Д.Бүрэнбаатар: Ахуйн хүрээний архидалт нэмэгдэж, төрсөн эцгээ олон хутгалж хөнөөсөн ноцтой хэрэг ч гарсан

Шинэ төрлийн коронавирусийн улмаас хөл хорио тогтоосон хоёр сарын хугацаанд улсын хэмжээнд согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн тоо өмнөх оны энэ үетэй харьцуулахад, 4.9 хувиар буурчээ. Хэдийгээр согтуугаар үйлдсэн гэмт хэргийн тоо буурсан ч ахуйн архидалтын тохиолдол өссөн байна.
Энэ талаар ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Д.Бүрэнбаатараас тодрууллаа. 
-Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн тоо буурч байгаа ч ахуйн хүрээнд архидах тохиолдол нэмэгдсэн мэдээлэл байна. Энэ талаар тодруулаач?
-Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн тоо 2018 онд 448 байсан. Энэ оны 2 сарын байдлаар 426 болж,  4.9 хувиар буурсан. 2019 оны мөн үед 19779 хүн эрүүлжүүлэгдсэн бол энэ онд 17430 болж буурсан байна. Энэ оны эхний 2 сарын байдлаар согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн тоо буурсан. Гэвч гуравдугаар сар гарснаас хойш ахуйн хүрээний архидалт маш их нэмэгдсэн. Үүнтэй холбоотой согтуугаар үйлдэгдсэн хэд, хэдэн ноцтой гэмт хэрэг бүртгэгдсэн. Жишээлбэл, гуравдугаар сарын 11-ий өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд 30 настай хүүхэд нь 51 настай  эцгийгээ маш олон удаа хутгалж, амь насын хохироосон ноцтой гэмт хэрэг гарсан. Мөн Өмнөговь аймгийн Цогтцэций суманд гуравдугаар сарын 15-ы өдөр архидан согтуурч, хувийн таарамжгүй харьцаанаас болж 2 хүнийг хутгалж, гэмтээсэн тохиолдол гарсан.
-Архи,  согтууруулах ундаа зарахыг хориглож, цагийн хязгаарлалт заасан байсан. Тийм байхад яагаад ийм тохиолдлууд үүсэж байна вэ?
-Гуравдугаар сард хөл хорио тогтоосонтой холбоотой согтууруулах ундаагаар үйлчилдэг үйлчилгээний газруудын үйл ажиллагаа түр зогссон байсан. Өчигдрөөс эхлээд улсын онцгой комисс болон зарим аймгуудын Засаг даргын захирамжаар согтууруулах ундаагаар үйлчилдэг, борлуулдаг цэгүүд ажиллаж эхэлж байна. Хөл хорионы үед үйлчилгээний газруудыг хаасантай холбоотой ахуйн архидалт ихээр үүсэх болсон. Иргэд олноороо нэгнийдээ цугларч, найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ архидан согтуурсаны улмаас олон зөрчил гарах болсон.
-Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ иргэд ямар зөрчлүүдийг их гаргадаг вэ?
-Монгол Улсад нийт бүртгэгдэж байгаа гэмт хэргийн 45 орчим хувь нь архидан согтуурсны улмаас болж үйлдэгддэг. Архидан согтуурснаас болж бүх төрлийн гэмт хэрэг үйлдэгдэж байна. Хүний амь насыг санаатайгаар хохироох, зам тээврийн осол гаргах, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийн эсрэг гэмт хэргүүд гэх мэт.
- Хөл хорионы хугацаа дуусаж,  үзвэр үйлчилгээний газрууд хэвийн үйл ажиллагаанд шилжиж байна. Энэ үед иргэдэд хандаж сэрэмжлүүлэг хүргэнэ үү?
-Гуравдугаар сарын 15-ны байдлаар улсын хэмжээнд 262 хүн эрүүлжүүлэгдсэн. Үүнээс 235 эрэгтэй, 27 эмэгтэй хүн байна. Архидан согтуурсны улмаас гэмт хэрэгтэн болдог гэсэн үг биш. Гэмт хэрэгтэн болохоос гадна, өөрсдөө хохирогч болох тохиолдол их байдаг. Согтуу явж байгаад унаж гэмтэх эсвэл гар хөлөө гэмтээх, бусдын халдлагад өртөх эрсдэл их байдаг. Иргэд архидан согтуурвал хохирогч, эсвэл гэмт хэрэгтэн л болно гэсэн үг. Тиймээс иргэд архийг бага хэрэглэх хэрэгтэй, аль болох татгалзах нь зөв. Цар тахлын энэ үед архидан согтуурсны улмаас хүний биеийн дархлаа суларч өвчлөх магадлал өндөр болох эрсдэлтэй юм.

Т.Эрдэнэчимэг 
Эх сурвалж: zaluucom.mnскачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан