“Элэг бүтэн Монгол”-ын луйвар буюу лабораториудын мөнгө угаалт-IV

В, С вирусийн шинжилгээг худлаа хийсэн лабораториуддаа хариуцлага тооцож чаддаггүй юм бол ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Д.САРАНГЭРЭЛ та ажлаа өгнө үү 
Монголын эрүүл мэндийн салбар хог дээр гарчээ, чааваас. Шинэ коронавирусийн халдвараар олон улсад 400 орчим хүн нас барж, дэлхий дахин донсолж байгаа ч харамсалтай нь манайд жилд ийм тооны хүүхэд томуу, томуу төст өвчнөөс болж нас бардаг. Эмчлэх боломжгүй шинэ төрлийн халдвараас болж биш, хамрын ханиад, хатгаагаас шалтгаалж, ийм олон хүүхдээ алдчихаад, хэнэг ч үгүй “Төдөн хүүхэд нас барсан” гэж хэлж суухаасаа эрүүл мэндийн салбарын удирдлагууд ичдэг болоосой. Өөр хэчнээн төрлийн өвчнөөр жилд хэдэн хүн нас бардаг гэдгийг тооцвол, Монголд Эрүүл мэндийн яам, энэ салбарыг хариуцсан сайд байгаад хэрэг байгаа ч юм уу гэж бодоход хүрэх биз. Зөвхөн элэгний хавдрын улмаас л гэхэд жилд 1600, элэгний хатуурлаас болж 1000 гаруй хүн амиа алддаг байна. Өөрөөр хэлбэл, өдөрт 7-8 хүн элэгний өвчлөлөөс болж нас бардаг аж. Элэгний өвчлөл ийм хэмжээнд хүрсэнд төр засгаас анхаарал хандуулж, хөрөнгө мөнгө гарган, иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр баталсан. Энэ хөтөлбөрөөр дамжуулан элэгний өвчлөлийг эхний үед нь оношилж, цаашлаад эмчлэх хүртэлх бүх шатанд шаардлагатай хөрөнгийг төсөвлөж, тус өвчнөөс болж хорвоогийн мөнх бусыг үзэж байгаа хүмүүсийнхээ тоог цөөрүүлэх нь гол зорилго байлаа. 
Юуны өмнө, манай сонин “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг буруутгах гээгүйг онцлох хэрэгтэй. Ийм хөтөлбөр баталж, өдий хүртэл хэрэгжүүлж, өчнөөн хүнээ элэгний өвчлөлийн эхний шатанд оношилсонд алга ташин баяр хүргэе. Гэхдээ “В, С вирусгүй, эрүүл” хэмээн оношлуулж, сэтгэл амгалан явсан ч нэг л өдөр хавдартайгаа мэдэж, нас барсан хүмүүсийн өмнө хэн хариуцлага хүлээх вэ. Тус хөтөлбөрийн хэрэгжилтэд тавих хяналт сул байгааг В, С вирус тоолох зөвшөөрөлтэй 28 лабораторийн 15 нь зориулалтын тоног төхөөрөмж, багаж, оношлуургүй, лабораторийн мэргэжлийн эмчгүй үйл ажиллагаа явуулж байснаас харж болно. Өвчтөн, даатгуулагчдыг бурхан мэт дээдэлж, тэдний өвчнийг анагаахын төлөө ажиллана гэж тангараг өргөсөн эмч нар, эмнэлгийн байгууллага энэ мэт ёс бус үйлдэл гаргаж байхад салбарын удирдлагууд яагаад өнөөг хүртэл тэднийг өмөөрнө вэ. Бүр В, С вирус тоолох эрхийг нь хязгаарлаж, Эрүүл мэндийн даатгалын сангаас орох ёстой мөнгийг нь хаагаад байсан 15 лабораториа “Тоног төхөөрөмжөө шинэчилсэн” гэхэд нь л уухайн тас шүүрч аваад, эрхийг нь сэргээж эхэлдэг нь юуны учир вэ.
Эрүүл мэнд бол алдаа гаргах эрхгүй  салбар. Учир нь зүүний үзүүр дээр хүний амьдрал тогтдог. Гэтэл мэдсээр байж, өвчтөнөө хуурч, чанаргүй тоног төхөөрөмж, мэргэжлийн бус эмчээр хуурамч шинжилгээний хариу гаргаж байсан 15 лабораторийн эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулах эрхийг нь хазаарлах ёстой. Хэрэв тэгж чадахгүй юм бол Эрүүл мэндийн сайд Д.Сарантуяа та ажлаа өгнө үү. Манайхаас өөр аль ч оронд эрүүл мэндийн салбарынхаа энэ мэт хууль бус үйлдлийг өмөөрдөг сайд байтугай иргэн ч байхгүй. Хэрэв тэдэнд ийм үйл явдал тохиолдсон бол аль хэдийн ард иргэдийнхээ өмнө толгой бөхийн уучлал гуйж, холбогдох хүмүүст хариуцлага тооцсоноо хэлж, салбарын сайд нь ажлаа өгсөн байх байлаа. Бид дэлхийн жишгээс урвуу хамааралтай хэдий болтол явах вэ, Ерөнхий сайд аа, Ерөнхийлөгчөө. Коронавирусээс дутахгүй ард түмний эрүүл мэндэд аюул учруулж, түгшээж байгаа асуудал бол элэгний В, С вирус тоолох эрхтэй лабораториуд иргэдээ хуурсан явдал юм. 

