Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас есөн дүүрэгт шалгалт хийж эхэлжээ. Энэ талаар өнөөдөр /12.12/ мэдээлэл хийлээ.
Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтад 85 аж ахуйн нэгж, 47 иргэн, нийт 132 худалдааны төв, зах, сүлжээ дэлгүүр, хүнсний үйлдвэр, нийтийн хоолны газрууд хамрагдсан байна.
Шалгалтын явцад 116 зөрчил илрүүлж, 68 зөрчлийг арилгуулжээ. Тухайлбал, Барс, Алтжин, Бөмбөгөр худалдааны төвүүдэд худалдаалагдаж байсан хаяг шошгын зөрчилтэй 2 төрлийн 6035 ширхэг, 39 сая 534000 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг татан авалт хийлгэж, хадгалалтын хугацаа дууссан 22 төрлийн 149 ширхэг 1,2 сая төгрөгийн бүтээгдэхүүнийг хураан авч устгасан байна.
Мөн хүнсний үйлдвэрлэлд хэрэглэж, хадгалагдаж байсан 9 төрлийн хүнсний будаг, 4 төрлийн чимэглэлийн саа, 3 төрлийн чимэглэлийн үрлэн чихэр, 3 төрлийн 17 кг чанамал, 7 төрлийн 264 кг бялуу, кекний хольц бэлдэц, 1 төрлийн 37 ширхэг шоколад, 2 кг хүнсний концентраци зэрэг нийт 3 сая 391500 төгрөгийн түүхий эд, бүтээгдэхүүнийг хурааж, 4 ААНБ, 4 иргэнд нийт 4,7 сая төгрөгийн торгууль ногдуулж, барагдуулжээ.
Хяналт шалгалт 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд иргэд зөрчлийн мэдээллийг НМХГ, харьяа дүүргийн мэргэжлийн хяналын хэлтэст өөрийн биеэр болон 70128012 дугаарын шуурхай утсанд өгч болох аж.