О.Баярцэцэг: Ядаргаа хэмжээнээсээ хэтэрч, архаг хэлбэрт орвол олон өвчний эх үүсвэр болдог

Хаврын ядаргааны талаар “Халиун” нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч О.Баярцэцэгтэй ярилцлаа.
-Хаврын энэ үед хүний дархлаа суларч, нойрмоглож ядардаг. Үүнийг хаврын ядаргаа гэж ярьцгаадаг. Харин эмнэлгийн хэллэгээр юу гэж тодорхойлдог вэ?
-Ядаргаа гэхээр хүн бүхэн төдийлөн тоодоггүй, амьдралд байж байдаг ердийн зүйл мэт хүлээн авдаг. Ачаалал ихтэй үед ядарч, амарч унтвал арилчихдаг гэж үзсээр ирсэн. Өнөө үед ядаргааны тухай ойлголт багатай байгаа нь томоохон аймшиг гэж хэлж болно. Судлаач эрдэмтэд ядаргааг бие махбодын түвшинд байж болох үзэгдэл гэдэг боловч хэмжээнээс хэтрэх буюу архаг хэлбэртээ орвол эрүүл мэндэд ихээхэн хор хохиролтой төдийгүй олон өвчний эх үүсвэр болдог гэдгийг нотолсоор байна. Эмнэлгийн хэллэгээр үүнийг архаг ядаргааны хам шинж гэдэг. Хавар хүн илүү ядардгийн шалтгаан нь хүйтний улирлаас дулааны улиралд шилжихэд хүний бие махбод орчиндоо дасан өөрчлөгдөн зохицдог. Өөрөөр хэлбэл, хавар нарны тусгал хурц болж цаг агаар дулаарахад хүний бие дасах гэж нэлээд зүдэрдгээс ядардаг.
-Нойргүйдэх, эсвэл хэт нойрсох үзэгдэл бий. Унтаад байх нь сайн гэдэг ч хэт нойрсох нь бас ядаргааны шинж тэмдэг гэдэг?
-Нойр гэдэг хүний ажиллах чадамжийг тасралтгүй хангаж байдаг организм дахь давтамжит үйл явц төдийгүй бие махбодыг хамгаалагч өвөрмөц хамгаалал юм. Нойр тун эмзэг. Гадны нөлөөлөлд амархан өөрчлөмтгий. Учир нь хүний тархи унтаж байх үед амардаггүй. Тархины зарим эд эс, нейронууд идэвхгүй байдалд ордог ч бусад нь ажиллаж байдаг. Мөн шөнийн цагаар биед чухал дааврууд нийлэгжиж, өдрийн цагаар үүссэн хаягдал бүтээгдэхүүнээс биеийг цэвэрлэх, маргааш өдөрт хэрэглэх бодисоо нөөцлөх зэрэг маш олон чухал ажлууд явагддаг. Дархлаа доголдох хамгийн гол шалтгаан нойргүйдэл тул 7-8 цагаас багагүй тасралтгүй унтах хэрэгтэй. Нойргүйдэлтийн улмаас үүдэлтэй биеийн ядаргаа нь тархинд нөлөөлж биеийг удирдах, хянах үйл явц нь сулардаг. Дараахь зовиур танд байвал нойрны хямрал буюу нойргүйдэл байна гэж үзэн эмчид хандах хэрэгтэй.
Хүнд ажлын өдрийн дараа бөх нойрсож чадахгүй байгаа бол, шаардлагатай гэсэн 7-8 цагийн нойроо авсан ч нойр ханаагүй мэдрэмж хэвээр бол, таны нойр тасалдан, тайван бус амарч байгаа бол нойрны хямралд өртсөн байна гэж үзнэ.
-Энэ үед заавал эмнэлэгт хэвтэж, эмчилгээ хийлгэхгүйгээр амьдралын дэглэмээ өөрчилж, зөв болгосноор эрүүл мэндээ хамгаалж болно биз дээ?
-Заавал хэвтэн эмчлүүлэх шаардлага байхгүй. Ажил амралтаа зөв зохицуулах, эрүүл зөв хооллох, аливаа хорт зуршлаас зайлсхийх нь чухал. Дархлааг дэмжиж байна гээд элдэв эм, тариа, сүлжээний бүтээгдэхүүн хэрэглэх нь таны эрүүл мэндэд аюултай байж болох бөгөөд дараахь энгийн аргууд нь дархлаа чадамжийг нэмэгдүүлдэг болох нь батлагдсан. Агаарт алхах, дасгал хөдөлгөөн хийх, ус тогтмол уух, эрүүл зөв хооллолт, мөн витамин D нийлэгжүүлэх. Таны дархлааны эсүүдийн 70-80 хувь нь гэдэс дотор байдаг. Дархлааны цөм бол гэдэс юм. Тиймээс гэдсэнд ээлтэй хоол хүнс хэрэглэх, хоёр идэхгүй хоосон хонохгүй зарчмаар хооллож гэдсээ амрааж байвал таны дархлаанд ч мөн адил сайнаар нөлөөлнө. Хэт их идсэнээр гэдэс хоол боловсруулах болон хүнсээр орж ирсэн гадны биетүүдийг устгах гээд хэт завгүй ажиллаж эхэлдэг. Ерөнхий дархлааг сайжруулъя гэвэл гэдсэндээ бага ачаалал өг. Мөн гэдсэнд сайн ашигтай нян агуулсан синбиотикийн бэлдмэл хэрэглэх хэрэгтэй. Ялангуяа монголчууд эрт дээр үеэс тарагийг бүрж шинэхнээр нь хэрэглэж байсан нь биед хэрэгтэй ашигтай бактериа хоол хүнснээсээ авч дархлаагаа дэмждэг байсныг харуулдаг.
-Дээхнэ үед аливаа хүн эмнэлэгт хэвтээд 3-5 хоногийн дотор засрал авдаг байсан бол сүүлийн жилүүдэд 5-7 түүнээс ч урт хугацаанд засрал авдаг болсон гэх юм. Энэ үнэн үү?
Хүний биеийн онцлог, өвчний явц харилцан адилгүй болохоор эмчилгээний хугацаа мөн адил өөр өөр байдаг. Архаг ядаргааны хам шинжийн эмчилгээ ч мөн адил хүн бүрт ямар эмчилгээний төлөвлөгөө гаргаж эмчлэх гэж байгаагаас хамаарч эмнэлэгт заавал хэвтэхгүйгээр өдрөөр, зарим хүн эмнэлгийн нөхцөлд заавал хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байж болох юм.
-Хүн ядаргаанд орж байгаагаа яаж мэдэх вэ. Ядаргааны эхний шинж тэмдгүүд яаж илрэх вэ?
-Ядаргааны эхний шинж тэмдгүүд бол толгой өвдөх, ой санамж анхаарал сулрах, булчин сулрах, сайн унтаж амрахгүй, бие амарсан болохгүй, уур уцаартай болох зэрэг шинж тэмдгүүд юм. Харин сүүлийн зургаан сарын хугацаанд, эсвэл түүнээс урт хугацаанд ядаргааны урьдал бус дараахь шинж тэмдгээс дөрөв, эсвэл түүнээс олон илэрвэл архаг ядаргааны хам шинжтэй болсон байна гэсэн үг. Энэ үед та мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө авах шаардлагатай.
-Хөл хорионд байгаа үед гэрээсээ гарахгүйгээр хөдөлгөөнөө идэвхтэй байлгах ямар арга байдаг вэ?
-Интернэт хөгжсөн энэ үед та гэрийн нөхцөлд хийж болох үр дүнтэй дасгалууд гээд бичээд хайхаар маш олон төрлийн дасгал байх бөгөөд өөрийн нас, биеийн онцлогт тохирсон дасгалыг сонгон авч хийвэл зохистой. Жишээ нь, 108 сунаж мөргөх, иога, кардио дасгал байж болох юм. Кардио дасгал калори шатаана, ингэснээр та илүүдэл жингээ хаяна. Нуруу нугасны булчинг чангалж нуруу өвдөхөө болино. Таны хөдөлгөөн сайжирч аливаад овсгоотой хөдөлнө, эрч хүч нэмэгдэж өдрийн турш ажлын ачааллыг даах чадвартай болно.
-Танай эмнэлгийг нэг дор олон үйлчилгээ үзүүлдэг гэсэн?
-Манай эмнэлэг нь шүд, нүүр амны согог засал, нүүр амны мэс засал, чих хамар хоолой, дотор, нүд, арьс, харшил, эмэгтэйчүүд, уламжлалтын оношилгоо эмчилгээ, хэт авиан оношилгоо, рентген, лаборатори, хэвтэн эмчлүүлэх тасгийн үйлчилгээ үзүүлж байна.

Д.Гансаруул
Эх сурвалж: Өдрийн сонин
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан