Ч.Улаан сайд аа, уучлаарай чинь хэрэггүй, дахиж Монголын төрд битгий ойрт

Малчид "Цаг агаар, бэлчээр, Ч.Улаан сайд гурав л толгойны өвчин болж байна даа" гэж аргаа баран ярьсан сурвалжлагыг та цахимаар хайгаад уншиж болно. Ёстой л энэ хавар малчдын толгойны өвчин нь Ч.Улаан сайд байлаа.  Ноолуурыг 100 мянган төгрөгөөр авна гэж баахан бужигнуулсан. Дараа нь 75-105 мянган төгрөгөөр авна гэсэн журмыг ХХААХҮЯ-наас гаргаж, мэдэгдсэн.  Өөрийнхөө нэр дэвшиж магадгүй Сүхбаатар аймгаас ноолуур авах ажлыг эхлүүлж, тойргоо "усалсан".  Сүүлдээ 100 мянгаар авч дийлэхээ болилоо гээд, кг тутамд нь 20 мянган төгрөг "бэлэглэхээр" болов. Ч.Улаан сайдад тойрог олдоогүй болохоор эцэст нь гарч ирж, "Засгийн газар тодорхой нөхцөл шалтгааны улмаас бодлогоо бүрэн хэрэгжүүлж 100 мянгаар ноолуураа авч чадсангүй. Малчдаасаа хүлцэл өчье. Бид их хичээлээ. Санхүүгийн схем маань ажилласангүй хугацаа алдчихлаа. Хариуцлага одоо та бүхэнд шилжсэн" гэж мэдэгдэв. Ноолуур 100 мянгаар аваагүйн бурууг мань эр чихэж болох нүх сүв байвал чихэх нь л дээ. Засгийн газар бодлого гаргаад, боломжийг нь хангаад өгсөн.  Яаж хэрэгжүүлэх, зохицуулах нь салбарын сайдын ур ухааны асуудал байсан. Гэтэл одоо санхүүгийн систем маань ажилласангүй гээд сууж байдаг. Мөнгийг нь гаргах ёстой нөхдүүд нь эрхэм сайдын ноолуур 100 мянгаар авахаар хурдалж байсан "машин"-ы дугуйг хагалчихсан байх нь уу.  Санхүүгийн схем маань гэж өөриймсүүлж байгааг бодоход нягт уялдаатай ажиллах ёстой юм шиг. Гэтэл яагаад нягт уялдаатай ажиллаж чадаагүй вэ гэдгийн хариуцлагыг одоо бид, эсвэл малчид үүрэх ёстой юм байна. 
Ердөө л сар гаруйн өмнө, тодруулбал, дөрөвдүгээр сарын 6-нд Ч.Улаан сайд "Ноолуур 100 мянган төгрөгөөр авах нь үнэн. Би худлаа хэлээгүй" хэмээн мэдэгдэж байлаа.  Гэтэл амласан амлалт нь уруулыг нь давж унаад удаагүй байхад "Малчдаас уучлал гуйя, ноолуурыг 100 мянган төгрөгөөр авч чадсангүй" гээд сууж байдаг.  Ч.Улаанаас өөр олигтойхон хөдөө аж ахуйн сайд байсан бол "Ноолуурыг 100 мянган төгрөгөөр авах боломжтой. Арай өөрөөр малчдынхаа амжиргаанд тус нэмэр болъё" гээд явж байх ёстой байсан юм. Гэтэл тэгэлгүй, баахан амлалт өгч, бүх Сүхбаатар руу туслах тэргүүтэй хүмүүсээ явуулж, ноолуур авах ажил "хийлгээд" л сууж байсан. 
Одоо тэгээд уучлал гуйгаад л өнгөрөх хэрэг үү. Зүгээр зах зээлийнхээ жамаар ноолуурын үнэ тогтсон бол өдийд ядаж л  70, 80 цаашлаад 90 мянга хавьцаа байх байсан талаар малчид хэлж, гасалж сууна. Харин одоо 50, 60, зарим газар үүнээс ч хямдхан байна.  Ноолуураа аль эрт самначихаад, 75-105 мянгаар тушаах гээд хүлээж байсан малчид одоо яах билээ. Удаан хадгалчихсан, хог шороо болсон, даахирсан ноолуурыг 50, 60 мянгаар авах уу, хэцүү л байх.  Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Төв аймгийн төвд кг ноолуурыг 35 мянган төгрөгөөр авч байгаа гэнэ.  Ийм л балаг тарьчихлаа даа.  Одоо ноолуурын кг тутамд 20 мянган төгрөг өгөх асуудлыг ч эрхэм сайдтан жонхууруулаад байгаа.  Малчдын хэлж байгаагаар тушаасан ноолуурынх нь хэмжээгээр биш хамгийн сүүлд мал тоолуулсан А дансаар нь мөнгө олгох аж.  Хамгийн сүүлд мал тоолуулахад танайх 100 ямаатай байсан. 100 ямаанаас дунджаар тэдэн кг ноолуур гарна гээд л өгөх нь л дээ.  Жаахан дарж тооцоод, гонжрох магадлал ч бий.  Ингэж малчдаар "тоглож", толгойны өвчин нь болж, ноолуурых нь үнийг шалаар нэг унагачихлаа. 
Одоо худлаа, үнэн уучлал гуйгаад хэрэг байна уу. Уучлаарайг чинь малчид идэхгүй, уухгүй, малдаа тэжээл авч өгөхгүй, ноолуурыг нь 100 мянгаар авахгүй. Ингэж улайхгүй улайрч суухаар огцрох өргөдлөө өгөөд, Монголын төрөөс холдоод өг. Дараагийн Засгийн газар бүрэлдэж, ХХААХҮ-ийн сайд тодортол газрын дарга нар чинь хаврын тариалалт, мал төллөлттэй холбоотой бодлогуудыг зангидаж дөнгөнө гайгүй.   

Н.Пунцагболд
Эх сурвалж: zaluucom.mn
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан