Нийслэлийн Хан-Уул дүүрэг буюу УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойрогт бие даан нэр дэвшиж буй Н.Номтойбаярыг 461 дүгээр хорих ангид саатуулаад байгаа билээ. Гэсэн ч өчигдөр СЕХ-ноос Н.Номтойбаярын нэр дэвшигчийн үнэмлэхийг олгосон бөгөөд түүний аав Б.Нямтайшир хүүгийнхээ өмнөөс нь гардаж авсан юм. Б.Нямтайшир “Миний хүүг нэр дэвшигчийнхээ тогтоолыг гардан аваад байхад нь цагдан хорьсон. Энэ нь Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл болсон. Нэр дэвшигч шоронгоос өрсөлдөхөөр болж байна. Энэ бол түүний эрх чөлөөг боомилсон, Хан-Уул дүүргийн иргэдийн эрхийг боомилсон үйлдэл. Ардчилсан оронд ийм зүйл байх ёсгүй. Хэлмэгдүүлэлт ямар их гай зовлон авч ирдгийг монголчууд мэднэ. Миний хүүг суллахгүй бол би эцэг хүний хувьд сонгуулийн ажилд нь өөрийн биеэр идэвхийлэн оролцоно” гэдгээ мэдэгдсэн юм.
Мөн хорих ангиас Н.Номтойбаяр захидал илгээхдээ “Энэ бол зөвхөн миний эрх чөлөөг боомилоод зогсохгүй, Хан-Уул дүүргийн 127 мянган иргэдийн сонгох эрхэнд халдаж, Монголд ардчиллын үнэт зүйлсийг устгаж, хэлмэгдүүлэлтийн шинэ зохион байгуулалтыг XXI Зууны Монголын хөрсөнд нутагшуулахыг санаархаж байна” хэмээн онцолсон. Энэ нь ч өнөөдрийн гол сэдэв болж байна.
Учир нь Хан-Уул дүүргийн сонгогчдын төлөөлөл болсон залуус өнөөдөр 461 дүгээр хорих ангийн гадна жагсаал хийсэн байна. Тэдгээр залуус хорио цээрийн дэглэмийг баримталж хоорондоо 1,5 метрийн зайтай зогссон бөгөөд “Номтыг чөлөөл”, Шударга өрсөлд”, “Хан-Уулын сонгогчдын сонгох эрхийг бүү боомил” гэсэн лоозон барьсан байна. Хууль хүчний байгууллагаар өрсөлдөгчөө хүч хэрэглэн замаасаа зайлуулах эрх баригчдын үйлдлийг эсэргүүцэж байгаагаа залуус ийн илэрхийлсэн байна. Цахим орчинд ч гэсэн Н.Номтойбаярыг дэмжигчид түүнийг суллахыг шаардсан #FreeNomt Нямтайширын Номтойбаяр хөдөлгөөнийг өрнүүлж байна.
Эх сурвалж: erennews.mn