МАН хотын сонгогчдоос айлаа

УИХ-ын ээлжит сонгууль болоход таван сарын хугацаа үлдлээ. Эрх баригч нам өөрсдийн тоглоомын дүрэм буюу сонгуулийн хувилбараа хуульд тусгаад баталчихсан.
Тэд энэ удаа 2008, 2012 оны сонгуулийн хувилбар буюу 29 тойрогтой, томсгосон можаритар тогтолцоог сонгосон билээ. Одоо энэ долоо хоногт багтаж, аймаг, дүүргүүдэд хэдэн мандаттай байхыг хэлэлцэн батлах хуультай. Тиймээс МАН дотор нэр дэвшигчдийг дагасан мандат хуваарилалт ид яригдаж байна. Өчигдөр гэхэд МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, бүлэгтээ чиглэл даалгавар өгчээ. Улмаар үдээс хойш бүлгийн гишүүд энэ асуудлаар байр сууриа нэгтгэсэн байна. МАН-ынхан орон нутаг руу нэлээд ач холбогдол өгч сонгуульд оролцох нь тодорхой байна. Тэд нийслэлийн сонгогчдоос айсан хэвээр гэдэг нь гарсан шийдвэрүүдээс нь харагдаж байгаа юм.
Арга ч үгүй юм. 2008 оны сонгууль яг ийм хувилбараар явагдахад хөдөөгийн тойрогт МАН, нийслэлд АН давамгай ялалт авч байсан түүхтэй. Энэ түүхийг МАН давтахыг хүсэхгүй, мандатын тоогоо орон нутагтаа нэмж, хуучин арга техникээ хэрэглэхээр болсон байна.  Тухайлбал, өчигдөр МАН-ын бүлгээс аймгуудад 20 тойрог, 52 мандаттай байхаар болсон. Нэг тойрогтой байсан аймгуудын тойргийг хоёр болгожээ. Дундговь, Говь-Алтай, Булган, Сүхбаатар гэсэн дөрвөн аймгийг тус бүр хоёр мандаттай байх санал орж ирэх нь байна. Улмаар Говьсүмбэр аймгийг Дундговь аймагтай нэгтгэж буй. Нийслэлийн хувьд есөн тойрог, 24 мандаттай байхаар шийдэж байна. Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг тус бүр таван мандаттай, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул дүүрэг тус бүр гурван мандаттай, Налайх, Багануур, Багахангай дүүрэг нийлээд хоёр мандаттай нэг тойрог байна гэжээ.
Уг нь Сонгуулийн хуульд дөрвөн нөхцлийг харгалзан үзэж,  мандат хуваарилахаар заасан байдаг. Хүн амын тоо, газар нутгийн хэмжээ, засаг захиргаа нутаг дэвсгэрийн хуваарь, байршил энэ бүхэн багтдаг. Гэвч МАН асуудалд хуулийн хүрээнд биш улс төрийн өнцгөөс хандаж шийдвэр гаргалаа. Сөрөг хүчний зүгээс хүн амын 46 хувь нь амьдардаг нийслэлд  доод тал нь 35 мандат ногдох ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн. Тэгвэл МАН нийслэлд 24 гэсэн тоог оруулж ирсэн нь байх ёстой хэмжээнээс даруй 11 мандатаар цөөрч орж ирсэн гэсэн үг.
Дараагийн нэг чухал асуудал нь мандат хуваарилахдаа тэгш байх зарчмыг баримтлах учиртай. Монгол Улс гурван сая хүн амтай, 76 тойрогтой гээд үзэхээр нэг тойрогт 40 орчим мянган сонгогчийн саналыг төлөөлнө гэсэн үг. Гэтэл өнгөрсөн хугацаанд мандат буруу хуваарилснаас болж тэгш байдал алдагдаж ирсэн. Тухайлбал, Хэнтий аймаг 70 мянга, Булган аймаг 80 орчим мянган хүн амтай. Гэтэл Хэнтий гурван мандаттай, харин Булганд нэг мандаттай байна. Мөн Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг тус бүр 340 орчим мянган хүн амьдарч байна. Тэнд нэг мандат дээр оногдож байгаа сонгогчийн тоо эрс олон. Гэтэл Говьсүмбэр аймагт гэхэд 12 мянган хүнээс нэг хүн УИХ-д сонгогдож байна. Энэ нь юуг харуулж байна гэхээр зарим тойргийн сонгогч илүү эрхтэй, зарим нь бага эрхтэй, нэг, хоёрдугаар зэргийн сонгогч гэсэн ялгаа заагийг гаргаж ирээд байна. Уг нь хүний сонгох, сонгогдох эрхийг Үндсэн хуулиар хамгаалаад өгчихсөн. Нэг тойрогт ногдох сонгогчийн тоо 20 хувиас өөрчлөгдөх ёсгүй. Энэ зарчмыг барихгүйгээр МАН өөрсдийнхөө хүний сонгогдох магадлалаа бодоод мандатын тоог орон нутагт нэмэгдүүлдэг байж болохгүй л баймаар даа.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан