Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хурлын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өчигдөр барилга шатсантай холбоотойгоор барилгын чанар, аюулгүй байдалд хяналт тавьж, анхаарч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад сануулав. Мөн ой, хээрийн түймэр гарахаас урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болголоо.
Нийслэлийн хэмжээнд тендер сонгон шалгаруулалт 61.7 хувьтай байна
Нийслэлийн Засаг дарга өмнөх шуурхай зөвлөгөөнөөс найман чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 72.9 хувьтай биелжээ. Мөн Хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх тухай Нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг заалт тус бүрээр сайтар хангаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон. Энэ дагуу хөрөнгө оруулалтын ажлын явцыг танилцуулсан юм. 2022 оны гуравдугаар сарын 4-ний өдрийн байдлаар нийслэлд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө болон орон нутгийн хөгжлийн сан, бусад төсвийн эх үүсвэрүүдээр хэрэгжих 393 төсөл, арга хэмжээ байгаа. Эрх шилжүүлэх ажлын хүрээнд 393 төсөл, арга хэмжээнээс 356 төсөл, арга хэмжээг шилжүүлж, 37 төсөл арга хэмжээ эрх шилжүүлэх бэлтгэл шатандаа, гүйцэтгэл 90 хувьтай байна.
Нийслэлийн Засаг даргаас эрх шилжсэн 81 захирамжаар 386 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулахаас 253 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг зарлаж, 109 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагаа зарлагдаагүй. Нийслэлийн хэмжээнд тендер сонгон шалгаруулалт 61.7 хувьтай байна.
Томуу, томуу төст өвчнөөр бага насны хүүхдүүд өвчлөх нь их байна
Коронавирусийн нөхцөл байдлын талаар НЭМГ-ын дарга Б.Бямбадорж мэдээлэл өглөө. Тэрбээр "Халдварын тархалт нэг үеэ бодвол буурч, өдөрт дунджаар 300-500 хүн халдвар авч байгаа. Орны ачаалал 40 хувьтай байна. Томуу болон томуу төст өвчин нэмэгдэж, бага насны хүүхдүүд их өвдөж, эрүүл мэндийн байгууллагын ачаалал нэмэгдэж байгаа. Түргэн тусламжийн дуудлагын 13.7 хувийг хүүхэдтэй холбоотой дуудлага эзэлж байна. Иймээс ЭМЯ-тай хамтарч, орны зохицуулалт хийж, ачааллыг тэнцүүлэн ажиллаж байгаа. Өнгөрсөн хоёрдугаар сард 101.499 хүн дархлаажуулалтад хамрагдсан. Энэ нь зорилтот бүлгийн иргэдийн 6.2 хувь. Өдөрт 150-200 хүн дархлаажуулалт хамрагдаж байгаа” хэмээлээ.
Цэцэрлэгийн нэмэлт элсэлтээр 26.447 хүүхэд элсжээ
Хоёр жилийн хөл хорионы улмаас хүүхдүүдийн сурах чадвар, хоцрогдол, сургалтын арга барил ямар байгаа, хэрхэн сайжруулах төлөвлөгөөтэй байгааг Хотын дарга тодрууллаа. Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга "Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн ирц 96.1 хувьтай байлаа. Ерөнхий боловсролын сургуулийн 352 хүүхэд, 306 багш, цэцэрлэгийн 133 хүүхэд, 79 багш халдвар авсан. Хичээлийг хоцрогдлыг арилгах тухай Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаал гарч, түүнийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Цэцэрлэгийн хүүхдийн нэмэлт элсэлтийг зохион байгуулж, 26.447 хүүхэд цэцэрлэгт элсэж, сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт 78 хувьтай байна. Мөн 59 сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулсан 14 хоногийн хугацаанд замын хөдөлгөөний өглөөний оргил буюу 08:00 цагийн ачаалал сарнисан” гэв.
Цагийн зохицуулалтыг мөрдөхгүй байгаа "Үй Цай”, "Бритиш”, "Оргил”, "Сакура”, "Хобби”, "Уудам монгол” гэсэн зургаан хувийн сургууль байна. Сургуулиудад цагийн зохицуулалтыг мөрдөж ажиллах мэдэгдлийг хүргүүлжээ.
Нийтийн эдэлбэрийн зам талбайд худалдаа хийх 340 байршлыг гаргажээ
Нийслэлийн хэмжээнд 74 төрлийн худалдаа, үйлчилгээ эрхлэхэд зөвшөөрөл шаардахгүй болсон. Үүнтэй холбоотойгоор нийтийн эдэлбэрийн зам талбайд худалдаа хийх байршлыг тодорхойлон, тохижилтын ажлын даалгавар боловсруулах үүргийг Нийслэлийн Засаг дарга өгсөн. Хот байгуулалт, хөгжлийн газрын орлогч дарга М.Шижирбаяр "Нийслэлийн есөн дүүрэгт худалдаа, үйлчилгээ эрхэлж болох 340 байршлыг гаргаж, холбогдох даалгавар, худалдаа, үйлчилгээ эрхлэх түр байр нь ямар байх вэ гэдгийг судалж, дүүрэг бүрд өдөр, оройн цагаар ажиллах байршлуудыг гаргасан” гэв. Нийслэлийн Засаг даргын Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва "74 зөвшөөрлийг цуцалснаар хоёр сарын хугацаанд 700 орчим зөвшөөрөл авдаг байсан бол 1200 гаруй иргэн, хуулийн этгээд зөвшөөрөл авч, бизнес эрхлэх боломж 60 хувиар нэмэгдсэн. Энэ хугацаанд 46.2 мянган иргэн "Онлайн бизнес төв”-ийн системд хандсан байна” гэлээ.
