БАРИМТ: Байгалийн түүхийн музей барих газрыг Ч.Сайханбилэг дүү нартаа өгчээ

Өнгөрөгч тавдугаар сарын 1-ний өдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаар Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барих шийдвэр гаргасан билээ. Гэтэл шинээр баригдах Байгалийн түүхийн музейн газар нь өдгөө шүүхийн маргаантай байгаа юм. Тодруулбал, Их тэнгэрт 7,4 га газар нь “Шинэхэн групп” гэх компани нь АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад зориулж Үндэсний хурлын танхим болон таван Одтой зочид буудал барихаар газар авч байжээ.
Бүр тодруулбал, Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа буюу 2015 оны зургадугаар сарын 02-ний өдөр Засгийн газрын 225-р тогтоол гарган газар олгосон байна. Уг нь их Тэнгэрийн амыг бусдад ашиглуулах байтугай гаднын хүнийг дураараа нэвтрэхийг хориглодог. Гэтэл Их Тэнгэрийн амны хашаан дотор, яг Төрийн тусгай хамгаалалтынхны хамгаалалт дор байдаг газраас ийнхүү хувийн компанид өгчихсөн байгаа юм.
Улмаар БОНХЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар ажиллаж байсан Ч.Батсансар гэрчилгээ олгожээ. Ингээд “Шинэхэн групп” нэртэй шинэхэн компани нь Хан-Уул дүүргийн Засаг дарга асан Ж.Ганхуяг, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга асан Ц.Ширэндэв нартай гурвалсан гэрээ байгуулж, газрыг таван жилийн хугацаанд ашиглахаар болсон байна. 
Харин энэхүү газар олгосон тогтоолыг 2016 онд хүчингүй болгож, харин “Шинэхэн групп” 25 тэрбум төгрөгийг Засгийн газраас нэхэмжлэн Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан нь өдгөө ийн сунжирсан хэрэг болжээ. Өөрөөр хэлбэл Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаас “хусагдсан”-ы дараа тогтоол хүчингүй болсон гэсэн үг. “Шинэхэн” группын нэхэмжлэлтэй БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хариуцагчаар татагдсан хэрэг аль шатандаа яваа нь сураг алга.
Тэгвэл тус компани хэнийх вэ. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн сангаас хайж үзэхэд, 5919444 регистрийн дугаартай “Шинэхэн групп” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Д.Очирхуяг гэх хүний нэр бүртгэлтэй байдаг бөгөөд 2015 оны нэгдүгээр сарын 10-нд үүсгэн байгуулагдаж байжээ.
Бизнесийн зөвлөгөө өгөх, гадаад худалдаа, үл хөдлөх хөрөнгийн зуучлал, аялал жуулчлал, газар тариалан эрхлэх гэсэн үйл ажиллагааны чиглэлтэй хэмээн бүртгүүлжээ. Харин компаний хувь эзэмшигчээр Ч.Амарбаатар гэх хүний нэр бүртгэгджээ. Ч.Амарбаатар нь Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед “Алтанбулаг” чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчдын зөвлөлийн тэргүүнээр ажиллаж байсан нэгэн гэдгийг хэвлэлүүд онцолж байна.  
2015 онд эл газрын асуудал багагүй дуулиан дагуулж байв. Тухайн үед хэвлэлүүдэд бичсэнээр бол “Шинэхэн групп” ХХК-ийн захирлаар Ж.Сансар гэх хүн ажилладаг бөгөөд тэрбээр 2007-2010 онд Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга, дэд дарга, Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын даргаар ажиллаж байсан гэжээ. Ч.Сайханбилэгийн туслахаар ажиллаж байсан нэгэн юм. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө нураачихсан Байгалийн түүхийн музейгээ шинээр барихаар 2020 оны төсөвт 370 гаруй тэрбум төгрөг суулгасан. Харин музейн газар “Шинэхэн групп”-ийн 25 тэрбум төгрөгийн барьцаанд орчихсон иймэрхүү дүр зурагтай байгаа ажээ.  

П.Урнаа 
Эх сурвалж: eguur.mn
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан