Оксфордын их сургууль болон AstraZeneca компанийн хамтран боловсруулсан вакцин Өмнөд Африкийн гэгдэх коронавирусийн шинэ хувилбараас төдийлөн сайн хамгаалж чадахгүй байгаад дэлхийн улс орнууд санаа зовниж байна. Уг бэлдмэлийг олон орон хэрэглэхийг зөвшөөрсөн ч коронавирусийн шинэ хувилбар хурдацтай тархвал AstraZeneca вакцин хүссэн үр дүнгээ өгөхгүй гэж үзэж байгаа аж.Өмнөд Африкийн эрдэмтдийн хэлснээр тус улсад коронавирусийн шинэ омог (501.V2) нь Covid-19 туссан хүмүүсийн 90 хувийнх нь өвчний шалтгаан болоод байгаа аж. 2000 хүн оролцсон сүүлийн клиник туршилтаар уг вакцин өвчний хүндэрсэн хэлбэрээс хамгаалах ба хөнгөн болон хүндэвтэр шинж тэмдгийн үед маш бага хэмжээнд хамгаалдаг болохыг тогтоожээ.
Туршилтын үр дүнг хараахан баталгаажуулаагүй ч олон орон AstraZeneca вакциныг худалдаж авахдаа эргэлзэж байгаагаа илэрхийлсэн байна. Европын улс орнууд уг вакциныг 55-аас дээш насныханд үзүүлэх нөлөөлөл нь сул тул ахмад настнуудад тохиромжгүй гэж үзжээ.
Өмнөд Африкийн коронавирусийн шинэ омог хилийн чанадад идэвхтэй тархаж байна. Тухайлбал, Их Британид 147 тохиолдол илрээд байгаа аж. Тус улс одоогоор 12 сая хүнд вакцин хийгээд байгаа бөгөөд ихэнх нь AstraZeneca-гийн вакцин тариулжээ. Тус компани намар гэхэд вакцинаа сайжруулахаа амласан байна.