Газрын тосны стратегийн нөөцийнхөө тодорхой хэсгийг чөлөөлөхийг АНУ Хятадад санал болгожээ


Хурдацтай өсөж буй үнийг нь тогтворжуулахад туслах үүднээс газрын тосны стратегийн нөөцийнхөө тодорхой хэсгийг чөлөөлөхийг АНУ-ын удирдлага Хятадад санал болгожээ. Энэ тухай "South China Morning Post” сонин эх сурвалжаас эш татан мэдээлсэн байна. Тус сонинд мэдээлснээр, дээрх асуудлыг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын Ши Жиньпин нарын мягмар гарагт / Хятадын цагаар/ хийсэн цахим уулзалтын үеэр хөнджээ. Энэ сэдвийг мөн хоёр хоногийн өмнө АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Хятадын Гадаад хэргийн сайд Ван И нар утсаар ярих үеэрээ хөндсөн байна.


"Хоёр талын хувьд тулгамдсан асуудлуудын нэг бол эрчим хүчний хангамж юм. Одоогоор хоёр улсын эрчим хүчний байгууллагуудын аль аль нь энэ асуудлыг идэвхтэй хэлэлцэж байна" гэж нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Хятадын эрх баригчид энэ асуудалд ерөнхийдөө нээлттэй хандаж байгаа боловч дотоод хэрэгцээгээ харгалзан үзэх шаардлагатай гэж үзэн тодорхой үүрэг хүлээгээгүй байгаа аж.


АНУ-ын стратегийн нөөцөд 727 сая торх газрын тос бий. Харин Хятадад 200 орчим торх байгаа аж. Шинжээчдийн үзэж байгаагаар, хоёр улс хамтарсан арга хэмжээ авч, газрын тосны тодорхой хэсгийг нөөцөөсөө чөлөөлбөл дэлхийн зах зээлийн үнэд ихээхэн нөлөөлнө. Бээжингийн шийдвэрээс үл хамааран Вашингтон ирэх оны эхээр газрын тосны стратегийн нөөцөөсөө аажмаар зах зээлд нийлүүлж эхлэхээ ирэх долоо хоногоос зарлаж магадгүй гэж "South China Morning Post” сонинд бичжээ.


Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академийн эрчим хүчний мэргэжилтэн Ван Юнжунгийн хэлснээр, торх нефтийн үнэ одоогийн байдлаар 80 орчим ам.доллар байгаа нь Бээжингийн хувьд стратегийн нөөцөө яаран гаргах шаардлагагүй хэмжээний үнэ юм. "Техникийн үүднээс авч үзвэл, одоо Хятад улс үүнийг хийх цаг нь биш. Гэхдээ АНУ-д инфляц өндөр байгаатай холбоотой сэдэл бий. Гэсэн хэдий ч хоёр улс томоохон хэрэглэгч болохын хувьд түүхий нефтийн үнийг бууруулах нийтлэг ашиг сонирхолтой" гэж шинжээч онцлон хэлжээ.



скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан