Иргэн Б: НОСК-ийн нэр бүхий ажилчид иргэдээс залилсан зургаан тэрбум төгрөгөө богино хугацаанд барагдуулахыг шаардаж байна



ОРОН СУУЦНЫ УРЬДЧИЛГАА НЭРЭЭР 200 ГАРУЙ САЯ ТӨГРӨГ ЗАЛИЛУУЛСАН ИРГЭН Б: НОСК-ИЙН НЭР БҮХИЙ АЖИЛЧИД ИРГЭДЭЭС ЗАЛИЛСАН ЗУРГААН ТЭРБУМ ТӨГРӨГӨӨ БОГИНО ХУГАЦААНД БАРАГДУУЛАХЫГ ШААРДАЖ БАЙНА

Цахим хуудсаар “Орон сууцны урьдчилгаа” нэрээр 100 гаруй иргэнээс нийт зургаа орчим тэрбум төгрөг залилсан гэх хэргийг цагдаагийн газраас шалгаж байна. ТОСК, НОСК-ийн квотын байруудыг “Түрээслээд-Өмчлөх” хөтөлбөрийн хүрээнд иргэдэд зах зээлийн үнээс доогуур зарж, намдаа санхүүжилт босгох гэж байгаа хэмээн эхнэр, нөхөр хоёр тэргүүтэй хэсэг хүмүүс иргэдийг залилжээ. Тэд өөрсдийгөө НОСК-ийн ажилтан, МАН-ын орон тооны бус Санхүүгийн албаны дарга хэмээн танилцуулж, Зайсан орчмын өндөр үнэтэй орон сууцнуудаас нэг м.квадратыг нь 1.1 сая төгрөгөөр нууцлалын гэрээгээр борлуулж байна хэмээн иргэдэд итгүүлсэн байна.


 


Байрны урьдчилгаа өгсөн иргэдэд шинээр ашиглалтад орсон орон сууцнуудын түлхүүр өгч, айлуудыг байранд оруулж эхэлжээ. Өндөр үнэтэй орон сууцнуудад зах зээлийн үнээс 2-3 дахин хямд үнээр, ердөө урьдчилгаа мөнгө өгөөд орсон иргэд ах дүү, найз нөхдөө үүнд татан оруулсаар хохирогчдын тоо нэмэгджээ. Түүнчлэн иргэдийг орсон байрныхаа төлбөрийг 1-2 жилийн хугацаанд төлсөн тохиолдолд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгнө хэмээн хуурсан байна. Залилагчид нэр бүхий орон сууцны компаниудад урьдчилгаа төлж, түлхүүрийг нь авсан даруйдаа иргэдэд өгсөн байжээ. Түлхүүрээ өгсөн орон сууцны компаниуд байранд нь хууртагдаж орсон иргэдэд “Тийм хямдхан орон сууцаа борлуулах боломжгүй” гэж хэлээд байрнаасаа хөөж гаргасан байна. Залилагчид иргэдэд итгэл төрүүлэхийн тулд өөрсдөө “АСЕМ ВИЛЛА” хаус хотхонд амьдарч, 9911-тэй дугаар барьж, Лексус-570 машин унаж, тэр ч бүү хэл зарим нь УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшсэн байна” гэсэн мэдээлэл яваад байгаа юм.

Тэгвэл энэ мэдээллийг тодруулахаар нэр холбогдоод байгаа хүмүүс болон залилуулсан гэх иргэдтэй ярилцлаа.


ИРГЭН Б: ТЭР ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦТАЙ ХИЙСЭН БИЧИГ БАРИМТ НЬ ЯМАР Ч ТАМГА ТЭМДЭГ БАЙХГҮЙ, ЗҮГЭЭР Л ГАРЫН ҮСЭГ ЗУРЧИХСАН ЗҮЙЛҮҮД БАЙСАН

-100 гаруй иргэнээс зургаан тэрбум төгрөг залилсан хэргийг шалгаж байгаа гэсэнЯг юу болсон тухай тодорхой ярихгүй юу?

-2019 онд ТОСК, НОСК-ийн квотын байруудыг “Түрээслээд-Өмчлөх” хөтөлбөр явагдаж байгаа тухай Ж.Бодьсад гэх хүн над руу ярьсан л даа. Ингээд 2019 оны нэгдүгээр сараас урьдчилгаа 22-30 сая төгрөг аваад айлуудыг “Туул Ван” гэж хотхонд оруулж эхэлсэн байдаг. Ингэхдээ жилийн хүүгүй, эргэн төлөлтөөр буюу түрээслэх маягаар сар бүр 450-500 мянган төгрөг төлөөд дууссаны дараа тухайн байр өөрсдийнх нь болно гэж хэлээд оруулсан байдаг.

Тухайн үед арав гаруй айлууд орсон байх. Мөн түүний дараа ТОСК-иас “Чухаг”, “Хүннү 2222”, “Дөл” зэрэг хотхонд иргэдийг оруулсан. Зарим айлууд ороод зарим нь орж чадалгүй сунжраад яваад л байсан. Гэхдээ тухайн байрандаа орохдоо борлуулалтын албан дээр нь очиж болохгүй гэдэг. Яагаад вэ гэхээр “Байрны нэг м.кв-ын үнэ нь нэг сая 150 мянган төгрөг хүртэл хөнгөлөлттэй нөхцөлөөр оруулж өгч байгаа. Тийм учраас та бүхэн борлуулалтын албан дээр очиж уулзаж болохгүй, очиж уулзвал дарга нар мэдчихээд бөөн юм болоод байна шүү” гэж хэлээд байсан. Түүний дараа “Модун”, “Цэнгэлдэх” зэрэг хотхонд айлууд орсоор л байсан. Мөн 2020 оны сонгуулийн дараа нам ялсан учраас урьдчилгаа 35 сая төгрөг аваад айлуудын байрны бичиг баримтыг гаргаад өгнө гэж хэлээд мөн л олон хүмүүсээс мөнгө авсан юм байна. “МАН-ын менежерүүдэд нь өгөх гэж байгаа байр байгаа юм. Гэхдээ зарим хүмүүс нь авахгүй гээд тэр байрнаас нь ганц хоёр байр сугалж байгаа” гэж ярьсан байгаа юм. Ингэж явсаар бид 2021 оны гуравдугаар сард луйвар гэдгийг нь мэдсэн. Ж.Бодьсад, Э.Солонго, Э.Болорчулуун гээд энэ хүмүүс зохион байгуулалттай явсан юм уу, үнэхээр ТОСК-тай холбоотой юу гэдгийг мэдэхгүй байна. Мөн НОСК-ийн дэд дарга С.Дорждэрэм болон, хэлтсийн дарга н.Мөнхзаяа гэх хүний нэр холбогдсон байдаг.

-Та өнгөрсөн хугацаанд байрны урьдчилгаа гэж хичнээн төгрөг төлсөн бэ?

-Миний хувьд 200 гаруй сая төгрөг өгчихсөн явж байна. Байрны чинь бичиг баримт гарахаар түлхүүрийг чинь өгнө гээд байгаад байсан. Би 2020 оны нэгдүгээр сард “Түлхүүрээ өгөхгүй бол мөнгөө авъя” гээд ярьсан. Гэтэл урдаас “Төлбөрийг 80 хувиас илүү барагдуулах юм бол айлуудыг оруулж байгаа” гээд мөнгө нэмж авсан. Энэ мэт надтай адилхан маш олон хүн байгаа. Ингээд арай гэж байрандаа орсон хүмүүст түрээсийн орон сууцны төлбөр, ус цахилгааны мөнгө зэрэг баахан мөнгө төлөөгүй гэсэн нэхэмжлэлүүд ирж эхэлсэн. “Бид энэ байрыг худалдаж авах гэж байгаа. Энэ байр чинь ТОСК, НОСК-иас хөнгөлөлттэй олгож байгаа байр” гээд хэлсэн байдаг. Гэтэл тэр түрээсийн орон сууцтай хийсэн бичиг баримт нь ямар ч тамга тэмдэг байхгүй, зүгээр л гарын үсэг зурчихсан зүйлүүд байсан.

-Одоо энэ асуудал цагдаа дээр шалгагдаж байгаа гэсэн үү?

-Тийм. Ер нь бол 2021 оны гуравдугаар сард үнэн худал нь эргэлзээтэй болоод илэрсэн. Одоогоор энэ хэрэг Нийслэлийн мөрдөн байцаах газар оччихсон шалгагдаж байгаа.

-Та бүхэн тавдугаар сарын 24-нд МАн-ын дарга У.Хүрэлсүхэд энэ асуудалд анхаарал хандуулна уу гэсэн хүсэлт гаргасан байна шүү дээхариу ирсэн үү?

-Хохирогчид нийлээд хүсэлт гаргаад явуулсан. Тэгсэн “Энэ асуудал намтай ямар ч хамааралгүй” гэсэн хариу ирсэн гэдэг. Мөн бид ХЗДХЯ-ны сайд Х.Нямбаатарт хүсэлт явуулсан. Хүсэлтийн дагуу сайд яаралтай анхааралдаа авсан. Тэр дор нь биднээс мэдүүлэг аваад, нөгөө талаас холбогдох хүмүүсийг хорих ангид аваачсан. Ж.Бодьсад, Э.Солонго нарыг гуравдугаар сарын 29-ний үед хорих ангид хорьсон. Гэтэл Э.Солонго нь хүүхдийнх нь бие өвдсөн гээд баахан бичиг үзүүлээд суллагдсан гэсэн. Гэтэл одоо хүртэл гадуур сэлгүүцээд яваад л байна. Ингээд болохгүй болохоор нь бид Б.Отгон сэтгүүлчид хандаад баримт материалаа хэлсэн байдаг. Хамгийн гол нь хэргийг шалгах явц удаашраад байна л даа.

-Нийт хичнээн иргэд хохирсон бэ?

-Гэр оронгүй болсон 100 гаруй айл өрх бий. Үүнийг задлаад яривал маш олон хүн байгаа. Мөн зургаан тэрбум төгрөгөөр хохирсон гэж ярьж байгаа ч цаана нь 8-10 тэрбум төгрөгөөр хохирсон гэж яригдаж байгаа. 500 гаруй хүн эд хөрөнгө, сэтгэл санаагаараа хохирсон. Одоо хамгийн гол нь бидний мөнгийг олж өгөөсэй гэсэн хүсэлтэй байна. Бид тэдгээр хүмүүсийг шоронд хийхдээ гол нь биш. Ямар нэгэн байдлаар хурдан хугацаанд хохирсон хүмүүсийн хохирлыг л барагдуулах хэрэгтэй байна.

НОСК-ИЙН ДЭД ДАРГА С.ДОРЖДЭРЭМ: БИ ХЭРЭВ ХҮМҮҮСЭЭС МӨНГӨ ЛУЙВАРДСАН БОЛ ОДОО ШОРОНД БАЙХ ЁСТОЙ БИЗ ДЭЭ

Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс НОСК-ийн дэд захирал С.Дорждэрэмтэй холбогдож энэ талаар тодруулахад “Би хэрэв хүмүүсээс мөнгө луйвардсан бол шоронд байх ёстой биз дээ. Одоо ярих боломжгүй байна” гэсэн юм.

САНЖААГИЙН ЛХАМСҮРЭН

Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН

скачать dle 12.0

  • Шинэ мэдээ
  • Их уншсан