АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын удирдагчийн биеийн байдал ямар байгааг мэдэж байгаа гэж мэдэгдсэн боловч энэ талаар сэтгүүлчдэд хэлэхээс татгалзжээ. “Би та бүхэнд яв цав хэлж чадахгүй. Надад маш сайн санаа байна, гэхдээ энэ талаар одоо ярих боломжгүй. Би түүнд хамгийн сайн сайхныг хүсэж байна... түүнтэй би маш сайхан харилцаатай. Түүний бүх зүйл сайхан болно гэж найдаж байна. Ким Жөн Уны бие ямар байгааг ерөнхийдөө мэднэ. Энэ талаар та бүхэн удахгүй сонсож магадгүй юм” гэж тэрбээр даваа гарагт Цагаан ордонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн байна.
Ким Жөн Ун зүрхний мэс засал хийлгэсний дараа эмчлүүлж байна гэж Өмнөд Солонгосын “Daily NK” цахим хэвлэлд мэдээлсний дараа хэвлэл мэдээллийн хэд хэдэн хэрэгсэл болон нийгмийн сүлжээгээр БНАСАУ-ын удирдагчийн биеийн байдал хүнд байгаа гэх мэдээлэл гарсан юм. Зарим хэвлэл нийгмийн сүлжээн дэх нийтлэлээс иш татан БНАСАУ-ын удирдагчийг нас барсан байж болзошгүй гэж мэдээлж эхэлсэн билээ. Харин БНСУ-ын Ерөнхийлөгчийн үндэстнээ нэгтгэх, олон улсын харилцаа болон үндэсний аюулгүй байдлын зөвлөх Мүн Жон Ин БНАСАУ-ын удирдагч эсэн мэнд, эрүүл энх байгаа гэж даваа гарагт мэдэгдсэн билээ. Хоёр Солонгосын харилцааны асуудлыг хариуцдаг тус улсын гол байгууллага болох Үндэстнээ нэгтгэх яам мөн Умард Солонгосын удирдагчийн эрүүл мэндийн талаарх цуурхлыг нотлох зүйл ажиглагдахгүй байгааг мэдэгджээ.
Д.Жаргал