"Худал мэдээлэл тараах" болон "гүтгэх" гэдэг нь огт хоёр ондоо зүйл. Эдгээрийн ард иргэний нэр төр, алдар хүндээс гадна хүний үзэл бодлоо илэрхийлэх, итгэл үнэмшилтэй байх эрх чөлөө хөндөгддөг. Учир нь иргэд хэзээд "Чи бол адгийн улстөрч" , эсвэл "Танай нам, танай Засгийн газар улс орноо хорлон сүйтгэж байна" гэж үнэлэх буюу шүүмжлэх эрхтэй байдаг.
Өмнөх УИХ-ын үед /УИХ-ын гишүүн байхдаа/ Зөрчлийн хуулийн "гүтгэх" заалтыг Эрүүгийн хуульд оруулж, эрүүгийн ял хариуцлагатай болгосон Хууль зүйн сайд Х.Нямбаатар Эрүүгийн хуулиар дахин оролдож эхэллээ. Ингэхдээ хуулийн 13.14-т байсан "худал мэдээлэл тараах" гэмт хэргийн заалтыг нарийвчилж, "сонгуульд нэр дэвшсэн улстөрчид, улс төрийн намын нэрийн хүндэд халдах" шинэ заалтыг оруулж ирсэн байна.
Мөн энэ гэмт хэргийн ял, хариуцлагыг чангатгаж, өмнө 450-2700 нэгжтэй тэнцэх /450.000-2.700.000 төгрөг/ мөнгөн торгууль оногдуулдаг байсныг 5400 нэгжтэй тэнцэх /5.400.000 төгрөг/ хэмжээний торгууль оногдуулах болон нэг жил хүртэл хорих ялаар шийтгэхээр хуулийн төсөлд тусгажээ.
Энэ гэмт хэргийг "зохион байгуулалттай бүлэглэл" үйлдсэн бол /3 болон түүнээс дээш хүн оролцсон/ 27 сая хүртэл төгрөгөөр торгох, эсвэл таван жил хүртэл хугацаагаар хорих, хуулийн этгээд оролцсон бол 80 сая хүртэл төгрөгийн торгууль оногдуулахаар хуульчилсан байна.
Ердөө аравхан сарын өмнө /2020 оны нэгдүгээр сард/ хуульд өөрчлөлт оруулахдаа "Иргэний нэр төрийг хамгаалахын тулд" хэмээн гөрдөж байсан Х.Нямбаатар сайдтан өнөөдөр багаа тайлаад, өөрсөддөө зориулсан хуулийн төсөл бичсэн байна. Гүжрийн үгэнд сөөм хариугүй гэдэг болох нь.
Одоогоос 10 сарын өмнө Эрүүгийн хуульд шинээр оруулсан "худал мэдээлэл тараах" буюу гүтгэх /өмнө зөрчлийн хуульд байсан "гүтгэх" заалтыг тэр хэвээр нь бичсэн/ заалт нь анхнаасаа маргаан дагуулж, хэвлэл мэдээллийн байгууллага болон сэтгүүлч, хэвлэн нийтлэгчдийн зүгээс эсэргүүцэлтэй тулгарснаар ирсний дээр өнөөдөр хуулийн уг заалтыг нарийвчилсан үйлдэл нь жинхэнээсээ иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх буюу "хувь хүн байх" эрхийг ноцтойгоор зөрчсөн үйлдэл хэмээн үзэж, МСНЭ-ээс мэдэгдэл гаргасан байна.
Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хуулийн 13.14-т "худал мэдээлэл тараах" гэмт хэргийг "Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ" хэмээн зохицуулсан бий.
Х.Нямбаатар сайдын сая санаачилсан төсөлд уг заалтыг нарийвчлахдаа,
1. захиалгаар
2. хүүхдийн эрхийг зөрчиж,
3. үзэл бодол, арьсны өнгө, үндэс угсаа, шашин шүтлэг, бэлгийн болон хүйсийн чиг хандлагаар нь үзэн ядуулж,
4. гамшиг, цар тахлын үед үнийн хөөрөгдөл, бараа, бүтээгдэхүүний хомсдлыг бий болгож,
5. сонгуульд оролцсон улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчийн нэр хүндэд халдаж үйлдсэн бол... хэмээн дэлгэрүүлсэн байна. Хуулийн нэмэлт өөрчлөлтийн үндсэн зорилго сүүлийн энэ заатад байсан гээд хэлчихэд буруудахгүй болов уу. Өмнөх дөрөв нь зүгээр өнгөлөн далдлалт юм.
Сануулахад, төслийн 2.5 буюу "сонгуульд оролцсон улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигч"-тэй холбоотой заалт нь угаасаа Сонгуулийн тухай хуулиар зохицуулагдсан харилцаа. Гэтэл үүнийг Эрүүгийн хуульд давхардуулан оруулж, эрүүгийн ял, хариуцлага хүлээлгэхээр болсон нь Х.Нямбаатар гишүүний хувийн тооцоо буюу "эрх ашгийн эрэмбэ дараалал" илчлэгдэж буйн тод илрэл.
Хоёрдугаарт, "Худал мэдээлэл тараах" болон "гүтгэх" гэдэг нь огт хоёр ондоо зүйл. Эдгээрийн ард иргэний нэр төр, алдар хүндээс гадна хүний үзэл бодлоо илэрхийлэх, итгэл үнэмшилтэй байх эрх чөлөө хөндөгддөг. Иргэд, олон нийт "Чи бол адгийн улстөрч" , эсвэл "Танай нам, танай Засгийн газар улс орноо хорлон сүйтгэж байна" гэж үнэлэх буюу шүүмжлэх эрхтэй байдаг. Тиймээс ардчилал хөгжсөн орнуудад “худал мэдээлэл тараах” гэмт хэргийн сэдлийг “олон нийтийг хагаралдуулах, нийтийн эмх замбараагүй байдал үүсгэх зорилгоор худал мэдээлэл тараах” гэж тодорхойлдог байна. Энэ тохиолдолд мэдээж эрүүгийн ялтай.
Харин манай эрх баригчид өнгөрөгч нэгдүгээр сард Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахдаа “худал мэдээлэл тараах” гэмт хэргийг тодорхойлохдоо 2002 оны хуучин Эрүүгийн хуульд байсан “Гүтгэх” заалтыг яг тэр хэвээр нь (Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараах) бичээд оруулчихсан. Энэ нь угаасаа Иргэний хуулиар зохицуулагдаад ирсэн харилцаа. Монгол Улсын иргэн өөрийн нэр төр, алдар хүнд гутаагдсан гэж үзвэл шүүхээр нэр төрөө сэргээлгэх, учирсан хохирлоо нөхөн төлүүлэх эрхтэй.
Тиймээс өмнөх УИХ-ын үед хуульд өөрчлөлт оруулах үед "Иргэний хуулиар зохицуулагдах ёстой харилцааг яагаад эрүүжүүлээд байгаа юм бэ? Хуулийн давхардлыг бий болгоод байна шүү дээ" гэдэг эсэргүүцлийг хэвлэн нийтлэгчид, хуульч, судлаачдын зүгээс маш олон удаа гаргаж тавьсан ч ямар ч хяналтгүй олонхи болсон эрх баригчид нохой хуцсан чинээ сонсолгүй өнгөрсөн. Иргэний хуулиар зохицуулагдах ёстой харилцааг Эрүүгийн хуульд бичиж, ял хариуцлагатай болгосон байдаг.
Тухайн үед "Худал мэдээлэх" заалтыг Эрүүгийн хуульд оруулж ирэхдээ "Улс төрд нөлөө бүхий этгээдэд Эрүүгийн хуулийн энэ заалт хамаарахгүй юм шүү. Иргэнийхээ эрхийг хамгаалахын төлөө л ингэж байгаа юм" хэмээн бөгсөн дээр жин тавьж байсан эрх баригчид манийгаа сайхан тонгорсныг ч бид одоо харж байна. Ийм юм болно гэдэг нь ч цаг хугацааны л асуудал байлаа.
Хуулийн төслийг эсэргүүцэж, МСНЭ-ээс гаргасан мэдэгдлийг дор нийтлэв. inews.mn