ЭМЯ-НЫХАН ЛАБОРАТОРИУДАА ХАМГААЛАХАА БОЛИНО УУ

В, С вирус тоолох зөвшөөрөлтэй лабораториудад ЭМЯ тухай бүрт нь хөндлөнгийн хяналт хийлгэж байсан. Тухайлбал, Австралийн үндэсний лавлагаа лабораторитай гэрээ хийж хөндлөнгийн шалгалтыг лабораториудад хийснээс гадна  ХӨСҮТ ч хэд хэдэн удаа шалгалт хийжээ. Харамсалтай нь, энэ шалгалтын хариу ямар гарсан, үнэн, зөв эсэхэд хэн ч хяналт тавьж, арга хэмжээ аваагүй байна. Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар лабораториудын хариу тааруу гарсан ч ЭМЯ үүнийг өдий хүртэл нууж, хамгаалж, тэднийг бөөцийлж ирсэн гэнэ. Харин азаар ЭМДЕГ, Монголын лабораторийн нэгдсэн сүлжээ хамтран өнгөрсөн зургадугаар сарын 12-ноос эдгээр лабораторид шалгалт хийсэн. Шалгалтын хариуг аль долдугаар сард ЭМЯ-ны холбогдох албан тушаалтнуудад танилцуулсан ч тэд энэ талаар дорвитой арга хэмжээ аваагүй. Өнгөрсөн арваннэгдүгээр сард бүх төрийн байгууллагынхны дунд энэ лабораториудын шалгалтын үр дүн тайланг хэлэлцсэн “Нууж дордуулах уу, илчилж эрүүлжүүлэх үү” зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж, Эрүүл мэндийн яамны газрын дарга нар, Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Я.Амаржаргал, Гэрэлт-Од дарга, Баттүвшин зөвлөх гээд бүгд оролцсон. Энэ бол 28 лабораторийн 15 нь шалгалтад тэнцээгүйг тэд бүгд мэдэж байсан гэсэн үг. Гэхдээ манай сонинг энэ талаар нийтлэл бичихээс өмнө тэдний хэн нь ч энэ талаар ганхийгээгүй. Энэ нь манай төрийн албан хаагчид ажлаа яаж хийж байгааг ил тод илтгэнэ. Олон нийт лабораториудын хууль бус мөнгө угаалтыг мэдсэний дараа харин салбарын яамныхан "Ийм зүйл болсон нь үнэн. Гэхдээ бүх хүний шинжилгээний хариу буруу гарсан нь худал" гэдэг тайлбар өгч байв. Өөрөөр хэлбэл, ЭМЯ иргэдийг хүүхэд адил хуурсан лабораториудаа өмгөөлөөд байна. Иймээс манай сонин шаардлага хангаагүй гэж дүгнүүлсэн 15 лабораторийн талаарх мэдээллийг олон нийтэд цувралаар хүргэхээр боллоо. Энэ лабораториудаа Эрүүл мэндийн яамныхан хэдий болтол өмгөөлөхийг бүгдээрээ харцгаая. Эцсийн эцэст иргэдийн эрүүл мэнд үнэтэй юү, мөнгө хүчтэй юү. 

“ХАППИ ВЕРИТАС” ТӨВИЙН МӨНГӨ УГААЛТ 

Энэ төв Монголд анх удаа В, С вирус тоолох үйлчилгээг оруулж ирсэн, анхдагчуудын нэг. Монголчууд энэ үйлчилгээг авч чадахгүй, вирусээ тооллуулахын төлөө хилийн чанадыг зорьдог байсан цаг саяхан. Ийм цаг үед тус үйлчилгээг бий болгосон тэднийг магтахгүй байхын аргагүй. Харамсалтай нь тэд чанарыг бус мөнгө олохыг л эрхэм зорилгоо болгожээ. Үүнийг батлах олон жишээг доор  дурдсан баримтуудаас харж болно. Тус төв Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаагийнх. Гэтэл манай хүн энэ бүхнээс зугтах гэсэн шиг “Уханьд байгаа хүмүүст тусална” хэмээн залуу эмч нарын баг бүрдүүлж, попров. Элэг нэгтнийхээ эрүүл мэндэд ингэж хандаж байгаа хүн хүний хүнд сэтгэл гаргах нь юу л бол. Тэр зүгээр л “Элэг бүтэн Монгол”-ыг тойрсон элдэв ярианаас өөрийгөө цэвэрхэн авч гарч, ардын баатар л болох гэсэн. Тэр зорилго нь биеллээ олсон. Одоо “Хаппи веритас” төвийн захирлын албыг дэд сайд асан Ж.Амарсанаагийн ээж Дүүриймаа хашдаг. ЭМДЕГ, Монголын лабораторийн нэгдсэн сүлжээ хамтран лабораториудад шалгалт хийхэд тэд сайн дураараа шалгалтад хамрагдахаас татгалзсан. Түүнчлэн тендерт шалгарахдаа бүрдүүлсэн тоног төхөөрөмжөөсөө өөр аппаратаар үйлчилгээ явуулж байсан нь илэрч, ЭМДЕГ тус 7000 орчим иргэнийг энэ аппаратаар оношилсон хэмээн үзэж, 876 сая төгрөгийн акт тавьсан. Харин тэд үүнийг зөвшөөрөхгүй гэж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан юм. Өнгөрсөн нэгдүгээр сарын 23-нд болсон шүүх хурлаар “Захирлын бие муу” хэмээн өмгөөлөгч нь шүүх хурлыг хойшлуулсан ч захирал эмэгтэй ажлаа хэвийын хийж байв. Мөн эмнэлгийн магадлагааг эмнэлгээрээ гаргуулсан талаар бид өмнөх нийтлэлдээ дурдаж байсан. Шүүх хурал өчигдөр болох байсан ч нэхэмждэгч тал болох “Хаппи веритас”-ынхан Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаснаар шүүх хурал дахин хойшиллоо. Тус төвөөр үйлчлүүлэгчдийн шинжилгээний хариу зөрдөг асуудал байнга гардаг байсан гэнэ. 

“ХАППИ ВЕРИТАС” КЛИНИКТ АШИГЛАХ ХОРИОТОЙ ABI 7000 АППАРАТ АШИГЛАЖ БАЙЖЭЭ

2017 оны тавдугаар сард ЭМДЕГ сонгон шалгаруулалт зарлаж, өдөр тутмын сонинуудад зар түгээж, В,С вирус тоолох лабораториудыг шалгаруулжээ. Энэ шалгуурт “Хаппи веритас” материал бүрдүүлэхдээ “2016 онд үйлдвэрлэсэн АНУ-ын бүрэн автомат аппарат ашиглана” хэмээн мэдүүлжээ. Ийм аппарат ашиглаж байгаагаа ч цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн байгаа юм. Гэтэл энэ аппаратаар бус ABI 7000 гэдэг аппарат ашигласан байжээ. Мөн шалгалтын үеэр архивын материалыг харахад бүх хүнийг энэ аппаратаар оношилсон нь тогтоогдсон байна. Тус ABI 7000 аппаратыг зөвхөн судалгаа, шинжилгээнд хэрэглэдэг болохоос клиникийн шинжилгээнд ашигладаггүй, олон улсад хориотой гэнэ. Энэ нь тэдний мөнгө олох хүслийг биелүүлэгч гол зэвсэг байв. Өөрөөр хэлбэл, хямдхан урвалж бодис ашигладаг тул сонгон шалгаруулалтад мэдүүлсэн аппаратнаас хэд дахин хямд тусна. Ийм төхөөрөмжөөр тэд 2009 оноос хойш шинжилгээ хийжээ. Энэ талаар тус төвийнхнөөс асуухад “Бид Хятадын аппаратаар хийдэг. Харин манай IT хариуцсан компани холбогдох зүйлсийг сольж өгөөгүйгээс ийм зүйл боллоо” гэжээ. 

ЭРҮҮЛ ХҮНИЙГ ӨВЧТЭЙ БОЛГОЖ, ӨВЧТЭЙ ХҮНИЙГ ЭРҮҮЛ ХЭМЭЭН ОНОШИЛСОН ЖИШЭЭНҮҮД

 “Эрүүл Монгол хүний төлөө” уриатай “Хаппи веритас” төв харин ч бүр эрүүл хүнийг өвчтэй болгож, өвчтэй хүнийг эрүүл хэмээн оношилж, мөнгө олох шуналдаа хөтлөгдөн хүний амь нас, эрүүл мэндээр тоглож байсныг тус төвөөр үйлчлүүлсэн хүмүүсийн доорх жишээнүүд батална. 
Жишээ 1. Иргэн Б 2017 оны нэг, тавдугаар сард тус төвөөр үйлчлүүлэн В, С вирусгүй хэмээн гарчээ. Харин тухайн оны есдүгээр сард 10 сая вирустэй хэмээн тоологдсон байна.Өөр лабораторид дахин тоолуулахад вирусгүй нь тогтоогдсон байгаа юм. 
Жишээ 2. Иргэн Н элэгний С вирустэй байж байгаад, эм ууж эдгэжээ. “Элэгний төв”-д 2016 онд вирусээ тоолуулж, эрүүл гарчээ. Жилийн дараа “Хаппи веритас”-д шинжилгээ хийлгэхэд вирустэй гэж гарсан байна. Тэрбээр сандарч дахин өөр лабораторид шинжилгээ хийлгэхэд эрүүл гарчээ. Өөрөөр хэлбэл, вирусгүй хүнийг вирустэй хэмээн оношилжээ. 
Жишээ 3. Иргэн А 2016 онд “Элэгний төв”, “Сонгдо” эмнэлэгт үзүүлэхэд вирусгүй гэж гарчээ. Харин “Хаппи веритас”-д үзүүлэхэд вирустэй байж. Ингээд гурван сар эм ууж, хордлогод орж, “Элэгний төв”-д дахин шинжилгээ өгөхөд вирусгүй байсан аж. Вирусгүй хүнийг вирустэй болгон эмчилгээ хийсэн нэг тохиолдол энэ. 
Жишээ 4. Иргэн Б тус төвд 2017 оны аравдугаар сард шинжилгээ өгөхөд эхлээд вирусгүй, дараа нь вирустэй гэж гарчээ. Ингээд эмч нь “Танай хариу ийм байна. Аль нь зөв бэ” гэхэд “Хаппи веритас”-ынхан “Вирустэй нь үнэн” хэмээжээ. Ийн эмчилгээ хийж, нэг сар эм уусны дараа дахин вирусээ тооллуулахад вирус нь харин ч бүр өсчихсөн гарчээ. Өөр лабораторид шинжилгээ өгөхөд вирусгүй болох нь тогтоогдсон байна. Үүнээс болж иргэн Б вирусгүй байж, эм ууж, хордлогод оржээ. 
Төр засаг ажлаа хийдэг, иргэдийнхээ эрүүл мэндэд санаа тавьдаг байсан бол өнөөдөр энэ лабораториуд үйл ажиллагаагаа зогсоох байлаа. Харамсалтай нь манайд хариуцлага тооцох эзэн байхгүй, мөнгө гэвэл хэн нь ч гараа тосоод авахад бэлэн байгаа нь дээрх жишээнүүдээс харагдаж байна. 
Үндэсний шуудан
скачать dle 12.0

Next Post
Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан