Монголд хар тамхи хэрэглэгчдийн тоо 100 мянгаас хол давжээ

Өргөн уудам газар нутагтай ч хүн ам нь дэндүү цөөн манай улсын хувьд Улаанбаатарын агаарын бохирдлоос дутахгүй нэгэн аюул заналхийлж байгаа нь хар тамхины хэрэглээ буюу “цагаан тахал” болоод байна. Энэ оны эхний есөн сарын байдлаар Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх албанд энэ төрлийн 131 хэрэгт 260 орчим хүн холбогдож шалгагдсаны дотор насанд хүрээгүй найман хүүхэд багтжээ. Нийгмийн тахал болсон энэ хэрэглээний нэг хүний цаана хэд хэдэн хамаарал бүхий этгээд байдаг гэж тооцвол манай улсын хар тамхи хэрэглэгчийн тоо 100 мянга гаруй болсон гэх сэтгэл сэрдхийлгэм тоон мэдээллийг хуулийн байгууллага өгч байна. Энэ төрлийн хэрэгт холбогдогчдын 85-90 хувийг 18-30 буюу ид хөдөлмөрийн насны залуус эзэлж байгаа нь маш харамсалтай. Тэд хар тамхины талаар буруу ойлголттой, үр дагавар, хор уршгийг нь мэдэхгүй байгаагаас гадна үүний цаана асар их мөнгө эргэлдэж байдаг, нөгөө талаар Монголын хуульд заасан ялын бодлого хөнгөн байгаатай холбоотой гэж хууль сахиулагчид үздэг.
Уг нь “Мансууруулах эс, сэтгэцэд нөлөөтэй бодисын хууль бус эргэлттэй тэмцэх" үндэсний хөтөлбөрийг УИХ-аас баталж, 2017-2019, 2019-2021 оны хооронд үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөөд зарим нэг ажпыг хийж байгаа юм билээ. Тухайлбал, ГЕГ, ШШГЕГ-тай хамтран гэнэтийн шалгалт явуулж, МХЕГ, СЭМҮТ (Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв)-тэй хамтарч, хүүхэд залуус болон хоёр ч хорих ангид ял эдэлж буй хүмүүст сургалт зохион байгуулсан байна. Наад захын энэ мэт жишиг ажлаас илүүтэй хуулийн хүрээнд ялын бодлогыг чангатгах нь чухал гэдэгт салбарын мэргэжилтэн, хууль хүчнийхэн санал нэг байдаг аж.
Олон улсын практикаас харахад хар тамхи борлуулж худалдаалсан этгээдэд ялын дээд хэмжээг өгдөг юм байна. Хятадад 50-граммаас дээш хар тамхи худалдаж борлуулсан, хадгалж тээвэрлэсэн бол шууд цаазаар аваачдаг. Хойд хөрш ОХУ-д ийм хэмжээний нунтаг тээвэрлэсэн байвал хамгийн багадаа 20 жилийн ял оноодог байна. Харин манай улсад ямар ч тохиолдолд 12 жил хүртэлх ялын бодлоготой байгаа нь хар тамхины хэрэглээ хавтгайрах, цаашлаад нэр нөлөө бүхий урлаг соёлын алдартнуудыг тун удалгүй чөлөөлж байдаг нь нийгэм, залуусын дунд муу үлгэр дуурайл, жишиг тогтоож, “цагаан тахал”-ын хэрэглээнд уриалан дуудаж байгаа юм шиг явдал болдог. Хуульд ямар хэмжээний хар тамхи хадгалж хэрэглэсэн, зөөж тээвэрлэсэн бол ял оноох талаар тодорхой заагаагүй учраас тухайн шүүгчийн итгэл үнэмшил, хэрэгтэн хэн бэ гэдгээс шалтгаалан ялын бодлого харилцан адилгүй хэрэгжиж ирсэн байна. Энэ байдал нь Монголд хар тамхи хэрэглэгч 100 мянган иргэнтэй болох нэг томоохон нөхцөл болжээ. Үүнийг Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн захирал, доктор, профессор Б.Болдбаатар тайлбарлахдаа, нэг хэрэглэгчийн ард 4-5 хүн байдаг гэсэн олон улсын судалгаанаас харвал манайд аль эрт ийм хэмжээнд хүрчихсэн. Тиймээс одоо хуулийнхаа зүйл ангийг чангатгаж “барьж” авахгүй бол байдал үнэхээр хүндрэх нь. Дэлхий дахинд яг энэ чиглэлээр 60-80 тэрбум ам.доллар эргэлдэж байдаг гэх судалгаа байна. Энэ хөрсөн дээр л хүн худалдаалах, мөнгө угаах, терроризм, зэвсгийн наймаа зэрэг сөрөг үйл ажиллагаа суурилдаг.Тиймээс хар тамхины асуудлыг яаралтай таслан зогсоох шаардлагатай байна гэж хэллээ.
Харин уг хэргийн нөхцөл байдлын талаар Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч Б.Мандухай ярихдаа, иргэд богино хугацаанд их мөнгөтэй болох гэсэн шунахайн сэдлээр хар тамхитай холбоотой гэмт хэргийн золиос болоод байна. Тиймээс юуны өмнө хууль, эрх зүйн мэдлэгээ дээшлүүлэх, хоёрдугаарт, ойр дотнынхон, найз нөхдөдөө хараа хяналт тавих шаардлагатай байгаа юм. Энэ нь хар тамхины хэрэглээнээс татгалзуулах, цаашлаад иймэрхүү хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх нөхцөл болох магадлалтай гэж зөвлөлөө.
Манай улс хоёр том гүрний дунд оршдог геополитикийн өвөрмөц байршил, ард иргэдийн амьжиргааны түвшин доогуур, ядуу зүдүү байдлаас шалтгаалан хил дамнасан хар тамхи болон бусад хууль бус үйл ажиллагаанд өртөх магадлал өндөр байна. Тодруулбал, хар тамхитай тэмцэх байгууллага, ГЕГ-аас өгсөн мэдээллээр манай улсад бүртгэгдсэн хар тамхитай холбоотой нийт гэмт хэргийн 50 орчим хувь нь дотоодод борлуулах зорилгоор оруулж ирж байгаад саатуулагдсан бараа бүтээгдэхүүн байгаа ажээ. Мөн юу нь үл мэдэгдэх дайвар бүтээгдэхүүн оруулж ирээд илэрсэн тохиолдол ч байна. Мэдүүлэгч нь ингэж хэлж байгаа ч үнэн эсэхийг тогтооход тодорхой цаг хугацаа шаардлагатай. Учир нь, хар тамхины тээвэрлэлт, худалдааны талаар “Сэм ав, сэм хий” гэх зарчим дэлхий нийтэд түгээд байгаа гэнэ. Гаалийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх албаны дарга Б.Сүхбаатар энэ талаар тайлбарлахдаа, олон улсын агаарын тээврээр зорчиж байгаа иргэний хувцас, эд зүйл, чемодан саванд хар тамхийг хийчихээд хил гаалийн шалгалт өнгөрсний дараа хулгайч шиг сэмхэн авчихдаг болсон. Тиймээс гадаадад зорчихдоо маш өндөр сонор сэрэмжтэй байж, ачаа тээш, хувийн эд зүйлээ бусдад дамжуулахгүй байх нь чухал.Бусдын ачаа тээшийг зайлшгүй авахаар болбол дамжуулагчийн хажууд задалж, сайтар шалгаж авах хэрэгтэй гэсэн зөвлөмжийг хилийн боомтуудад өгч байна гэсэн юм. Гэвч байдал нааштай сайжрахгүй байгаа нь энэ оны эхний 11 сарын тоон үзүүлэлтээс хар тамхитай холбоотой 80 гаруй хэрэг нэмэгдсэнийг харж болохоор байна. Энэ нь хэрэг 1.3 дахин, үүнд холбогдогч нь 129 хүн (59.4 хувь)-ээр өссөн маш өндөр, сөрөг үзүүлэлт юм. Гуравхан сая хүнтэй Монгол Улсын хувьд энэ нь аюулын харанга бус хоолой багалзуурт олс уясантай адил явдал гэдгийг ойлгох, үр дүнтэй арга хэмжээ авах цаг нэгэнт болчихжээ. Эрүүгийн цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх албаны ахлах мөрдөгч С.Батзориг, “Манай улсад хар тамхины эсрэг эмчилгээний стандарт, эмнэлэг ч байхгүй. СЭМҮТ-д зөвхөн хор тайлах эмчилгээ л хийдэг. Ер нь хар тамхинд донтсон хүнийг эмчлээд ч тодорхой үр дүнд хүрэхгүй, тэдний таван хувь нь эдгэрэх магадлалтай. Олон улсад тийм хүмүүсийг эмчилгээгүй гэж үздэг” хэмээн IToim сайтад ярилцлага өгснийг санаж байна. Тиймээс эцэг эхчүүд, ах эгч нар аа, таны хүү охин, ойр дотнын хүнээ хар тамхи-’’цагаан тахал”-аас урьдчилан сэргийлэх гол арга нь хараа хяналт тавих явдал юм. Хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэж байгаа хүний дархлаа суларч, амархан өвчлөхөөс гадна хоол, нойрноос гарч турж эцдэг байна. Мөн үг үйлдэл нь хувирамтгай, тууштай биш болдог аж. Тийм ч учраас ямар нэг гэмт хэргийн золиос болох, хамтран оролцох, санаачлан зохион байгуулахдаа голдуу хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн байдаг нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ. Иймээс өнөөгийн мөрдөж буй хуулийг шинэчлэн найруулахдаа хар тамхи, мансууруулах бодистой холбоотой тусгай зүйл ангийг илүү нарийвчилж, хэд хэдэн заалт нэмэхээр тусгасан байна. Ямартай ч, энэ төрлийн гэмт хэрэгт ногдуулах ял шийтгэлийг чангатгах талаар хууль хяналтын байгууллага, олон нийтийн төлөөлөл санал нэгтэй байгаагаа илэрхийлдэг билээ.

Д.Мөнхжаргал
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан