Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн болон Нийтийн тээврийн үйлчилгээний газрын удирдлагууд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд нийтийн тээврийн үйлчилгээний нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцлаа.Улаанбаатар хотын хэмжээнд 870 гаруй автобусны буудал байдаг. Тэдгээрээс Таван шар, Саппоро, Офицеруудын ордон, Багшийн дээд, 21-р хороолол зэрэг 10 гаруй автобусны буудал хөл хөдөлгөөн ихтэй, хамгийн өндөр ачаалалтай байдаг юм. Учир нь эдгээр буудлаас иргэд хамгийн их дамжин суудаг. Иймээс иргэдийн ачаалал их байдаг 21-р хороолол болон Таван шарын автобусны буудал дээр очсон юм.
Нийтийн тээврийн 58 чиглэлд өчигдөр 315 автобус үйлчилгээнд явж байсан бол өнөөдөр автобусны тоог нэмж 641 болгожээ. Энэ талаар Нийтийн тээврийн үйлчилгээний газрын орлогч дарга Х.Булгаа “Тээврийн хэрэгслийн тоог хоёр дахин нэмсэн. Иргэдийн зорчилт өндөр байна. Хяналт, шалгалтын байцаагч нар иргэд хоорондын зай барилтыг шалгаж байгаа ч зорчигчдын тоо буурахгүй байна” гэлээ.
“Улаанбаатар смарт карт” компанийн Бизнес хэрэгжилтийн хэлтсийн дарга М.Мөнхболд:
“Нийтийн тээврээр өчигдөр 110898 зорчигч үйлчлүүлсэн. Үүний 63 хувь нь энгийн картаар төлбөр төлж зорчсон иргэд. Өөрөөр хэлбэл, хязгаарлалт тогтоогоогүй 15 салбарын иргэд нийт зорчигчдын 63 хувийг эзэлж байна гэж ойлгож болно. 36 хувь буюу 40623 зорчигч хөнгөлөлттэй карт ашигласан. Ахмадын картаар зорчигчид 23 хувийг, хөгжлийн бэрхшээлтэй иргэд есөн хувийг эзэлж байна” гэв.
“Өглөө 07:00-08:00 цагийн хооронд ачаалал хамгийн их байдаг”
Мөн иргэдэд хяналт тавьж буй Нийтийн тээврийн үйлчилгээний газрын шалгагч нар “Ачаалал их байна. Тэр дундаа өглөө 07:00-08:00 цагийн хооронд ачаалал хамгийн их байдаг. Өдөр бол харьцангуй бага байна. Өчигдөр нийт зорчигчдын 30 гаруй хувийг ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд эзэлж байсан. Албан хаагчид иргэдийн бичиг баримтыг шалгаж, зарим хүнийг буцааж байгаа. Зөвшөөрөгдсөн 15 салбарын иргэд бичиг баримттайгаа явж байгаа ч бичиг баримтгүй иргэд нийтийн тээврээр үйлчлүүлж байна. Энгийн иргэд бичиг баримтаа шалгуулдаггүй. Ажилдаа явж байна гэж хэлдэг” хэмээсэн бол иргэд “Автобус ойрхон ирж байгаа ч хүн их байна” гэдгийг хэлж байлаа.
Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн “Автобусны тоог нэмж байгаа ч иргэдийн зорчих хөдөлгөөн буурахгүй байна. Уг нь хөл хорионы үеэр хязгаарлалт тогтоогоогүй салбарынхан л нийтийн тээврээр үйлчлүүлэх ёстой. Гэтэл энгийн иргэд олноор үйлчлүүлж байна” гэв. Мөн үүнд хяналт тавьж, эдгээрт анхаарсан зохицуулалт хийх ёстойг холбогдох албаныханд санууллаа.