Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тавдугаар сарын 9-нд юу ярих вэ?

 
“Дөрөвдүгээр сарын 5-наас 14 хоногийн хатуу хөл хорио тогтоож магадгүй” гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 14 хоногийн өмнө зарлаж байв. Хатуу хөл хорио тогтоохоор бол урьдчилж анхааруулна гэснийхээ дагуу ийн хэлсэн бололтой. Гэхдээ өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаас хатуу хөл хорио тогтоохгүй байх шийдвэрийг гаргав. Харин дөрөвдүгээр сарын 5-наас вакцинжуулалтыг нэлээд өргөн хүрээнд хийхээр болсон байна. Энэ ажлын бэлтгэлийг Засгийн газар хэдийнэ хангасан гэх мэдээлэл байгаа юм. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд гуравдугаар сарын сүүлчээр “Дөрөвдүгээр сарын 5” гэж яриад байсан нь вакцин нөөцлөх ажилдаа авсан хугацаа бололтой. Түүнийг вакцин үйлдвэрлэгч зарим улс руу бараг арваад удаа захидал явуулж, өдөр бүр биечлэн утсаар ярьж байгаа тухай яригдаад байсан. Энэ үнэн эсэх нь ирэх өдрүүдэд харагдана.
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уржигдар эмч нартай уулзахдаа “Дөрөвдүгээр сард вакцинжуулалтад ахиц гарах болно. Өнөөдөр долоон хүн тутмын нэгийг дархлаажуулж байна. Үүнийг хоёр хүн тутмын нэг болгоно” гэв.Ерөнхий сайдын хэлснээс үзвэл Засгийн газар, УОК энэ сард багадаа нэг сая хүнийг вакцинд хамруулахаар төлөвлөсөн болж таарав. Ер нь бол дэлхий вакцины уралдаанд орчихоод байна. Манай улс долоон хүн тутмын нэгийг вакцинжуулалтад хамруулж байгаа нь чамлахааргүй амжилт гэдгийг олон улсын зүгээс дүгнэсэн. Тэгэхээр одоо хүн бүр хувийн ариутгал халдваргүйжилтийн дэглэмээ барих нь чухал болсон гэсэн үг.
БНСУ, Япон гэсэн Азийн томоохон улс энэ уралдаанд тааруухан “давхиж” байх жишээтэй. Тэр ч бүү хэл, вакцинжуулалтын асуудал Японы ерөнхий сайдыг огцрох хэмжээнд хүртэл яригдаж байх юм. Дэлхий дахинд ингэж вакцины хүртээмжгүй нөхцөл байдалтай байгаа юм. Нөгөөтэйгүүр Л.Оюун-Эрдэнэ 2021 оны хоёрдугаар сарын 27-нд Ерөнхий сайдаар дөнгөж томилогдоод УИХ-ын чуулганы индэр дээрээс “Хүн амаа вакцинжуулах нь бидний нэн тэргүүний зорилт. Цар тахлын голомтод ажиллаж буй ажилтан, албан хаагчид, эрсдэлтэй бүлгийнхэн, цаашлаад нийт иргэдээ ДЭМБ-ын зөвшөөрсөн вакцинд үе шаттай хамруулах ажлыг Засгийн газар эхний 100 хоногт зохион байгуулахын тулд бүх нөөц боломжоо дайчлан ажиллана” гэж байв. Үндсэндээ ийм амлалтыг өгсөн. Засгийн газрынх нь 100 хоног ирэх тавдугаар сарын 9-нд тохионо. Тэгэхээр сар гаруйхны дараа гэхэд халдварын тоо буурч, вакцинжуулалтад хоёр хүн тутмын нэг нь хамрагдчихсан байж чадвал Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэр өдөр “хэлэх үг, ярих юм”-тай болно гэсэн үг.
 
 
Т.Батсайхан
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан