Ө.Энхтүвшин дарга аа, коронавирусын үед хариуцлага алдсан нөхдийг хэрхэх вэ

-Коронавирусын халдвараас сэргийлж чадсан ч хариуцлагагүйн вирусээс хамгаалж чадсангүй-
Герман болон БНСУ-аас тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийн дундаас шинэ коронавирусын халдвар эхний шинжилгээгээр батлагдсан. Энэ талаар албаны эх сурвалжууд хийгээд ЭМЯ-наас мэдээллээ. Хоёр дахь шинжилгээний хариу өнөөдөр гарна гэж байгаа. Өчигдөр буюу гуравдугаар сарын 16-ны үдэш ЭМЯ-наас өгсөн мэдээллийн дагуу бол Францаас Германаар дамжиж ирсэн эмэгтэйн биеийн байдал хүнд, шаардлагатай арга хэмжээг авч байгаа. Түүнтэй ойрын хавьтлын есөн хүнийг хүний тусгаарласан гэж байна. Үндсэндээ бид буурай хөгжилтэй, цөөхүүлээ хэдий ч вирусын халдвараас сэргийлж чадаж байсан. Харамсалтай нь хариуцлагагүйн вирусээс хамгаалж чадсангүй.
Тусгай үүргийн онгоцоор БНСУ-аас 244, Япон улсаас 271 Еропын улсуудаас буюу Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 231  иргэнээ авч ирсэн. Гэтэл БНСУ-аас ирсэн онгоцны хоёр, Германаас ирсэн онгоцны нэг зорчигчийн шинжилгээний хариу эерэг гарсан. Уг нь дээрх онгоцоор иргэдээ авч ирэхэд халдвар, хамгааллыг дээд зэргээр авч, хариуцлагатайгаар ажиллаж байна хэмээн мэдэгдэж байсан. БНСУ-аас ирсэн онгоцонд халуурч байсан иргэдийг оруулалгүй үлдээсэн гэх мэдээлэл бий. Харин халуурсан гэх иргэдийн хувьд онгоцонд суухдаа зүгээр байсан, буухдаа халуурч эхэлсэн тухай эх сурвалж мэдээлж байгаа юм. Германаас ирсэн онгоцны тухайд Францаас тус улсыг зорьж ирэн, нислэгт багтсан эмэгтэй анхнаасаа халуурч байсан бөгөөд тусгаарлалтыг сайн хийсэн гэх мэдээлэл бий.
Тусгай үүргийн онгоцоор авч ирэх хүмүүсийн биеийн байдлыг Мэргэжлийн хяналтын эрүүл ахуйчид нислэгийн багийнхантай хамт очиж, шалгаж оруулдаг аж. Гэтэл Францаас ирсэн эмэгтэй анх Германд онгоцонд суухдаа л биеийн байдал нь хэвийн бус, халуунтай байж. Тиймээс тусгаарлалтын хувцсыг сайтар өмсгөн, онгоцонд нэвтрүүлж, авч иржээ. Мэдээж иргэдээ эх оронд нь авч ирэх нь зөв. Гэхдээ халуурч буй хүнийг онгоцонд суулгахгүй гээд БНСУ-д үлдээсээр байсан хэрнээ яагаад Германаас ирж буй хүмүүсийг шалгахдаа хариуцлага алдчихваа. Мэргэжлийн хяналтын эрүүл ахуйчид  том хариуцлага алдав уу, эсвэл УОК-оос "халуунтай ч байсан иргэнээ авчир" гээд хэлчихсэн үү.
Уг нь ЭМЯ болон холбогдох албаныхан БНХАУ-д шинэ коронавирусын халдвар бүртгэгдсэн нэгдүгээр сарын 9-өөс хойш урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсаар ирсэн. Ард иргэд ч халдвараас хамгаалах заавар, зөвлөмжийг дагаж, сахилга баттай байсан. Гэнэтийн нөхцөл байдлаас үүдэн эх орондоо ирж чадахгүй үлдсэн иргэдээ авч ирэх ажлыг ч зохион байгууллаа. Гэтэл ердөө хэдхэн хүний хариуцлагагүйн улмаас өнгөрсөн хугацаанд хичээн ажиллаж ирсэн бүх хүний хичээл зүтгэл, хөдөлмөр талаар болох вий. Вирусын дэгдэлт үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдаж байгаа энэ үед хариуцлагын тогтолцоог ч хатуу шаардаж ажиллахгүй бол салбар яамныхан болон холбогдох мэргэжилтнүүд хичнээн хичээгээд ч хариуцлагагүй хандаад байвал 3 сая гаруй иргэний эрүүл мэндэд эрсдэл учирч мэдэх нь.

Б.Төгөлдөр
Эх сурвалж: erennews.mn
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан