Сангийн яам 2021 онд 7883 аж ахуйн нэгж, 54.830 иргэнд хөнгөлөлттэй зээл олгожээ





Засгийн газар 2021 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн 42 дугаар тогтоолоор “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10.0 (арван) их наядын цогц төлөвлөгөө”-г баталж байсан. Энэ төлөвлөгөөний дагуу Монголбанктай хамтран иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, орон сууцжуулах, үйлдвэрлэл, үйлчилгээ, ажлын байрыг дэмжих, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, малчдын орлого амьжиргааг сайжруулахад зарцуулсан гэж Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг өчигдөр (2022.01.05) УИХ-ын Эдийн засгийн байнгын хороон дээр мэдэгдлээ.
Энэхүү цогц төлөвлөгөөний хүрээнд нийт хүн амын 60 хувийг вакцины бүрэн тунд хамруулах, 3500 аж ахуйн нэгж, 20.000 иргэнд хөнгөлөлттэй зээл олгож, ингэснээр 120.000 гаруй ажлын байрыг хадгалж, эдийн засгийн өсөлтийг бий болгох зорилтоо давуулан биелүүлсэн гэж Сангийн яамны эх сурвалж мэдээлжээ.

Тухайлбал, хүн амын 64.5 хувийг вакцины бүрэн тунд хамруулж, 7883 аж ахуйн нэгж, 54.830 иргэнд хөнгөлөлттэй зээл олгожээ. Төлөвлөгөөд тусгагдсан ажлын байрыг дэмжих репо санхүүжилтийн зээлд хамрагдсан бизнес эрхлэгчдийн 144.000 ажлыг байрыг хадгалж, ипотекийн зээлийн хөтөлбөрийн дам нөлөөгөөр барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн 171.000 ажлын байрыг хадгалсан байна.
Мөн цогц төлөвлөгөөний хүрээнд банкуудын эх үүсвэрээр олгогдсон ажлын байрыг дэмжих, 25.400 бизнес эрхлэгч, иргэн, аж ахуйн нэгж хамрагдсан бөгөөд эдгээр бизнес эрхлэгчдийн зээлийн хүүгийн 7 хүртэлх нэгж хувийг Засгийн газар хариуцан төлөхөөр зохицуулжээ. Энэ хүрээнд 2021 оны арван хоёрдугаар сарын гүйцэтгэлээр нийт 64.7 тэрбум төгрөгийн хүүгийн татаас хэлбэрээр санхүүжүүлсэн байна. Нийт 9657 аж ахуйн нэгж НӨАТ суутган төлөгчөөр бүртгэгдэж, гүйлгээний баримтын тоо 2020 онтой харьцуулахад 5 хувиар өсч, 647 саяд хүрчээ.

Улмаар дотоодын НӨАТ-ын орлогын хэмжээ 1.2 их наяд төгрөгт хүрч, 2020 онтой харьцуулахад 19.6 хувиар, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хэмжээ 2021 оны арван нэгдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 1.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 50 хувиар өссөн гэв.
Цогц төлөвлөгөөний нөлөөгөөр банкны нийт зээл олголт цар тахлын өмнөх үеэс 10 орчим хувиар өсч, 20 их наяд төгрөгт хүрчээ. 2021 оны эдийн засгийн бодит өсөлт 1 хувьд хүрч агших төлөвтэй байсан ч “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10.0 (арван) их наядын цогц төлөвлөгөө”-г хэрэгжүүлснээр эдийн засгийн бодит өсөлт 4.5 нэгж пунктээр сайжирч, хүлээгдэж буй гүйцэтгэлээр 2021 оны эдийн засгийн өсөлт 3.5 хувьд хүрэхээр байгаа гэлээ.

Цогц төлөвлөгөөнд тусгасан нийт 56 арга хэмжээний 25 арга хэмжээг 2021 онд, 3 арга хэмжээг 2021-2022 онд, 17 арга хэмжээг 2021-2024 онд хэрэгжүүлэхээр төлөвлөн, 11 арга хэмжээг халдвар тархалтын шаталсан түвшин, нөхцөл байдлаас хамаарч тухай бүрд нь хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд 2021 оны төлөвлөгөөний биелэлт 89 хувьтай гарсан байна.
Энэхүү төлөвлөгөөнд тусгагдсан ажлын байрыг дэмжих зээл нь бизнес эрхлэгчдийн зээлийн хүүгийн зардлыг бодитойгоор бууруулж, цар тахлын хүнд үед ажлын байраа хадгалж, үйл ажиллагаагаа цаашид хэвийн үргэлжлүүлэх боломжийг бүрдүүлж байгаа хэмээн дүгнэж, Засгийн газраас 2021 оны тавдугаар сарын 5-ны өдрийн  131 дүгээр тогтоол баталж, зээлийн эх үүсвэрийг 1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ.
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан