Д.Баярхүү: Сингапур: Хуулиа чангал, 7 хоногт 40 цаг заавал хөдөлмөрлө!


Ёс зүйн өндөр стандартын наад захын жишиг–цалингаасаа давсан хэрэглээг шууд авилга гэж үзнэ. Цалин  нь хүрэхгүй байж хэт тансаглах, хэт цамаарах донтой, эд юмсаараа хэт гайхуулахыг эрхэмлэдэг, түүгээрээ бусдыг хэмждэг монгол түшмэдэд сануулга болгон бичиж байна. Муу ам гаргалаа гэж бүү зэмлээрэй. Энэ бол  монголчуудад хэрэгтэй зөвлөлгөө шүү!
 
Ард түмнээрээ ажил хийлгэж чадсан анхны Засгийн газар хэмээн түүхэнд бичигдээч хэмээн одоогийн эрх баригчиддаа уриалан дуудcaн өмнөх нийтлэл олон хүнд хүрсэн бололтой. Эрх баригчдад яаж хүргэх вэ гэсэн асуулт тавьсан хүн ганцаар тогтохгүй над руу ханджээ.
 
Үүнд урамшаад Сингапурын туршлагыг сурталчлах ээлжит нийтлэлээ хүргэе. “Анхны Засгийн газар” гэдгээ эхлээд тайлбарлая. Ардчилал руу шилжээд шилжилтээ 30 дахь жилдээ хийж байна. Бямбасүрэнгийн Засгийн газраас хойш Хүрэлсүхийн Засгийн газар хүртэл арван хэдийг сольжээ. Энэ арван хэд дотроос алин нь ч ард түмнийхээ аж амьдралыг дорвитой сайжруулуулж чадсангүй. Сайжруулуулж  гэсэн нь монголчуудаар өөрсдөөр нь ажил хийлгэж, хийсэн болгон нь мөнгө баялаг болж, амьдрал ахуйд нь том нэмэр, тэр нь цаашаа улсын хөгжилд түлхэц үзүүлэх учиртай гэсэн утгаар “луулж” гэж хэргээр тодотгосон  юм шүү. “Сайжруулж” гэчихлээр Засгийн газар нь ард түмнийхээ өмнө өртэй болчих гээд, Засгийн газар л ард түмнээ тэжээн тэтгэх тухай нөгөө халамжийн бодлого яригдчих гээд, би түүнээс тойрч зугтааж байгаа хэрэг.
Хүрэлсүхийн Засгийн газар өмнөхүүдийнхээ адил хоёргүй сэтгэлээр ажиллана зүтгэнэ, тэр мэдээж, итгэж байна. 2024 онд тайлангаа тавих болдог, хийсэн бүтээсэн ажлууд гээд ярайна, маш зузаан том тайлан бичигдэнэ, тэр бас мэдээж. Үр дүнгээ гаргаад эргээд хартал нөгөө ажилгүй, нэн ялангуяа ядуу гэх 30 хувь, хэрэв нийгмийн халамж үзүүлэхгүй бол ядуурахад бэлхэн дахиад 20-30 хувь нийгэмдээ яг хэвэндээ (яг одоогийнх шиг, эсвэл мөнхөд байх үзэгдэл үү?) байж байвал ямар гавьяа гэхэв дээ? Монголчууд ажил хийхгүйгээр үлгэн салган амьдраад болоод ирсэн буруу дадлыг зоригтой (улс төрийн зориг!) халж чадсан тэр л Засгийн газар түүхнээ мөнхөрнө. Тийм мөнхрөлийг Сингапурт буй болгочихсон учраас би сурталдаад байгаа юм. Цааш нь ч зөндөө бичихээр сэдэв надад байна. 
Сингапурчууд  бидэнтэй адилхан л хүн, илүү юм тэдэнд огт байхгүй!
Ингээд үндсэн сэдэвтээ оръё. Сингапур нь XV-XVI зуунд Жохор гэх султаант улсын бүрэлдэхүүнд орж байв. Сингапурт худалдааы бүс байгуулах тухай гэрээнд 1819 онд Британийн Ост-Инд гэх компани Жохор улстай гарын үсэг зуржээ. Ингэхдээ Сингапур руу янз бүрийн үндэстэн угсаатан шилжин суурьшихыг давхар шийдвэрлэжээ. Ингээд 1867 онд Сингапур нь Британийн колони болж, тэр түшиц газраа Хятадад хүрэх тулгуур пункт хэмээн англичууд үзсэн ба дэлхийн II дайны үед Малайзыг Япон эзлэн, 1942 он гэхэд Сингапураас малайзыг хөөж гарган Японы мэдэлд оруулжээ.
 
1945 оны намрыг хүртэл энэ жижиг улс Японы мэдэлд байснаа эргээд Британийн эзэнт гүрний мэдлийн Малайзын бүрэлдэхүүнд оржээ. 1959 оноос Сингапурыг өөртөө засан тохиносон, өөрийгөө удирдах эрх бүхий Британийн  эзэнт улсын бүрэлдэхүүний улс болгож, харин 1963 онд явагдсан референдумаар эргэж Малайзын Холбооны бүрэлдэхүүнд ороод 1965 онд тэндээсээ хасагдаж, тусгаар тогтнолоо олж авсан түүх хөвөрчээ. 
 
Үндсэндээ энэ улс 1959 оноос тусгаар явж, 1965 оноос албан ёсоор төрт-улс хэмээн нэрлэгдсэн ба байгалийн баялаг огтоос байхгүй, уух ус, барилгын элсээ хүртэл импортолдог, гагцхүү ард түмнийхээ нөр их хөдөлмөрийн үр дүнд босч ирэхээс өөр сонголт байгаагүй юм. Харин тэр нөр их хичээл зүтгэлийг ганц ухамсарт найдан, уриа тунхагаар хөөрөгдөөд орхиогүй юм. Учир нь эдийн засаг гэж авах юмгүй, хууль ёс хөсөрдсөн, авилгал цэцэглэсэн, холын Английн хууль тогтоомжийг механикаар  хуулбарласан, хууль сахиулах байгууллага нь зохион байгуулалттай гэмт хэрэг, коррупцтай тэмцэхэд хүчин мөхөс, иргэд нь эрхээ хамгаалуулах талаар анхны ч ойлголтгүй тийм Сингапурыг шинэ эзэд нь хүлээн авчээ. Коррупцыг таслан зогсоож устгахгүйгээр тус улс хөгжинө гэж гонжийнжоо гэдгийг шинэ эзэд шууд ухаарчээ. Тэгээд 1960 онд батласан бараг анхны хууль нь авилгалын эсрэг хууль болжээ.   
 
Ли Куан Югийн хэлсэн мэргэн үгс байна: 
- Сайд нар болон удирдах түшмэд нь худалдагдаагүй, боловсорч гэгээрсэн улс хэзээ болнов, тэр цагт Сингапур оршин тогтнох болно. Нөр хөдөлмөр, түүнийхээ төлөө хүртэх өндөр урамшуулал хоёр нягт холбоотой гэдгийг сингапурчуудад харуулах хэрэгтэй. Чухам ингэж чадсан цагт л хүмүүс, гадаадынхан, оршин суугчид маань  Сингапурт хөрөнгө оруулна. Тэгж чадсан цагт л сингапурчууд өөрсдийгөө болон   үр хүүхдээ гэгээрүүлэхийн төлөө ажилладаг болно. Тэгж байж л тэд хий хоосон мөрөөдөл, ах дүүсийнхээ өгөөмөр бэлэг сэлтэд найдахаа болино.
Авилгалын эсрэг хууль, бусад хууль дүрмээ чангалахтай зэрэгцэн хүнд сурталт шат дамжлагыг цөөлж, эрх мэдэлтнүүдийн ёс зүйд хяналт тавих албадыг байгуулж ажиллуулав. Ёс зүйн өндөр стандарт гэдгийг хэвшүүлэв. Сингапурын АТГ гэдэг нь чухам чөтгөр шулмыг агнах хэмжээнд хүртэл мэргэжив. Иргэд, ер нь хэн хүссэн нь хандах ба тэдний хүсэлт матаас хариугүй өнгөрнө гэж байхгүй.
 
Монголтой холбогдох тэс хөндлөнгийн жишээ энд оруулж бичиж байгаадаа хүлцэл өчье. Эхэнд нь монголчуудад хандаж бяцхан тайлбар хэлсэн бол одоо дахиад өөр нэг хөгийн жишээг тайлбаргүй буулгая. Нэгэндээ авилга гэсэн сэдэв хөндөж буй тул цаад монгол нөхөр авилгадаагүй, хөлс хүчээрээ, бизнесээрээ тэр их алтыг буй болгосон байж болох ч хэлэхгүй өнгөрч боломгүй гаж үзэгдэл!
 
Сингапур гэх баян тансаг, эко хот-улс-арлыг зорих монголчууд тоогоо алдсан. Тэндээс суралцаад ирсэн нь цөөхөн, үзэж хараад зугаалаад тансаглаад, эхнэр хүүхдүүдээ эрхлүүлээд ирсэн нь олон. Тэр олныг шүүмжлэх гэж байгаа юм биш. Нөгөө болсон явдал. Сингапурын 5 одтой буудалд л монголчууд Шинэ жил, Цагаан сарын үеэр бөөн бөөнөөрөө очиж байрлан амарч зугаацдагаас жишээлье. Цээж нүцгэн, улавчтай, шоорттой, тэгсэн мөртлөө толгой дээрээ бөөн алт тавьчихсан монгол нөхөр өглөөний цайнд орж ирж байх юм гэнээ. Зангидсан гарын чинээтэй цул алтыг дээр үеийн ноёны малгай маягийн жижиг саванд хийгээд толгой дээрээ залж бэхлээд оосрыг нь чихнийхээ араар оруулж эрүүгээрээ уячихсан. Алт нь алсаас гэрэлтэж гялалзаад л. Цаад монгол нөхөр их давилуун явна. Монголд түүнийгээ зүүгээд гоёод гаръя гэхнээ явах, үзүүлэх газар байхгүй. Булаалгачихна. Сингапурт амьтны нүд хужирлаж яваа гээд өөртөө итгэчихэж. Гэр бүл нь бас тэгж хөөргөө биз. Тэр алтнаас нь амьтан хүн айж сүрдээд сөхрөөд ойчно гэж бодоо биз. Ямар гээч шоу үзүүлбэр вэ, тэнэг хүн үү, галзуу хүн үү хэмээн гадаадынхан гайхацгаагаад л...   
Сингапуртаа эргэж оръё. Эрүүгийн хариуцлага гэдгийг жинхэнээсээ Сингапурт мөрддөг. Ялангуяа авилга авсан бол ногдуулах шийтгэл нь дэндүү хатуу.  Хараат бус шүүхийг бэхжүүлж, шүүгч нарын цалин, эрх ямбыг нэмжээ. Хамт олноор нь ажлаас халах, нийтэд нь шийтгэл ногдуулах зэрэг “хатуу акц” гэгчийг гааль, татвар, төрийн бусад албадад мөрдүүлэв. Энэ бүхнийгээ  эдийн засагт төр хэт хутгалдан оролцохоос сэрэмжлэх, төрийн оролцоог багасгах, захиргааны мэргэжсэн албан хаагчдыг бэлтгэх арга хэмээн зөвтгөнө.
 
 
Ер нь “хувь”, “ашиг”, “шагнал”, “бакшиш”, “сожоом” гэхчлэн азийнхны нэрлэдэг олон хэлбэрийн илүү орлого нь авилгалыг Азид ямагт хөхиүлж, өөгшүүлж ирсэн бол түүний үндсийг шууд халах хэрэгтэй хэмээн Сингапурт үзжээ. Цалин мөнгө, бэлэг сэлт, авилга ихсэх тусам ялзрал дагалддаг гэдгийг Ли Куан Ю гол болгож хатуу тэмцсэн ба түүний хамтран зүтгэгчид, сайд нараас нь авилгалын хэргээр яллагдсан, гадаадад дүрвэсэн, амиа хорлосон хүн нэгээр тогтохгүй гарч ирж байв. 
Сингапуртаа хатуу авторитари төрт-улсыг Ли Куан Ю буй болгосон юм. Хатуу авторитари гэдэг нь ардчиллыг нухчин дарах гэдгээр бус улсаараа коррупцгүй болох, эдийн засгийн эрх чөлөө, хөгжлийн түвшин ямагт хамтдаа явах ёстой, харин зөрчигчдөд оногдуулах шийтгэл хатуу хэвээрээ үлдэнэ гэсэн үг. Торгууль, торлог, шоронд суулгах, цаазын ял бүгд энэ ойлголтод багтана. 
Хэрэг зөрчил гаргагчдад бие махбодиор нь мэдрүүлдэг (гуядах, ороолгох, зодох гэх мэт) аргууд ил биш ч далд хэрэглэж болно. Армид түүнийг түгээмэл хэрэглэнэ. Армид алба хаах эрхийг нь хасах нь бас нэгэн шийтгэл. Ийм шийтгэл авагчид хүний нүүр харж чадахгүй болно.
 
 
Хүн ам тутамд нь ногдуулж үзвэл цаазын ял өгдөг үзүүлэлтээр Сингапур нь дэлхийд дээгүүрт, бараг эхэнд бичигдэх ба цаазаар авахуулагчдын 70 хувь нь хар тамхины хэрэгтэнгүүд байдаг. Үлдэх 30 хувь нь төрийн эсрэг гэмт хэрэг, аллага, зэвсэгт дээрмийн хэрэгтэнд ногдоно. Энэ тал дээр өөрийн иргэдэд ихээхэн хатуурхана. Харин германы Жулия Бол, британийн Мак Гри гэх мэт ганц нэг гадаадын хэрэгтэн өршөөгдсөн байдаг нь гайхалтай.  
 
Сингапурт ажил алба эрхэлж буй хэн ч бай өдөрт 8 цаг, 7 хоногт 40 цаг хөдөлмөрлөх хатуу хуультай, 62 хүрч тэтгэвэрт гарна, хөдөлмөрийн олон төрлийн гэрээгээр ажил олгодог, жилийн гэрээ, түр контракт, гэрт ажиллах гэрээ, уян хатан график, ажлын бүрэн бус өдөр, хөлсөөр ажиллах контракт гэхчлэн олныг нэрлэж болох ба цалингийн доод хязгаарыг тогтоохгүй, сарын дундаж цалин 2500 ам.доллар байх, ажил олгогч нь нийгмийн даатгалд ихээхэн хэмжээний мөнгө байршуулсан байх ёстой. 
Ли Куан Югийн өөрийнх нь нотлон ярьснаар улс төрийн удирдагчид бол энд хамгийн өндөр цалин авах ёстой, учир нь тэд авилгалд автахгүй, сэтгэл санаа хоёрдохгүй, төрдөө шударгаар зүтгэхэд нь тэр мөнгө нь нэмэр болог ээ гэв. Сингапурын төрийн албан хаагчдын цалин тус улсын түүхнээ ямагт дээшилсээр иржээ. Төрийн сайн албан хаагч хувийн салбар руу явчихгүй, “мэдлэг тархиа худалдчихгүй” байхын тулд цалинг нь ямагт нэмж иржээ. 1989-1994 онд тухайн үеийн дэлхийн жишгээр харьцуулж үзэхэд Сингапурын төрийн албан хаагчид дэлхий дээр хамгийн өндөр цалин авдаг нь тогтоогджээ. Гэхдээ энэ нь жил болгон автоматаар өсөөд байсан хэрэг биш, тэр жилүүдэд тус улсын хувийн салбар цэцэглэж, бизнес нь тэлсэн, орлого нь өссөн тул тэдний төрдөө тушаасан татвараас цаад цалин тэгж өссөн аж. 1997 онд дэлхийн эдийн засаг хямрахад төрийн албан хаагчдын цалин нэмдэгийг түр зогсоосон.
Сингапурт сонгуулийн кампанид мөнгө зарна гэдгийг хараал идсэн хэрэг гэж үзнэ. Бараг л гэмт хэрэг гэхийн наагуур. Хэрэв их мөнгө зарцуулсан бол цаад нэр дэвшигч дараа нь тэр мөнгөө хаанаас авсан тэр газартаа эргүүлж төлөх болж тэр нь авилгалын торон сүлжээ үүсгэдэг тул Сингапурын ардын үйл ажиллагааны нам (эрх баригч нам)  сонгуулийг маш богино хугацаанд үрлэг зарлагагүй хийхийг чухалчилж, тэгж ч явуулдаг болгосон аж. 
 
Ли Куан Ю төр барьж байхдаа мөрддөг байсан, уриа цууриа болгож байсан ганц нэг мэргэн үгс: 
- Хөгжил цэцэглэлээ л үргэлжлүүлээд бай, өөр юу ч хэрэггүй!
- Сингапурыг дэлхийн хөгжлөөс хоцроохгүй! 
- Хүмүүс юу гэж дүгнэх нь тэдний асуудал, гол нь хөгжиж чадлаа!
- Тэнгэрийн хаяанаас цааш харж, тэр солонгыг дагацгаа! Тэгсэн цагт хүссэн газартаа хүрнэ! 
- Тэд хийж чадаж байгаа бол бид ч бас хийж чадна!
- Үзэл бодол гэхээсээ учир шалтгаанд тулгуурла!
- Хэрэв чи зөв гэж бодож байгаа бол түүнийгээ аваад ир, хамтдаа хийцгээе!
- Золиос хохиролоо ард түмэнд тустай үйлс болгон өвлүүл!
- Амьдрал бол сарнай цэцгийн хүлэмж биш!
- Меритократ Сингапурын жишиг: Зөвхөн мэдлэг ухаан, авьяас чадвар!
- Хүн болж төрсөн л бол ямагт нэгдүгээрт яв!
 
 Үргэлжлэл бий. 
 
 
Facebook-ийн эрхэм найз нар аа! Миний энэ хуучин фэйс 2 сарын өмнө хакердуулаад хулгайчийн гарт орсон. Хулгайчид мөнгө залилуулсан хэрэг хэд хэд гарсан. Би Цагдаад өгөөд 2 сар болох гэж байна. Хулгайч баригдаагүй бололтой. Хорт хэргээ үргэлжлүүлэн миний нэрээр мөнгө зээлдүүлэхийг гуйх, мөн "Таны тухай тийм ч зураг байна, ийм ч мэдээ тийм сайтад байна" гэх хуурамч линк (http://8020bb10da9f.ngrok.io) илгээж найзуудын маань фэйсийг хакердаж сүйтгэх ажиллагаанд шилжжээ. Иймд Та бүхэн хуучин найз байсан юм бол REPORT хийж өгөх, миний хуучин фэйсийн постыг хүлээн авахгүй байх, найз болохгүй байхыг хичээнгүйлэн хүсье! Найз нөхөддөө уламжилж цахим-гэмт халдлагаас сэргийлцгээнэ үү! Би Та бүхэнд дахин хандаж байна шүү! 
 
Олон улсын харилцааны судлаач-профессор Д.Баярхүү
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан