2050 онд мах нүдний гэм болно

Ирэх 30 жилийн хамгийн ирээдүйтэй бизнес бол мал аж ахуй
“Ховор юм үнэтэй байдаг” гэдэг үг бий. Ирэх 30 жилд дэлхий дээр хоол хүнс, уургийн эх сурвалж хамгийн ихээр ховордож, үнэ нь өснө гэсэн таамаглалыг НҮБ, ДХБ зэрэг олон улсын байгууллагууд санал нэгтэй хэлэх болжээ. Мэргэжлийн байгууллагуудын судалгааны үр дүн ч үүнийг баталж буй. Энэ эгзэгтэй цаг үед хамгийн ирээдүйтэй бизнес байж болох мал аж ахуй, мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, дотоод болон гадаад зах зээлийн өнөөгийн байдал хэтийн төлөвийг хөндөж байна.
Экспорт хийхийн тулд дотоод зах зээлээ найр тавьж болохгүй
Өнгөрсөн жилээс БНХАУ-тай хамтарсан үйлдвэрүүд олноор байгуулагдаж, Монголын малын мах хятад хэрэглэгчдийн гарт очих бэлтгэл хангагдлаа. 
Өмнө нь урд хөрш “Өвчингүй газраас мал авна” гэдэг, хойд хөрш “Тухайн бүс нутагт сүүлийн таван жилд халдварт өвчин гараагүй байх ёстой” гэсэн шаардлага тавьдаг байв. Аль ч бүс нутагт дөрвөн жил зүгээр байгаад тав дахь жилийнхээ ойн дээр л заавал өвчин гардаг жишиг тогтсон байлаа. Өөрөөр хэлбэл, хоёр хөрштэйгөө хамтарч байж л энэ ажил цааш үргэлжлэх нь тодорхой байсан. Тиймээс БНХАУ-тай хамтарсан нь зайлшгүй. Гэхдээ ярих ёстой нэг асуудал бий. Ямар ч улс экспортын салбарт гаднын улстай хамтарч ажиллахдаа жижиглэнгийн зах зээлээ найр тавьж өгдөггүй. Манай аймаг болгонд БНХАУ-тай хамтарсан махны үйлдвэрүүд ажиллаж байгаа. Тэнд хангалттай мах нийлүүлэгдэж буй. Гэтэл Монгол Улсын хүн амын тал нь оршин суудаг нийслэл хотыг махаар хангадаг “Хүчит шонхор” зах дээр хятадууд ноёрхлоо тогтоосон байна. Ченжүүд тэднээс мөнгө урьдчилж авсныхаа хариуд монголчууддаа мах зарах эрхгүй болсон гэж махны худалдаа эрхлэгчид баталж байгаа юм. Хятадууд мах авахгүй бол үнэ унадаг, авбал өсдөг жишиг тогтоод уджээ. Өнөөдөр нийслэлчүүдийн ямар үнэтэй мах идэхийг гадаад хүмүүс шийддэг болсон гэхэд хилсдэхгүй нь. Улаанбаатарчуудын хэрэглэх ёстой мах өнөөдөр хот тойрсон олон агуулахуудад хураагдсаар байгаа. Зорилго нь маш тодорхойгүй, сэжиглэмээр, шалгамаар. Хэрвээ жижиглэнгээс худалдаж авсан махаа БНХАУ руу гаргадаг бол контрбанд болно. Хоёр улсын хооронд албан ёсны гэрээтэй, үнэ тарифтай гаргах ёстой. Харин хадгалж байгаад монголчуудад зардаг бол үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал гэж үзэх ёстой. Гаднын улс мөнгөтэй байж болно, худалдан авагч байж болно. Гэхдээ монголчууд ямар үнээр мах идэхийг шийдэх эрхгүй. Жижиглэнгийн худалдаа руугаа гаднынхныг оруулдаг жишиг гаднын улс орнуудад байхгүй юм билээ. Мах экспортын тал дээр Азийн бусад улсуудад зах зээлээ өргөжүүлэх шаардлага байна. Манайхаас мах худалдаж авах улс дэлхий дээр олон бий. Ирээдүй нь ч гэрэлтэж байна.
Мал аж ахуйг ЖДҮДС биш, монголчууд санхүүжүүлдэг жишиг тогтоох ёстой
Монголчууд өнөөдөр бүгд л баяжих, мөнгө олох хүсэлтэй. Тэгвэл мөнгө ч олоод, улсаа ч хөгжүүлэх боломж бидний яг хамар дор байна. Энэ бол хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийх явдал юм.
1990-ээд оны дундуур интернэт, 2000-аад оны эхээр технологийн бизнест мөнгөө даатгасан хүмүүс дунд оруулсан хөрөнгөө хэдэн мянга дахин өсгөсөн нь олон бий. Тэр үед итгэлгүй хандсан олонх одоо хөрөнгө оруулахдаа ирэх 20, 30, цаашлаад 100 жилд юу хамгийн ашигтай байж болох вэ гэдэгт маш их анхаарал хандуулдаг болжээ. Яг энэ үүднээс одоо сэргээгдэх эрчим хүч (Хүлэмжийн хий ялгаруулалтыг бууруулах зайлшгүй шаардлагын үүднээс), газрын ховор элемент литий (цахилгаан машины эрин үе эхэлсэн гэдэг утгаар) зэрэгт мөнгөө цутгаж байна. Тэгвэл түүхийн аль ч үед үнэ цэнээ алдаагүй, үр өгөөжөө өгсөөр ирсэн салбар бол хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл л байдаг. АНУ-ын тэрбумтан, 1960-аад онд хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулж баяжсан Жим Рожерс одоо ч бусдад “Хөдөө аж ахуйн биржид хөрөнгө оруул” гэж зөвлөдөг. 1960-аад онд тус улсын хөдөө аж ахуйн салбарт оруулсан хөрөнгө оруулалт 3900 хувиар өссөн (ногдол ашгийг тооцохгүйгээр) нь үүнийг нотолно. Өөрөөр хэлбэл жил бүр 80 орчим хувиар өсч байжээ. Гаднаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ авч байсан АНУ тэр үеэс хөрөнгө оруулалт татсаны хүчээр хөдөө аж ахуйн экспортлогч болж хувирсан байдаг. Энэ жишээг ярьсан нь Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн нөхцөл байдал яг 1960-аад оны АНУ-тай ижил байгаа явдал юм. Дотооддоо л хэдэн ч аж ахуйн нэгж өсч төлөвшихөд хангалттай зах зээлтэй. Хоёр хөрш нь дэлхийн хамгийн том худалдан авагч. Дээр нь “салхи” бидэн шиг мал аж ахуй, газар тариалан хөгжүүлэх бололцоотой улсуудын талд “үлээж” байна. Гол нь, энэ салбарт олон нийтийн нээлттэй хувьцаат компани олноор байгуулагдах шаардлагатай. Аж ахуй эрхлэгч нь ЖДҮДС-д биш, хөрөнгийн бирж, олон нийтэд хандаж санхүүжилтээ босгодог жишиг нэвтрүүлэх хэрэгтэй байна. 3 сая монгол хүн 10 мянган төгрөгөөр хувьцаа авахад л гурван сайхан ферм байгуулчих хэмжээний 30 тэрбум төгрөг босно гэдгийг л сайн ойлгох хэрэгтэй юм. Харин зарах боломжоор хангаж өгөх үүргийг төр хуваалцах ёстой.
Уургийн нөөц багасч, эрэлт нэмэгдэж байна
Дэлхийн байгаль хамгаалах сангаас өнгөрсөн аравдугаар сард гаргасан тайланд “Сүүлийн 40 жилд дэлхийн зэрлэг байгалийн 40 хувь устаж үгүй болсон” гэж бичжээ. Хоёр сарын дараа “Амьд ертөнцийн тайлан” (Living planet report-2018)-даа олонд ил болсон. Эл тайланд дурдсанаар загас, шувуу, хөхтөн амьтан, хоёр нутагтан, хэвлээр явагчдын тоо толгой сүүлийн 50 жилд буюу 1970- 2014 оны хооронд дунджаар 60 хувиар буурчээ. Идэх ногоо жимс, агнуурын амьтан тэр хэмжээгээр хоргодож хүн төрөлхтөн үндсэндээ газар тариалан мал аж ахуйд найдахаас өөр аргагүй болсон гэсэн үг. Амьд байгалийн доройтол нь голчлон ургамлын хэт ашиглалт, хууль бус агнуур, эрчимжүүлсэн газар тариалан, амьдрах орчны хомсдолоос үүдэлтэй гэхээр бүх л улс энэ салбар руу хүссэн хүсээгүй орно (Лаосууд хонь амьдаар авсан, хоёр хөрш адууг амьдаар нь авах сонирхолтой байдаг). Гэхдээ бидэнд маш том боломж, давуу тал байна. Ялангуяа мал аж ахуй, мах, махан бүтээгдэхүүний салбарт.
Баячуудад тоогддоггүй, ядуучуудад олддоггүй мах
Мах, махан бүтээгдэхүүний хэрэглээг өсгөдөг гол эзэд нь дундаж давхаргынхан байдаг аж. Ядуус хүсээд ч авч идэж чаддаггүй бол баячууд нь эрүүл зохистой хооллолт “хөөгөөд” махнаас аяндаа татгалздаг байна. Харин дундаж давхаргынхан махыг хамгийн ихээр хэрэглэдэг ажээ. Тиймээс дундаж давхаргынхны өсөлтийн түвшин хамгийн өндөртэй яваа Ази тивд мах, далайн гаралтай хүнсний хэрэглээ хамгийн өндөр өсөлттэй буюу 2050 он гэхэд 78 хувиар өснө гэсэн төлөв гарчээ. Asia Research and Engagement (ARE)-ийн “Charting Asia’s protein journey” судалгааны тайланд өгүүлсэн байна.
“Азийн улс орнуудад хотжилт эрчимтэй явагдаж, иргэдийн амьжиргааны түвшин сайжран, дундаж давхаргынхны эгнээ эрчимтэйгээр тэлж байна. Энэ нь мах, далайн гаралтай уургийн хэрэглээг нэмэгдүүлэх гол хүчин зүйл болж байна. Эдийн засаг нь эрчимтэй хөгжиж буй Индонези улсын хэрэглээ 2050 он гэхэд нэг дахин, Энэтхэг улсынх 60 хувиар өснө гэсэн судалгаа гарсан. Азийн нийт улсуудыг дунджилбал ирэх 30 жилд дунджаар 78 хувиар өснө гэсэн таамаглалыг бид дэвшүүлж байна” хэмээн уг тайланд дурджээ. Сонирхолтой нь, манай улсыг харин дээрх хугацаанд махны хэрэглээ нь өсөхгүй, харин ч багасна гэсэн бөгөөд шалтгааныг нь “Хотжилт хүчтэй явагдаж, хүн амын хүнсний хэрэглээнд олон төрлийн хүнс нэмэгдсэнээр махны хэрэглээ багасна” хэмээн тайлбарлажээ.
Боломжоо ашиглахын тулд яах ёстой вэ
Тэгэхээр, ирэх жилүүдэд мал махны салбарт экспортын өргөн боломж нээгдэж байгаа юм байна. Уламжлалт ямаа, үхэр, адууны махнаас гадна гахайн аж ахуйг одоо байгаагаас нь томруулах боломж ч харагдана. Тиймээс бид цаашдаа махаа тогтвортой экспортлохыг зорьж байгаа бол фермерийн аж ахуйг олноор нь байгуулах шаардлагатай. Бэлчээрийн мал аж ахуй нь өртөг зардал багатай боловч үнэндээ тийм биш. Цаанаа маш том эрсдэл дагуулдаг. Халдварт өвчнийг хянахад бэрхшээлтэй. ОХУ, БНХАУ-ын аль, аль нь манай улсын зүүн бүсээс мах авдаггүй. Олон жил хянасны эцэст баруун бүсээс л авахыг зөвшөөрсөн.
“Махнаас жилдээ тэрбум ам.доллар олно” гэж хөөрцөглөж байгаа ч нэг л удаа өвчин гарахад бүх хичээл зүтгэл талаар болж, хоёр хөрш импортоо зогсоочих магадлалтай. Тиймээс фермерийн аж ахуй хөгжүүлж, малын тоо, толгой нэг бүрийг хянаж байж л зах зээлээ хадгалж үлдэнэ.
Хоёрдугаарт, махны чанарыг сайжруулах. Салбартаа тэргүүлэгч Аргентин, Австралийн алинд нь ч махны амт чанарыг тодорхойлох “технологи” нь манайхтай ижил, сайн чанарын өвс, цэнгэг ус, цэвэр агаар байхад болно гэж үздэг. Манайд энэ бүгд бий. Тиймээс чанарыг сайжруулах гэдэгт боловсруулах үйлдвэр бус, тоо толгой, сүргийн бүтэц илүү чухал болж таарч байна.
Манайд мал сүргийн тоо толгой байнга өсөх графикаар явдаг. Өнгөрсөн жил анх удаа 66 сая хүрсэн. Бусад улсад бол ингэж өсгөхийг муу гэж үздэг. 
Манайхаас бараг хоёр дахин их газар нутагтай, хоёр ч том дайнаар дэлхий нийтийг хооллож ундалсан Аргентинд малын тоо толгой 2002 онд анх удаа 56 саяын босгыг давжээ. Ингэмэгц 50 сая хүртэл цөөлсөн байна. 2016 онд 51 сая 995 мянган толгойд хүрэхээр нь бас л цөөлсөн байна. Гэсэн ч дэлхийн үхрийн махны худалдааны ес, адууны махны худалдааны 20 хувийг хянаж чадаж байгаа юм. Тоо толгой хэт олшрох нь махны чанарт нөлөөлдөг нь судалгаагаар батлагджээ.

Eagle.mn
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан