Монголчууд яг одоогийн байдлаар дэлхийн улс орнуудын анхааралд байна. Бөмбөрцгийн хэмжээнд гамшиг дагуулаад байгаа цар тахлын тухайд Монгол Улс дотоодоосоо халдварлаагүй цөөхөн улсын нэг гэдгээрээ анхаарлын төвд байгаа. Тэгвэл өнгөрөгч Пүрэв гарагт Европын холбоо Монгол Улсыг “Хар жагсаалт”-д бүртгэснээ албан ёсоор зарласнаар дахин анхаарлын төвд оров. Сайн муугийн тод жишээ гэх үү дээ. “Саарал жагсаалт”-д багтлаа гэж өнгөрөгч оны 10 дугаар сараас эхлэн дээр доргүй баахан ярьцгаасан ч өнөөдөр тусыг эс олж, өнөөх бүүдгэр саарал нь хар бараан болж нүүгэлтсэн эдийн засагтай болчихлоо. Үүнд хэн буруутай вэ. Зөвхөн эрх баригчид, тэдний томилсон тодорхой албан тушаалтнууд, бохир мөнгө уугагчид. Гагцхүү тэд л буруутай.
Тэдний Европын Холбоонд харьяалагддаг Франц, Итали, Бельги, Нидерланд гэх зэрэг 27 улс, тэдгээрийн банкуудтай харилцахад санхүү, татвар, эдийн засгийн асуудал үүсч ЕХ-ноос эдийн засгийн дэмжлэг авах эрхгүй болсон гэсэн үг. Зөвхөн өөрийнхөө үгийг оновчтой зөв гэж боддог, “Би”-гээр өвчилсөн, боловсрол мэргэжил, мэргэшил, ухаан муутай улстөрчид өнөөдөр энэ байдлыг нэг их ойшоохгүй “Шууд хар жагсаалтад орчихож байгаа юм биш, 6, 10 сарын хугацаа бий” гэж их мэдэгчийн дүр эсгэж байгаа нь эмгэнэл бас гутамшиг. Зургаа, 10 сарын хугацаанд бохир мөнгө уугчидтай, хар тамхи зөөвөрлөгч дипломатуудтай, оффшорчидтой тэмцэж тэднийг шийтгэж чадахгүй хэрнээ ингэж “ХУГАЦАА”-ны тухай ярьж нийгмийн тархийг угааж, цаг хожих гэж оролдлого. Ийм л нөхдүүд өнөөдөр Монгол Улсын төр, засгийн эрхийг барьж байгаа хэрнээ дахин төрийн эрхэнд гарахаар санаархаж, сонгуулийн өмнөх шоугаа аль эрт эхлүүлж хүүхдийн 100, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 100, өрх толгойлсон эхчүүдийн 100 мянга гэх зэргээр эдийн засгийн хөшүүрэг маягийн зүйл хийж байна.
Өнөөдөр эдгээр нэмэгдлүүд өрхүүдийн амьжиргаанд мэдэгдэхүйц нэмэр болж байгаа нь үнэн. Нэгэн өрх 4 хүүхдийнхээ 40 мянган төгрөгөөр 25 кг-ын савлагатай II зэргийн гурил 1, хамгийн хямд буюу 2000 төгрөгийн үнтэй цагаан будаа 10 кг-ыг авч түүгээрээ 6 ам бүл гэдэс буюу жижиглэнгээр мах орлуулан сардаа арай ядан хүргэдэг байсан бол өнөөдөр ганц хоёр хоног ч болов мах идэх хэмжээнд хүрснээ ярьж байв. Энэ нэг талаар дэвшил, сайшаалтай боловч нөгөөтэйгүүр их өр. УИХ-ын сонгууль дөхсөн энэ мөчид ямар ч арга чаргаар хамаагүй сонгуульд ялахыг хичээж байгаа болохоос ард иргэдийн амьдрал хэр байгаа, юу идэж ууж, өмсөж зүүж, хэрхэн амьдарч байгаа нь үнэндээ улстөрчдөд хамаагүй гэдгийн илрэл болж байгаа юм. Хэрэв ард иргэдээ боддог байсан бол өл залгахад нэмэрлэж буй эдгээр нэмэгдлүүдээ аль эрт өгөх байв.
С.Цээл
Эх сурвалж: erennews.mn