ЭМЯ-наас цар тахлын цаг үеийн ээлжит мэдээллийг хүргэлээ. Манай улсын хувьд өчигдөр ажиглалтад 18 хүн шинээр орж, 72 хүн гарч гэрийн ажиглалтад шилжсэн. Одоогоор нийт 2616 хүн ажиглалтад байна. Ажиглалтад байгаа хүмүүст 208 төрийн албан хаагчид үйлчилгээ үзүүлж байна.
Цэргийн төв эмнэлэгт тусгай үүргийн онгоцоор ирсэн 41 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 4 хүний биеийн байдал хүндэвтэр байгаа юм.
Өчигдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул аймгийн вирусийн салбар лабораториудад нийт 903 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д эмчилгээнд байгаа хүмүүсийг нийтэд нь авч үзвэл мянга орчим шинжилгээг нэг өдөрт хийж байгаа гэсэн үг юм.
Эдгээрийг дэлгэрэнгүй танилцуулбал:
- Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор долдугаар сарын 4-нд ирсэн 262 хүний 3 дахь давтан шинжилгээ
- Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 262 хүний 2 дахь давтан шинжилгээ
- БНХАУ-ын 191 иргэний шинжилгээнээс тус тус коронавирус илрээгүй.
БНХАУ-ын ЭСЯ-тай тохиролцсоны үндсэн дээр манай улсад ажиллаж байгаа 400 гаруй хятад иргэн эх орондоо буцахаар болсон аж. Манай улсаас шинжилгээний албан ёсны бичиг өгч тэдгээр иргэдийг буцааж байгаа юм байна. Энэ нь Монгол Улсад халдвар байхгүй, халдвар аваагүй ирсэн гэдэг таних тэмдэг болно. Мөн тэр иргэд Монголын өнцөг булан бүрт ажиллаж байгаад буцаж байгаа учраас бас нэгэн төрлийн тандалтын шинжилгээ болж байгаа гэж хэлж болох юм.
- Ажиглах байранд тусгаарлагдан хяналтад байсан хүмүүсээс, мөн ажиглах байранд ажиллаж байгаад ажиглах байранд тусгаарлаж өөрсдийгөө хянаж байгаа 39 эмч, ажилчдаас шинжилгээ авахад коронавирус илрээгүй.
- ХӨСҮТ-д тусгаарлагдсан 17 хүнээс,
- ажиглах байранд тусгаарлагдсан 20 хүний давтан шинжилгээ,
- Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 73 хүний давтан шинжилгээ,
- Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 4 хүний давтан шинжилгээ,
- Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 24 жолоочийн сорьцоос тус тус коронавирус илрээгүй байна.
- Дорнод аймагт тусгаарлагдан хянагдсан нэг жолоочийн шинжилгээг Дорнодын бүсийн лабораторид хийхэд хариу нь сөрөг гарсан байна.
Өнөөдрийн сайн мэдээ бол 31 настай эмэгтэй 32 хоног эмчлэгдэн эдгэрч, ХӨСҮТ-ийн эмчилгээнээс гарч дараагийн сувилал руу шилжлээ.
Ингээд Монгол Улсад батлагдсан тохиолдол нийт 288 байгаагаас эдгэрэн гарч дараа дараагийн шатанд шилжсэн 218 хүн байна. Эмчилгээнд 70 хүн байгаагаас 61 хүний биеийн байдал хөнгөн, 9 хүн хүндэвтэр гэж үнэлэгджээ.
Монгол Улсын хэмжээнд зургаан салбар лаборатори ажиллаж байгаа юм байна. Эдгээр лабораториудын хүчин чадал, оношлууруудын хүрэлцээ бүрэн байгаа бөгөөд дараагийн бэлтгэл ажлын оношлууруудыг захиалсан байгаа учир оношлуур, хүний нөөцийн бүрэн хангалттай ажиллаж байгаа гэж ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү мэдээллээ.
Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мөн сэтгүүлчдийн асуултад хариулахдаа:
-Эмнэлгийн ажилчид 14 хоног ажиглалт, хяналтад байгаа учир нь тэд иж бүрэн хамгаалах хувцас, хэрэглэлтэй ажилладаг тул зайлшгүй 21 хоног хянах шаардлагагүй. Тээврийн жолооч нарын хувьд боомтоор орж ирсэн даруйд нь шинжилгээ аваад эерэг гарвал тусгаарлаад, сөрөг гарвал хүнтэй уулзалгүйгээр ачаагаа буулгаад буцаад явж байгаа. Эрсдэлийн 10 дахь судалгаагаар Монгол Улсад коронавирус орж ирэх эрсдэл маш өндөр, халдвар тархах эрсдэл мөн өндөр гэж гарсан байгаа. Тэгэхээр сургууль, цэцэрлэгийг яаж хичээллүүлэх вэ гэдэг дээр тодорхой журам гаргана. Цар тахал бол цаг хугацааны асуудал учраас маш нарийн журам гаргахаар өчигдрөөс эхлэн Ажлын хэсэг ажиллаж байна гэлээ.
Өнөөдөр 15:30 цагт Афганистанаас 120 энхийг сахиулагчид эх орондоо ирнэ.