Тэтгэвэрийн тогтолцоог өөрчлөхгүйгээр ахмадуудын амьдрал сайжрахгүй

УИХ өнгөрсөн жил Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, ард түмэн цаасан дээр газрын баялгийнхаа эзэн байдаг байдлыг өөрчилж, бодит болгох эхний алхмаа хийсэн билээ. Улмаар шүүх дээр маргаантай байсан Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, ахмадуудын зээлийг нэг удаа тэглэх зөвлөмжийг ҮАБЗ-өөс гаргасан. УИХ-ын дарга Г.Занданшатар зөвлөмжийг Үндсэн хуульд буй “Байгалийн баялаг бол төрийн нийтийн өмч мөн” гэдэг заалтыг амь оруулж байгаа хэлбэр” хэмээн тайлбарласан билээ. Эндээс ухаж бодвоос, Салхит бол зөвхөн жишиг тогтоож байгаа бөгөөд баялгийн эзэн байх бодлого цаашид ч үргэлжлэх нь тодорхой байна. Гэхдээ улс төрийн намуудын ярьж байгаачлан, ард олныг өрийн дарамтаас салгах нь чухал ч "чөтгөрийн тойрог"-оос гарах нь бүр ч илүү чухал. Тиймээс нэг удаагийн гал намжаах аргыг хэрэглэж байгаа бол үргэлжлүүлээд  тогтолцоогоо өөрчилж засахад анхаарвал хожим хойчийнхоо өмнө хийх гавьяат үйлс болно.    
Эрх баригчид нэгэнт аргыг нь заагаад өгчихсөн хойно, дараа дараагийн өөр лиценз ордыг үтэр түргэн ашиглалтад оруулаад олсон орлогоор нь тэтгэврийн тогтолцоогоо өөрчлөх боломж байна.
Бүр тодорхой хэлбэл, 1999 онд баталсан Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийг зохих ёсоор нь өөрчилж, хуваарилалтын тогтолцооноос хагас хуримтлалын, эс бөгөөс бүрэн хуримтлалын тогтолцоонд шилжих ажлыг хийх нь дараагийн алхам байж болно.
Дэлхийн улс орнуудын туршлагаас харахад, нийгмийн даатгалыг хэрэгжүүлэхдээ
-Эв санааны нэгдлийн буюу орлогоороо зарлагаа нөхдөг хуваарилалтын тогтолцоо
-Хагас хуримтлалын тогтолцоо
-Бүрэн хуримтлалын тогтолцоо гэсэн гурван зарчмыг баримталдаг.
Эв санааны нэгдлийн гэдэг нь орлогоороо зарлагаа нөхдөг хуваарилалтын тогтолцоо. Энэ тогтоцооны үед залуу үеийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэвэрт хуваарилдаг.
Бидний өвөө, эмээ одоо бидний төлж байгаа шимтгэлээр амьдарч, бид харин үр хүүхдийнхээ төлсөн шимтгэлээр амьдралаа залгуулна гэсэн үг. Хагас хуримтлалын буюу хуримтлалын тогтолцоо нь даатгуулагчийн төлсөн шимтгэл нэрийн дансанд нь хуримтлагдаж байх бөгөөд захиран зарцуулах эрх нь даатгуулагчид өөрт нь байдаг. Өөрөөр хэлбэл, насаараа хуримтлуулсан хөрөнгөө олон жил хувааж хүртэнэ үү, тодорхой хэсгийг нь нэг мөсөн аваад үрж дуусгана уу, тухайн даатгуулагчийн эрх байдаг. Мөнгөө авч амжилгүй нас эцэслэсэн тохиолдолд үр хүүхдэд нь өвлөгдөх бололцоо ч гарч ирдэг.  Хэрвээ энэ тогтолцоонд шилжсэн тохиолдолд нэрийн дансан дахь мөнгө жинхэнэ утгаараа тухайн хүний хөрөнгө болж, ипотекийн зээлийн барьцаа болгох гэх мэт санаа бодитоор хэрэгжих нөхцөл бүрдэнэ.
Монгол Улсын хувьд эхний буюу нийгмийн даатгалын орлогоороо зарлагаа нөхдөг хуваарилалтын тогтолцоогоор явж байгаа. Өнөөдөр хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн шимтгэлээр ахмад настны тэтгэврийн эх үүсвэрийг бүрдүүлж байгаа гэсэн үг.
