СӨХ-г мэргэжлийн байгууллагаар солих уу


Анх орон сууцны инженерийн шугам сүлжээ, барилга арчлалтыг хариуцах эзэнгүй хуульчилсан нь СӨХ, оршин суугчдын хоорондох маргааны үндэс болсон гэхэд болно. Хуулийн хийдлийг арилгахаар 2003 онд СӨХ-ны эрх зүйн хуулийг баталсан ч СӨХ өөрөө мэргэжлийн байгууллага биш учраас барилгын инженерийн шугам сүлжээ, томоохон засварын ажлыг хариуцах чадваргүй хэвээр байв. Дээр нь иргэдийн СӨХ-д хураалгах мөнгө харилцан адилгүй, засвар үйлчилгээгээ цаг тухайд нь хийдэггүй, зарцуулалтын тайлан хангалтгүй, хяналт сул байгаа нь оршин суугч, СӨХ-ны хоорондын зөрчил бүрэн арилахгүйн шалтгаан болоод буй. Тэгвэл УИХ-аар СӨХ-ны эрх зүйг шинэчилж, үйл ажиллагааг нь хэвээр үлдээх үү, эсвэл мэргэжлийн байгууллагад хариуцуулах уу гэсэн шийдлийн өмнө тулаад байна.
Улсын хэмжээнд сууц өмчлөгчдийн 1064 холбоо, мэргэжлийн 130 байгууллага ажиллаж байгаа ч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт 2018 онд л гэхэд иргэдээс 1850 гомдол ирсний 31.6 хувь нь барилга, орон сууц, СӨХ-той холбоотой байна. Тиймээс СӨХ-ны эрх зүйн байдлыг сайжруулах шинэчлэх шаардлагатайг тал бүрийн эх сурвалжууд хэлж, УИХ-аар ч энэ тухай хэд хэдэн хуулийн төсөл хэлэлцэхээр төлөвлөжээ.
Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Орон сууц, гэр хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгө болон сууц өмчлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн барьж, УИХ-аар хэлэлцүүлж байгаа. Өнөөдөр энэ хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх эсэхийг нь шийдвэрлэнэ. Энэхүү хуулийн төсөл нь 2003 онд баталсан Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийг шинэчлэн найруулж буй хэлбэр юм. Мөн Засгийн газраас СӨХ-ны эрх зүй болон орон сууцтай холбоотой хуулиудыг нэгтгэн зохицуулахаар Орон сууцны тухай хуулийг шинэчлэн боловсруулжээ. Энэхүү хуулийн төслийг өнгөрсөн даваа гарагт УИХ-д өргөн бариад байгаа юм. Үүнээс гадна УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг СӨХ-ны эрх зүйтэй холбоотой хуулийн төсөл боловсруулж буйгаа чуулганы хуралдааны үеэр хэлсэн. СӨХ-нд мэргэжлийн бус хүмүүс ажилладаг, дундын өмчлөлийн эд хөрөнгийг засварлах хөрөнгийн хуримтлал бүрдүүлдэггүй, засвар үйлчилгээг цаг тухайд нь хийдэггүй, нөгөө талаас холбогдох зардлыг иргэдээс шууд нэг дор төвлөрүүлэх санхүүгийн боломж байхгүй зэрэг асуудлаар иргэд УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд байнга ханддаг байна.
Эдгээр хуулийн төсөл нь орон сууц, дундын өмчийн засвар үйлчилгээ, түүний бүртгэлийн талаарх зохицуулалтуудыг сайжруулах нийтлэг талтай ч СӨХ-ны үйл ажиллагааг энэ хэвээр нь хадгалах, үгүйгээрээ ялгаатай.
Үүнийг тодруулбал, С.Эрдэнэ гишүүний боловсруулсан хуулийн төсөлд СӨХ-ны үйл ажиллагааг энэ хэвээр нь хадгалахын зэрэгцээ Гэр хорооллыг ч СӨХ-той болгох зохицуулалт бий. Мөн энэ хуулийн төсөлд СӨХ-ны бүтэц, сууц өмчлөгчдийн хяналтын тогтолцоог боловсронгуй болгож хуульчлахаар тусгасан байна. Тодруулбал, СӨХ-ны хурлаас гурваас доошгүй гишүүний бүрэлдэхүүнтэй хяналтын зөвлөл байгуулж, бүхий л үйл ажиллагаанд хяналт тавих аж.
СӨХ-ны Төв зөвлөлийн зохицуулалтыг тодорхой болгохын сацуу Төрийн бус байгууллагын статусыг хэвээр хадгалжээ. Сууц өмчлөгчдийн дундын өмчийн бүртгэлийн тогтолцоог бий болгосон байна. Үүнээс гадна СӨХ-ны дундын өмчид хамаарах орон сууцны дэд бүтцийг ашиглан борлуулалт хийж буй ус, дулаан зэргээр хангах байгууллагуудаас шимтгэлийг СӨХ-нд шилжүүлэхээр тусгажээ. СӨХ-ны санхүүгийн байдлыг сайжруулах зорилгоор сан зээл зэрэг санхүүжилтийн хэлбэрүүдтэй байхаар зохицуулалт оруулсан байна.
Харин Засгийн газраас боловсруулсан Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгад СӨХ-ны үйл ажиллагааг мэргэжлийн байгууллагад хариуцуулах зохицуулалт тусгажээ. 2003 онд баталсан СӨХ-ны эрх зүйн хууль нь барилгын ашиглалт, инженерийн шугам сүлжээний ашиглалтыг эзэнгүйдүүлснээрээ учир дутагдалтай болсныг дээр өгүүлсэн. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн бус оршин суугчид инженерийн шугам сүлжээний засвар үйлчилгээг хариуцаж чадахгүй учраас мэргэжлийн байгууллага хариуцах шаардлагатай гэсэн үндэслэлээр энэхүү зохицуулалтыг оруулжээ. Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдвал СӨХ-ны хууль хүчингүй болно. Харин сууц өмчлөгчид мэргэжлийн байгууллагыг сонгон шалгаруулах, түүнд хяналт тавих эрх нь хэвээр байх аж.
Ямартай ч СӨХ-ны үйл ажиллагааг хэвээр үлдээх, үгүйгээрээ ялгаатай хоёр хуулийн төслийг УИХ өнөөдрөөс хэлэлцэнэ. Хуулийн төслүүдийг нэгтгэх үү, эсвэл аль нэгийг нь төсөл санаачлагчид буцаах уу гэдгийг шийдвэрлэсний дараа СӨХ-г мэргэжлийн байгууллагаар солих эсэх нь мэдэгдэх юм.
Эх сурвалж: EAGLE.MN
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан