"Хар Пиар" хар мөртэй л байдаг юм шүү, дүү нар минь!

Тийм ээ! Одоо бодоход өөрөө болон намын нөхдийн хамт олон ч сонгуулийн ард гарч байжээ. Би хувьдаа сонгуулийн “одгүй” юм шиг байгаа юм. УИХ-ын сонгуульд 1992, 1996 онуудад өрсөлдөөд хоёронтой “аман хүзүүдэж” байсан удаатай. 
Харин хуулийн дагуу намаасаа түтгэлзэхэд хүрсэн 2009 оныг хүртэл журмын нөхдийн хамт оролцож байсан сонгуулийн ажил гэвэл цөөнгүй ажээ. Дээрх хоёр сонгуулиас гадна УИХ-ын гурав, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дөрөв, нийт улсын хэмжээний 9 удаагийн сонгуулийн кампанит ажилд чадах ядахаараа гар бие оролцож явсан байдаг. 
1992 оноос өнөөг хүртэлх энэ бүх хугацаанд Монгол оронд зохион байгуулагдаж ирсэн парламентын сонгуулийн менежмент хэрхэн мөнгөжиж, авилгажсан, санал худалдан авах арга заль нь хэрхэн улам боловсронгуй болж нарийссан, сурталчилгааны арга хэрэгсэл нь хэрхэн бохир, заваан болсон талаар ажиглаж мэдсэн, судалсан зүйл надад багагүй хуримтлагджээ. 
Энэ удаа “Хар Пиар”-ын талаар хэдэн санаагаа хуваалцаж байна.
УИХ-ын 2000 оны сонгуулиар намын ажилтнууд, Аймаг, Дүүргийн зохион байгуулагчид, суртал ухуулагчиддаа уншиж байсан “Сонгуулийн технологи” гэдэг цуврал лекцийнхээ эх гар бичмэлийг саяхан олж, эргүүлж нэг харлаа. Тэр үед сонгууль гэдэг хичнээн ариухан цагаан, шударга үнэн явагдаж байгаа вэ? хэмээн эрхгүй нэг бодогдлоо. Инээд ч хүрэх шиг. Учир нь намын болон нэр дэвшигчдийн талаар үнэн, зөв мэдээллийг сонгогчдод хэрхэн хүргэх арга замын талаар гол нь ярьж байснаас биш хар Пиарыг хэрхэн хийх тухай үг, өгүүлбэр бараг олж харсангүй. “Хар Пиар” гэж юм байдаг, түүнд няцаалт, хариулт өгөх боломжит хувилбаруудын талаар ярьж байснаас биш, өөрсдөө зохион байгуулах тухай санадаг ч үгүй, сонгуулийн сурталчилгаа эрүүл саруул байсан цаг ажээ.
2004 оноос эхлээд Англи, Америк, Орос зөвлөхүүд Монголын сонгуульд идэвхитэй оролцох болж, тэдний өгдөг зөвлөгөө, зөвлөмж нь биднийг ажим ажмаар “хар Пиар” руу эргэлт буцалтгүй хөтөлж эхэлсэн байдаг. Үүнийг аль нэг нам, хэн нэгэн удирдагч, улс төрчтэй холбох нь утгагүй хэрэг байх л даа. Аль ч нам, түүний удирдагчид сонгуульд ялалт байгуулахын тулд өрсөлдөгчидөө аль болох “харлуулахыг оролддог” нь ардчилсан нийгэмд байдаг л үзэгдэл аж. 
Зах зээл өргөжиж, Монголын эдийн засаг сэргэж, хуримтлал бий болохын хэрээр сонгуульд зарцуулах хөрөнгийн хэмжээ нэмэгдэж, гадаадын өндөр хөлстэй “сонгуулийн технологичид”-ыг ашиглах боломж Монголд нээгдсэн хэрэг л дээ. Нөгөө талаар, тэдний зүгээс өгч буй зөвлөгөө, зөвлөмжүүдийн зөв зүйтэй эсэх, ашигтай, ашиггүй талаар монголчууд бидний мэдлэг хомс, ойлгож, шүүх чадвар дутмаг байсны улмаас хэрэгтэйг нь авч, хэрэггүйг нь хаяж гээж чадаагүй хэрэг. Гадаадын мэргэжилтнүүдийн хэлсэн бүхэн үнэн гэж найдаж, сонгуулийн кампанит ажилдаа тэдний зөвлөгөөг мөрдлөгө болгож ирсний нэг гай нь хар Пиар.
Ер нь бол “Хар Пиар” гэдэг нь өрсөлдөгч болон өрсөлдөгчдийнхөө талаар сөрөг мэдээлэл цуглуулж, түүнийгээ сонгогч олонд сонин, радио, телевиз зэрэг мэдээллийн хэрэгсэл, аман болон бичгийн ухуулгыг ашиглан тараах сонгуулийн бохир технологи л доо. Энэ арга технологи хүн ам, сонгогчдын улс төрийн боловсрол сул дорой улс орнуудад өргөн хүрээтэй хэрэглэгдэг нь нууц биш. Манайд ч гэсэн сүүлийн 10 гаруй жил өргөн ашиглагдах болсныг бүгд мэдэж байгаа. 
Монголд чөлөөт хэвлэл өргөн хөгжиж, “шар” сонины тэсрэлт болж, хувийн радио FM, теле сувгууд олноор бий болсон нь уншигч, сонсогч, үзэгчдийг татахын тул дуулиантай, шинэ мэдээллийг өөр хоорондоо өрсөлдөн хэвлэх, нэвтрүүлэх өрсөлдөөнийг хүчтэй болгосон сайн талтайн зэрэгцээ нөгөө талаар олон нийтэд “Хар Пиар” хүргэх арга замыг хамгийн нээлттэй болгож өгсөн нь бодит үнэн.
Сонин хэвлэл, радио, телевиз үнэн бодитой мэдээллийг л уншигч, сонгогч, үзэгчидэд хүргэдэг гэдэг гэнэн ойлголттой байсан олон түмний хувьд “хар Пиар” Монголд үүсч эхэлсэн эхний он жилүүдэд учраа олохгүй, самгардсан он жилүүд байсан. 
Мэдээлэл зүйн тэсрэлтийн үед олон зуун мянган мэдээлэл дотроос үнэн, худлыг ялгах боломжгүй болсон явдлыг улс төрийн намууд, улс төрчид маш хурдан тусган авч, гадаадын “сургагч” нарынхаа заалтаар “хар Пиар”-ыг сонгуулийн сурталчилгаанд төдийгүй бараг өдөр тутмын өрсөлдөөн, улс төржилтөддөө ашиглах болсон байна. 
Эхэн үедээ төөрөлдсөн, итгэсэн олон нийт, сонгогчид “хар Пиар”-ын урхинд их хялбархан орчихдог байжээ. Тиймээс улс төрчид сонгуулийн сурталчилгаандаа өрсөлдөгчдийнхөө тухай гүтгэлэг, үндэслэл муутай яриа, хов жив болон худал мэдээллийг олон нийтийг төөрөлдүүлэхэд өргөнөөр ашиглаж эхэлсэн байдаг. 
Гэхдээ “Хар Пиар” нь зорилгодоо тэр бүр хүрч, өрсөлдөгчөө ялж байсан нь юу л бол гэж бодогддог юм. Үр дүнд хүрлээ гэхэд хариу хаялага нь хортой мэт.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хэд хэдэн жишээн дээр үүнийг авч үзэж болох юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2005 оны сонгуульд МАХН-аас Н.Энхбаяр, Ардчилсан Намаас М.Энхсайхан, Эх орон Намаас Б.Эрдэнэбат, Бүгд Найрамдах Намаас Б.Жаргалсайхан нар нэр дэвшсэн.
Энэ сонгуульд анх хэрэглэсэн сөрөг сурталчилгаа, хар Пиарын нэг арга бол гарал үүслийн тухай асуудал байлаа. 
Хэдийгээр аав Мэндсайхан нь Дорнод аймгийн хүн, багш мэргэжилтэй, Гэгээрлийн яамны орлогч сайд хүртэл хийж явсан, Ээж нь Сүхбаатар аймгийн,  хүүхдийн их эмч мэргэжилтэй социализмын үеийн жирийн сэхээтнүүд байсан хэдий ч өрсөлдөгчдийн зүгээс М.Энхсайханыг “эрлийз, хурлийз” гэх хоосон гүтгэлгээр гутааж, түүнийг муухай болгож харагдуулахыг зорьсон юм. Одоо эргээд санахад энэ бохир ажилд нь гадны зөвлөхүүдийн үгээр гар бие оролцож явсан хүний нэг нь би өөрөө болж таараад байгаа. Сонгуулийн нэгдсэн дүнг гаргахад МАХН-аас нэр дэвшсэн Намбарын Энхбаяр саналаа өгсөн нийт сонгогчийн 53.44 хувийн, Ардчилсан намаас нэр дэвшсэн Мэндсайханы Энхсайхан 20.05 хувийн санал авсан дүн гарч байж билээ.
Харин хар пиар хаялагатай, энэ тактик явуургүй болох нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуулиар эргээд нэг нотлогдож билээ. Энэ удаагийн сонгуульд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр хоёр дахь удаагаа орж, АН-аас нэр дэвшигч Цахиагийн Элбэгдоржтой өрсөлдсөн. Сонгуулийн дүнгээр нийт санал өгсөн сонгогчдын 51.24% нь АН-ын Ц.Элбэгдоржийг, 47.44% нь МАХН-ын Н.Энхбаярыг дэмжсэн. Сонгуулийн дүнд сэтгэл хангалуун бус, гомдолтой үлдсэн Н.Энхбаяр МАХН-ын удирдлага, тухайлбал намын Дарга С.Баярыг өөрийн эсрэг ажилласан гэж бодож явдагаа одоо ч илэн далангүй хэлдэг юм билээ. 
Гэтэл бодит байдал дээр “Юу ялагдалд хүргэчихсэн бэ?” гэдэг талаар эргэж нэг сайн бодож, дүн шинжилгээ хийж үзэх хэрэгтэй санагддаг. Тухайн үед Сонгуулийн штабд ойр ажиллаж байсны хувьд ганц хэлж чадах зүйл бол МАХН-ын тухайн үеийн удирдлагууд, штабынхан нэр дэвшигчийнхээ эсрэг, түүнийгээ унагахын төлөө сөрөг хүчинтэйгээ нэгдэж ажиллаагүй гэдгийг баттай, баримттай хэлж чадах байна.
Харин сонгуулийн кампанит ажлын явцад сонгуулийн менежментийн алдаа гарч, хоёрдмол удирдлага бий болж, сурталчилгааны ажлын стратеги алдагдснаас ялагдал хүлээхэд хүрсэн гэдгийг батлан хэлмээр байна. Учир нь намын сонгуулийн штабын хажуугаар “Number One” гэдэг хөдөлгөөн бий болж, зэрэгцээ үйл ажиллагаа явуулах болсонтой энэ нь холбоотой. Хөдөлгөөнийг үүсгэн байгуулагч Л.Оюун-Эрдэнэ хожим 2010 онд өөрийн өгсөн нэгэн ярилцлагадаа: ““Number one” хөдөлгөөний хувьд Ерөнхийлөгчийн сонгуулийн үед манай намаас нэр дэвшсэн Н.Энхбаярыг дэмжих зорилгоор байгуулагдсан шүү дээ. Намын дэргэдэх холбоо, хөдөлгөөн олон байсан ч залуучуудын сайн дурын үндсэн дээр байгуулагдсан нэг ийм хөдөлгөөн байх нь зөв гэж үзээд байгуулж, бидний залуучууд чадах чинээгээрээ ажилласан. Гэхдээ сонгуулийн үр дүн өөр гарсан л даа. Зөвхөн биднээс шалтгаалж, тэр том сонгуульд ялна ч гэж юу байхав, ялагдана ч гэж юу байхав.” гэж хэлсэн байдаг. Тийм л байх л даа. Залуучууд нэр дэвшигчээ унагачихна гэж яаж мэдэхэв дээ. Зайлуул гэж. Гэтэл тэдний сайн санаж хийсэн ч технологийн алдаа гаргасан “хар Пиар” нь нэр дэвшигч Н.Энхбаярыгаа унагахад хүргэхэд том түлхэц болсон юм.
Учир нь “Number One”хөдөлгөөний залуучууд нэр дэвшигчийн гэр бүлийн гишүүдийн дэмжлэгт дулдуйдан МАХН-ын сонгуулийн штабтай ярилцаж тохиролгүйгээр, тэдний зөвшөөрлийг авалгүйгээр Ц.Элбэгдоржийн яс үндэс, гарал үүслийн талаар маш хүчтэй сөрөг нэвтрүүлэг бэлтгэж, “Элбэгээ хятад” гэсэн хар Пиарыг сонгуулийн сурталчилгааны ажил хаагдахаас 10 гаруй хоногийн өмнө телевизүүдээр хэд хоног бялууртал нь цацаж билээ. Залуу ухуулагчид хар пиарын хариу ирэх хор холбогдлыг нь тооцоогүй ажээ.
Сэргэлэн, зальтай өрсөлдөгч Ц.Элбэгдорж ч энэ сонгуулийн сурталчилгааны тактикийн бүдүүлэг алдааг овжин ашиглаж, ээж дээрээ очиж уйлж нэг үзэж, аавынхаа гарал үүслийг “тодруулаад”, Көкшүзан Батбаяр Ховд руу илгээж, гэрчүүдийг нь мөнгөөр “улайлгаад” хар пиард хар пиараар хариу барьж орхисон доо. Энэ нь Ерөнхийлөгчийн сонгуульд “эргэлтийн цэг” болж, Ерөнхийлөгч Н.Энхбаярыг ялагдуулахад хүргэсэн нэг гол шалтгаан гэж би боддог. 
Харин Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд МАН-ын нэр дэвшигч Төв аймгийн Баян сумын уугуул Боржигин халх Г.Миеэгомбо Ардын багшийн хүү М.Энхболдыг “хужаа болгох” сөрөг сурталчилгааг “Number One” хөдөлгөөний Л.Оюун-Эрдэнийн төрсөн ах, Монголын “Пиар”-ын загалмайласан эцэг гэгддэг “Херо” Б.Баатар манлайлж, МАН-ын удирдлагууд нь “Монгол адуу түрүүлнэ” хэмээн сайтар “сэвж” өгснөөр “Монгол ялсан”-ыг хэн бүхэн мэдэж байгаа. 
Өрсөлдөгчөө “харлуулах” энэ бохир технологид ёс зүйн хэмжээ хязгаар байгаагүй бөгөөд хамгийн гол нь “хар Пиар”-д мэдээллийн технологийн сүүлийн үеийн ололт, телевиз, интернет, вэб хуудас, жиргээ, нүүр ном зэрэг сошиал хэрэгсэлүүдийг хэрхэн өргөн ашиглаж болдог болсныг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль монголчууд бидэнд дээд зэргээр харуулсан юмдаг. Харин 2017 оны хар Пиарынхаа горыг УИХ-ын 2020 оны сонгуульд АН-ынхан, МАН-ынхан эргээд эдлэхвий дээ! “Хар ПИАР” хар мөртэй л гэдэг дээ. 

Б.Энхмандах
Эх сурвалж: baabar.mn
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан