Коронавирусын мутаци хувилбар Хятадын нутаг дэвсгэрт тархсантай холбоотойгоор манай улсын экспорт, импорт гацаанд ороод тодорхой хугацаа өнгөрөөд байна. БНХАУ хилийн хяналтаа чангатгасан тул нүүрс тээврийн 3500 жолооч хилийн боомтод саатсан, урт дараалал үүсгэсэн байдалтай байна. Хятад улс өнгөрсөн есдүгээр сард 4.3 сая тонн коксжих нүүрс импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 35 хувиар буурсан үзүүлэлт болжээ. Харин Монгол Улсаас импортолсон нүүрсний хэмжээ 39 хувиар буурч 659 мянга 94 тонн болсон байна.
Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад экспорт ийнхүү багасаад байгаа ч нүүрсний үнэ өндөр байгаа нь орлогод эерэгээр нөлөөлж байгаа гэж Уул уурхайн сайд сэтгүүлчидтэй уулзах үеэрээ хэлсэн. Тухайлбал, өнгөрсөн аравдугаар сарын 21-ний байдлаар манай улс 13.2 сая тонн нүүрс экспортолж, энэ оны гүйцэтгэл 46.2 хувьтай байгаа ч төсөвт төвлөрүүлсэн орлого нь өнгөрсөн жилийн энэ үетэй харьцуулахад 65.8 хувийн өсөлттэй байгааг тэмдэглэсэн юм. Энэ оны эхний есөн сарын байдлаар нүүрс экспортлогч аж ахуйн нэгжүүдээс улсын төсөвт 657 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн аж.
Хэрэв хил дээр үүсээд байгаа гацаа, саатал арилж, байдал хэвийн болбол ирэх жилүүдэд манай улсын нүүрсний экспорт, энэ салбарын хувьд ирээдүй тун таатай харагдаж байгаа. Цар тахлаас шалтгаалсан эдийн засгийн хямралын байдал дэлхий даяар огцом сайжирч байгаа нь салбар бүрт нийлүүлэлтийн хомсдол үүсгээд байгаа билээ. Ромд болсон G-20-ийн уулзалтаар нийлүүлэлтийн асуудлыг чухлаар авч үзэж ярилцсан. Тухайлбал, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден түүхий эдийн нийлүүлэлтийн хомсдол дэлхийн худалдаанд хэрхэн сөргөөр нөлөөлж буйг онцолсон. Түүний хэлснээр “Иргэдийн зүүдэлж ч байгаагүй хомсдолоос үүдсэн хямрал боллоо. Автомашинаас электрон бараа, гуталнаас тавилга хүртэл бүхий л бүтээгдэхүүн хомсдолтой байна” гэжээ.
Ялангуяа, Хятад улсад түүхий эдийн эрэлт огцом өсөөд байгаа билээ. Хамгийн сүүлийн мэдээллээр БНХАУ-д өнгөрсөн онд нүүрсний нийлүүлэлтээрээ тэргүүлсэн Шаньси мужид коронавируст халдварын тохиолдол бүртгэгдсэнээр нүүрсний нийлүүлэлт тасалдах вий гэсэн болгоомжлол үүсээд байна. Монголоос импортлох нүүрсний хэмжээ ч огцом багассан энэ үед тус улс Австралийн нүүрсний импортод тавьсан хязгаарлалтаа ойрын хугацаанд зөөллөхөөр судалж байж магадгүй гэж “SXCoal” мэдээлсэн нь анхаарал татаж байна. Ямар ч тохиолдолд Австралид тавьсан хоригоо сулруулахгүй гэж хатуу байр суурийг илэрхийлж байсан Хятад улс энэ асуудлыг авч үзэхээр ярьж эхэлсэн нь нүүрсний хомсдолоос шалтгаалсан эрчим хүчний тасалдалтай холбоотой гэж олон улсын хэвлэлүүд мэдээлж байгаа юм. БНХАУ-ын Хөгжил шинэтгэлийн хороо болон тус улсын Гаалийн ерөнхий газар Австралийн нүүрсний импортод тавьсан хоригоо цуцлах эсэх асуудлаар өнгөрсөн сарын 8-ны өдөр уулзалт хийсэн гэх мэдээлэл гарсан байна. Мөн БНХАУ-ын өмнөд хэсэгт Гуанжоу боомтод Австралийн нүүрс ачсан усан онгоц ачаагаа буулгаж эхэлсэн гэж “SXCoal” мэдээлжээ.
Зөвхөн БНХАУ гэлтгүй улс орнуудад нүүрсний хэрэглээ өндөр хэвээр байна. Дэлхийн хэмжээнд эрчим хүчний үйлдвэрлэлд нүүрсний эзлэх хувь өндөр хэвээр байна. Тухайлбал, шинээр баригдаж буй нүүрсний цахилгаан станцын тоо, хаагдаж байгаа цахилгаан станцын тоог давсаар байна.
Нүүрсний хэрэглээ нэмэгдэж байгаагаас эрчим хүчний салбарын нүүрстөрөгчийн ялгаруулалт 2022 онд дээд цэгтээ хүрэх төлөвтэй байгааг Олон улсын эрчим хүчний агентлаг мэдээлсэн юм. Энэ нь цахилгаан станцуудын нүүрсний хэрэглээ өссөнтэй холбоотой аж.
Өөрөөр хэлбэл, нүүрс ойрын хэдэн жилдээ байр сууриа амархан тавьж өгөхгүй чухал түүхий эд хэвээр байхаар байна. Манай улсын хувьд ирэх 2022 оны төсвийн тухай хуулийн төсөлд 36.7 сая тонн нүүрс, 1.2 сая тонн зэсийн баяжмал, 20 тонн алт, 9.5 сая тонн төмрийн хүдэр, баяжмал экспортолж уул уурхай, олборлох салбарын орлого 4.3 их наяд төгрөг байхаар мөн 6.3 сая баррель газрын тос экспортолж 277.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төсөвлөөд байгаа юм. Нүүрсний үнэ энэ хэвээр өндөр байвал биелэх боломжтой гэж мэдэгдэж байгаа. Уул уурхайгаас олох энэ орлого нь ирэх оны улсын нэгдсэн төсвийн орлогын 27.6 хувийг бүрдүүлэхээр байгаа юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.11.3 ЛХАГВА № 216 (6693)