1999 онд манай улс нийгмийн даатгалын тогтолцоондоо шинэчлэл хийж “Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хууль”-ийг баталсан. Нэрийн дансанд мөнгө байхгүй учраас хэдэн жилийн өмнө хэрэгжих хугацааг нь тодорхойгүй хугацаанд хойшлуулаад орхичихсон байгаа. Энэ хуульд 1960 оноос хойш төрсөн даатгуулагчдын шимтгэлийг нэрийн дансанд төвлөрүүлэх, төвлөрүүлсэн мөнгөнд хүү тооцохоор зохицуулсан байдаг. Гэвч нэрийн данстай болсон ч гэсэн үзэл баримтлал нь хуваарилалтын тогтолцоогоо хадгалж байгаа учраас бүрэн утгаар нь шинэчлэл хийсэн гэж үзэж болохгүй юм. Яагаад гэвэл, даатгуулагч тэтгэвэрт гараагүй байхдаа юм уу, тэтгэвэрт гараад удаагүй байхдаа нас барлаа гэхэд нэрийн дансан дахь мөнгө нь тэтгэврийн сандаа үлдэнэ. Нэг, эсвэл таван жил тэтгэвэр аваад үлдээсэн хүний мөнгө нөгөө рүү шилжинэ л гэсэн үг. Хүүхэд болоод ар гэрийнхэнд  нь өвлүүлэх, хөрөнгө оруулалтын эргэлтэд оруулах зэрэг зүйл заалт огт байхгүй. Нэрийн дансанд шилжинэ гэдэг тэтгэвэр тогтоох аргад л өөрчлөлт орсон гэсэн үг. Тэгэхээр нэрийн дансны хууль гарлаа гээд тэтгэвэр тогтоох аргыг л өөрчилсөн хэрэг болохоос тогтолцоог өөрчилсөн гэсэн үг биш.
Нэрийн дансанд шилжсэн нь төр зөвхөн ирээдүйд үүсэх эрсдэлээс өөрийгөө хамгаалж л байгаа болохоос иргэндээ илүү боломж олгож байгаа хэрэг биш гэдгийг энд хэлэх хэрэгтэй болов уу. Учир нь, Эв санааны нэгдлийн зарчим нь хөдөлмөрийн насны иргэд тэтгэврийн насны иргэдээсээ тооны хувьд их байсан тохиолдолд л ашигтай байдаг.
Манай улс харьцангуй залуу хүн амтай ч гэсэн ажлын байрны хангамж муу байгаа зэрэг шалтгаанаас үүдэн Нийгмийн даатгалын шимтгэл, тэтгэврийн баланс алдагдалтай гарч байгаа юм. Харьцаа нь нөгөө тал руу хэлбийгээд ирэхээр алдагдал улам л ихэснэ. 2020, цаашлаад 2030 он гэхэд тэтгэвэр авагчдын тоо эрс нэмэгдэж, улмаар нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэх, тэтгэвэр, тэтгэмж буурах байдал харагдаж байгаа учраас нэрийн данстай болгосон гэж хэлж болох юм.
Тиймээс нэрийн данстай болгох нь ирээдүйд үүсэх эрсдэлийг багасгах нэг шийдэл мөн. Гэвч харамсалтай нь нэрийн дансаа мөнгөжүүлэх ажлыг төр хийгээгүй байдаг. Түүнээс ч болж зогссон. Тэгвэл ашигт малтмалын ордоо эргэлтэд оруулах замаар энэ зогссон хууль, доголдсон тогтолцоогоо засаад авах бүрэн боломж байна.
Нэрийн дансыг мөнгөжүүлэхэд 5-6 их наяд төгрөг хэрэгтэй. Гэхдээ заавал бөөн гэлгүй эхний ээлжинд тэтгэвэрт гарч байгаа иргэдийнхээ дансыг мөнгөжүүлээд явах бололцоо бий. Цаашдаа зөвхөн эхний ээлжинд гарч байгаа иргэдийн гэлтгүй бусад бүх иргэдийнхээ нэрийн дансыг мөнгөжүүлэх ажлыг хийх ёстой. Халаасандаа мөнгөтэй, түүнийхээ хэмжээг яг таг мэддэг хүн бусдаас арай өөдрөг, сэтгэл санаа тэнэгэр явдаг бичигдээгүй хуультай. Тиймээс ч эрх баригчдын дараагийн буудал нь тэтгэврийн тогтолцоог өөрчлөх ажил байх ёстой.
Тэтгэврийн зээлийг тэглэх нь зөв, арга нь зөв, үлдэц нь зөв байх боломж байна. Харин шударга ёс, шударга хуваарилалт яриад байгаа хүмүүст “Эхлээд баялгийн эзэн гэдгээ өөрсөд дээрээ биш юм аа гэхэд эцэг эх дээрээ мэдрээд ав, дараа нь болно” л гэж хэлье дээ. УИХ-ын дарга Г.Занданшатар энэ асуудлыг дэмжсэн шалтгаанаа  “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр “Байгалийн баялаг бол төрийн нийтийн өмч мөн” гэж заасан. Энэ заалтыг амь оруулсан” гэж тайлбарласан байна лээ. Тэгэхээр, нэгэнт Үндсэн хуулийнхаа чухал заалтыг амилуулаад авчихад цаашдаа учир нь олдож, үр өгөөжийг нь хүртэх цаг бусдад ч гэсэн олдож таарна.

Х.Батсайхан
Эх сурвалж: eagle.mn
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан