариуцлагаас, Монгол Улсад төлөх ёстой төлбөрөөс бултан зайлах гэж арга саам эрэх хэрэггүй. “Мариотт” ХХК зүгээр л нийгмийн хариуцлагаа хүлээж газрын татвараа төлөх ёстой. Одоо болно. Дахиад хэлье, газрын төлбөрөө л төлчих.
Түүнчлэн тухайн үед “Мариотт” ХХК-ийн захирлаар ажиллаж, тусгай хамгаалалттай газрыг төлбөргүй ашиглах гэрээг байгуулж явсан Лувсанцэрэнгийн Энх-Амгалан өнөөдөр УИХ-ын дэд даргын албан тушаал хашаад, шударга ёс ярьчихсан сууж байна. Энэ ч бас шударга явдал биш шүү. Монгол Улсын төсөвт орох ёстой байсан тэрбум тэрбум төгрөгийн төлбөрийг төлөхгүй байх нөхцөлийг хангаж байсан хүн өнөөдөр Монгол Улсын төрийн дээд байгууллагын хойморт заларч байх учиргүй.
Ер нь тэгээд зөвхөн энэ асуудал ч биш. “Мариотт” ХХК-ийн толгой компанийнхан уул уурхайн чиглэлийн үйл ажиллагаандаа ч иймэрхүү аргыг ашигладаг тухай бид мэднэ. Завхан аймагт өнөөдөр юу болж байна вэ. Монгол Улсын хууль тогтоомж тэнд яаж сарнидаг вэ гээд асуудал маш их бий.

Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.1.11 № 8 (5975)
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан