Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр /2021.8.19/ 10.00 цагт Монголын түүх хичээлээр эхэлсэн. Шууд засалтын систем дүнг нэгтгэж дуусчээ. Харин Англи хэлний элсэлтийн шалгалтын хариу хараахан гараагүй байгаа юм. Шалгалтад оролцоогүй сурагчдын дахин хамруулах боломжтой эсэх талаар болон дүнг хэрхэн гаргаж байгаа талаар Боловсролын үнэлгээний төвөөс тодрууллаа.Одоогоор ямар нэгэн гомдол санал ирээгүй. Түүхийн шалгалт дээр хамгийн өндөр оноо болох 92 оноог орон нутгийн зургаан сурагч авсан. Харин нийслэлээс 85 оноо авсан сурагч хамгийн өндөр оноо авсанд тооцогдож байна гэв.
Шалгуулагчид дүн оноогоо LIVE.EEC.MN цахим хаягт хандаж, шууд үзэх боломжтой. Англи хэлний шалгалтын дүн 16.00 цагт гарч эхэлнэ.
Улсын хэмжээнд Монголын түүхийн хичээлийн шалгалтад нийт 3345 шалгуулагч бүртгүүлсэн. Үүнээс 2491 нь буюу 74.4 хувь нь шалгалтад оролцсон. Аймаг, хотоос ирүүлж байгаа мэдээгээр цар тахлын улмаас ирцэд нөлөөлсөн зүйл ажиглагдаагүй. Шалгалтад ирээгүй 850 гаруй сурагчдын шалтгааныг тодруулахад шалгалт өгөх шийдвэрээ цуцалсан, эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгаан болон бусад шалтгаанаас болж өгч чадаагүй байна.
Олон жилийн ирцийг аваад үзэхэд өмнөх оны төгсөгчид шалгалтдаа бүртгүүлсэн боловч ирдэггүй тохиолдол гардаг. Нийслэл, орон нутгийн хэмжээнд шалгалтын 82 байранд халдвар хамгаалалтын дэглэмийг баримталж шалгалтыг зохион байгуулж байна. Ямар нэгэн гомдол үнэлгээний төвд ирээгүй гэдэг тайдбар мэдээллийг өглөө.
Бид элсэлтийн ерөнхий шалгалтыг авч буй нийслэлийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль дээр очиход монголын түүхийн шалгалтад манай сургууль дээр 31 хүүхэд хамрагдах нэрс өгсөн. Гэхдээ 29 хүүхэд нь ирж шалгалтад хамрагдсан. Бүртгэлийн ажилтнууд сургуулийн гадаа хүүхдүүдийг бүртгэж халууныг шалгаж нэвтрүүлсэн. Өнөөдрийн байдлаар англи хэл болон түүхийн шалгалт өгсөн хүүхдүүдээс халдварын шинж тэмдэгтэй сурагч байгаагүй. Мэдээж тусгаарлах анги танхимыг бэлдсэн. Шалгалтад ирээгүй сурагчидтай холбогдож шалтгааныг тодруулж байгаа гэсэн юм.