Исламын Улс бүлэг зэвсэгт халдлагаа Израйль улс руу чиглүүлэхээр болсныг зарлажээ

Удирдагч Абу Бакр Аль Багдадийг алагдсанаас хойш Исламын Улс террорист байгууллага анх удаа мэдэгдэл гаргасан нь Израйль улсыг сүрдүүлсэн агуулгатай байв.
Ингэснээр тус байгууллага стратегиа өөрчилж, үйл ажиллагаагаа хуучин эзэлж байсан Сири, Иракийн нутаг дэвсгэрээс Израйль руу шилжүүлж байгаа бололтой. Исламын Улс бүлгийн шинэ тэргүүнээр сонгогдсон Абу Ибрахим Аль Хашими Аль Кураши өөрийн бүх дайчдыг Израйль улсын эсрэг дараалсан халдлага зохион байгуулахыг уриалжээ.
“Халифатын дайчид хаана ч явсан нүд нь Иерусалемыг харж байх болно. Аллахын хүслээр удахгүй та нар урьд өмнө үзээгүй аймшгийг мэдрэх болно” гэж тэр мэдэгдсэн байна. Аль Курашигийн аудио мэдэгдлийг Исламын Улс бүлгийн сошиал хуудсанд байрлуулжээ. Сири, Иракийн нутаг дэвсгэрт тэдний байгуулсан халифат улсыг өнгөрсөн онд олон улсын зэвсэгт хүчний эвсэл устгасан юм.
Одоо Исламын Улсын үлдэгдэл хэсэг Евфрат мөрний сав дагуу цөлд бүгж байгаа бол Африк, Ази дахь салбар байгууллагууд нь үйл ажиллагаагаа явуулсаар байна. Тус байгууллагын салбар бас Египетийн Синайн хойгт байрладаг. Энэ бүс нутаг Израйль улстай хил залгадаг бөгөөд 1967 оны дайны дараа израйльчууд энд 15 жилийн турш хяналтаа тогтоож байжээ.
Исламын Улсын удирдагч өчигдрийн мэдэгдэлдээ Синай болон Сири дэх өөрийн дайчдыг Голаны өндөрлөгт байгуулагдсан жүүд иргэдийн суурингуудыг төрөл бүрийн зэвсгийн туршилтын талбай болгохыг уриалсан байна. 1967 оны дайны дараа Голаны өндөрлөгийг Израйль улс Сириэс булаан эзэлж, 1981 онд өөрийн газар нутгаар зарласан юм. Одоо энд уугуул палестинчуудаас гадна Израйль улс олон мянган жүүд иргэдийг шинээр суурьшуулаад байгаа.
Өчигдөр буюу Даваа гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Израйлийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху, сөрөг хүчний удирдагч Бэнни Ганц нарыг Вашингтонд хүлээн авч, өөрийн боловсруулсан Израйль-Палестины энхийн төлөвлөгөөг танилцуулсан юм.
Уг төлөвлөгөөг Палестины тал эрс эсэргүүцэж байгаа. Өчигдрийн мэдэгдэлдээ Исламын Улс бүлэглэл Трампын төлөвлөгөөг эсэргүүцэж байгаагаа мөн илэрхийлжээ.

Р.Төмөр 
Эх сурвалж: AFP
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан