Испани болон Их Британи Brexit-тэй холбоотойгоор Гибралтарын асуудлаар байгуулах улс төрийн санамж бичгүүдийг зөвшилцөж тохиролцоонд хүрсэн боловч Их Британийг Европын Холбооноос /ЕХ/ гарах тухай гэрээнд хориг тавих эрхээсээ Мадрид татгалзахгүй гэдгээ мэдэгджээ.
Энд Их Британийг ЕХ-ноос гарах тухай гэрээний нэг хэсэг болох урьд нь зөвшилцөж баталсан Гибралтарын асуудлаарх протоколын хүрээнд харилцан ойлголцох тухай дөрвөн санамж бичгийн тухай яригдаж байгаа юм.
Эдгээр баримт бичгүүдийн дотор Гибралтарт хямд үнэтэй байдгийн улмаас Испанид хууль бусаар оруулдаг тамхины үнийг зохицуулах тухай баримт бичиг буй. Гибралтарын эрх баригчид тамхины үнийг өсгөхийг зөвшөөрсөн байна. Хоёр дахь баримт бичиг хил орчмын ажилчидтай холбоотой. Гибралтарын хилээр Испаниас энд ирж ажилладаг 10 мянга гаруй хүн өдөр бүр орж гардаг байна. Гурав дахь асуудал нь хүрээлэн буй орчинтой, дөрөв дэх баримт бичигт цагдаа болон хилийн хамтын ажиллагаатай холбоотой асуудлыг хөнджээ.
Мөн татвартай холбоотой асуудлууд байгаа аж. Гибралтарт татварын хэмжээ бага байдаг нь Испанийн компаниуд татвараас зайлсхийхийн тулд Гибралтарт бүртгүүлэхэд хүргэж буйд Испанийн эрх баригчид санаа зовниж байгаа аж. Энэ асуудлыг зохицуулах үүргийг Гибралтарын эрх баригчид хүлээжээ.
Үүний сацуу, гол асуудал хэвээр байна. ЕХ болон Их Британи хооронд байгуулах Brexit-ийн гэрээнд Испани хориг тавьж магадгүй байгаа юм. Brexit-ийн гэрээг энэ сарын 25-нд Брюссельд болох ЕХ-нд үлдэж буй 27 орны удирдагчдын ээлжит бус дээд хэмжээний уулзалтын үеэр хэлэлцэнэ.
Хэрэв Испани болон Их Британи Гибралтарын асуудлаар шууд хэлэлцээ хийнэ гэж тусгахгүй бол манай улс Brexit-ийн гэрээг эсэргүүцсэн санал өгнө гэж Испанийн Ерөнхий сайд Педро Санчес мягмар гарагт мэдэгджээ.
Гибралтар бол Испани улс өөрийн газар нутаг гэж маргалддаг Их Британийн далайн чанадын газар нутаг юм.