Хотын дүрмийг боловсруулж байна
Нийслэлийн Засаг даргын Хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх тухай захирамжийн хүрээнд газар олголтын асуудлыг шийдвэрлэн, газрын гэрчилгээ олгох, гэрээ байгуулах ажлын талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг "Манайх бүтээн байгуулалтын 74 ажил хийхээр төлөвлөгөөндөө тусгасан. Үүний 31 нь авто замын, 22 нь сургууль, цэцэрлэгийн барилга, байгууламж, найм нь инженерийн байгууламжийн шугам сүлжээ, бусад 13 ажил байгаа. Сургууль, цэцэрлэгийн 22 барилга, байгууламжаас 19-ийнх нь захирамж, шийдвэр гарсан. Хоёр нь шүүхийн шатанд хянагдаж байгаа. Нэг байршил нь тусгай хамгаалалттай газарт хамаарах тул албан бичиг хүргүүлсэн” гэлээ. Хотын дарга Улаанбаатар хотын тойрог хурдны зам, Улаанбаатар хөнгөн галт тэрэгний газар чөлөөлтийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгож, Хотын дүрмийг хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулах ажлын явц ямар байгаа, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд хэзээ танилцуулахыг асуув. Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ "Хотын дүрмийн ажлын хэсэг ажиллаж байгаа. Гуравдугаар сард багтаан эхний төслөө Зөвлөлийн хурлаар танилцуулна” гэхэд гуравдугаар сарын 15-н гэхэд танилцуулах үүрэг өглөө.
4860 гарааш буулгахаар төлөвлөжээ
Бага тойруу бүс дэх хашаа, хайс, бүр гараашнуудыг буулгах ажлын явцын талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Батзориг "Энэ жил нийслэлд 188 байршилд 4860 гарааш буулгахаар төлөвлөсөн. Бага тойруугийн хэсэгт 63 байршилд 457 зөрчил арилгахаар төлөвлөсөн. Газрын эздэд энэ тухай мэдэгдлийг хүргүүлж байна. 4860 гараашны тухайд хоёр удаа мэдэгдэл хүргүүлсэн. Гуравдугаар сарын 15-наас газар чөлөөлөх ажлыг эхлүүлнэ” гэлээ.
Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, зарим худалдаа, үйлчилгээний байгууллагын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан. Үүнтэй холбоотойгоор гэмт хэргийн тоо өссөн эсэхийг Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга Р.Отгонжаргалаас тодруулахад цагийн хуваарьт өөрчлөлт оруулснаас хойш гэмт хэргийн тоо өсөөгүй. Дотоод үйл ажиллагаанд нь оролцохгүйгээр хяналт тавиад явж байгааг танилцууллаа.
Хүүхдийг зам, тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болгов
Хурлын төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар гурван чиглэлээр есөн үүрэг, даалгавар өглөө. Тухайлбал,
- Улс, нийслэлийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө болон бусад эх үүсвэрээр 2022 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэж, хяналтыг сайжруулж ажиллах.
- Энэ онд хөрөнгө оруулалтаар шинээр тавьж байгаа цахилгаан, дулаан, цэвэр бохирын шугам сүлжээ болон тохижилт, бүтээн байгуулалтын ажлуудын талаарх мэдээллийг иргэд, олон нийтэд мэдээлэх.
- Сургууль, цэцэрлэгийн биеийн тамирын болон тоглоомын талбайн тоног төхөөрөмж, сүүдрэвч, орчны эдэлбэр газрын аюулгүй байдалд хяналт тавьж, засвар үйлчилгээг тогтмолжуулан, хүүхэд бэртэж гэмтэхээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах;
- Хүүхдийн бие эрхтэнд гэмтэл учруулж болзошгүй хурц үзүүр, ирмэгтэй болон бүрэн бүтэн байдал нь алдагдсан эрсдэл бүхий техник хэрэгсэл, тоног төхөөрөмж ашиглахыг хориглох, зайлшгүй тохиолдолд бэхэлгээ, хаалт, хамгаалалт хийж, хяналт тавих ажилтныг томилох.
- Ерөнхий боловсролын цэцэрлэг, сургуулийн орчинд болон нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хүүхдийг зам, тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх.
- Авто замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврийг саадгүй зорчуулж, автобусны буудлуудыг таглаж зогссон жолооч нарт хариуцлага тооцох, дүрэм зөрчсөн тээврийн хэрэгслүүдийг журамлах, торгох, оноо хасах ажлуудыг эрчимжүүлж ажиллах.
- Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам талбай, авто замын тэмдэг, тэмдэглэгээний өнгө үзэмжийг сэргээх, далан суваг, борооны ус зайлуулах шугам сүлжээний барилга байгууламж, гуу жалга, нийтийн эдэлбэр газрын хог хаягдал, цас цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах.
- Нийслэлийн Засаг даргын 2021 оны "Ажлын хэсэг байгуулах тухай” А/1008 дугаар захирамжийн дагуу Нийслэл хотын дүрмийг хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг тус тус холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР