Каракас хотын дарга Дарио Вивас коронавирусний халдварын улмаас нас баржээ. Тэрбээр долдугаар сарын дундуур халдвар авсан байна.
“1980-аад онуудад Каракас хотын гудамжинд эх орон, ард түмнийхээ төлөө эрэлхэгээр тэмцэж явсан бидний сайн нөхөр, үнэнч хувьсгалч Дарио Вивас нас барсан тухай гунигт мэдээг хүргэж байгаадаа гүнээ харамсаж байна” хэмээн Венесуэлийн ерөнхий прокурор Вильям Сааб мэдэгдсэн байна.
Коронавирусний халдварын хамгийн анхны тохиолдлууд Венесуэлд 3 дугаар сарын 13-нд бүртгэгдэж, тэр өдрөө тус улсад онцгой байдал зарлажээ. Ерөнхийлөгч Николас Мадуро орон даяар хөл хорио тогтоох шийдвэр гаргаснаа 3 дугаар сарын 17-нд мэдэгдсэн байна. Венесуэлд коронавирусний халдварын 29088 тохиолдол бүртгэгдэж, 247 хүн нас баржээ.