Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэр, гэр хороололд өчигдөр “Дэд бүтцийн төв”-ийг нээлээ. Тодруулбал, гэр хороололд инженерийн шугам сүлжээ бүхий хангамжийг нэвтрүүлэх “Дэд бүтцийн төв” төслийн хүрээнд дээрх хорооны буюу Баянхошууны хөтлийн Хувьсгалчдын 11-15-р гудамжны 200 айл өрх инженерийн шугам сүлжээ, халаалт дулаан, цэвэр, бохир усны шугаманд өчигдрөөс ийнхүү холбогдож байна.
Уг “Дэд бүтцийн төв” төслийн нээлтэд УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон Чингэлтэй дүүргийн дарга, хорооны удирдлага, ИТХ-ын төлөөлөгч нар, оршин суугч иргэдийн төлөөлөл оролцлоо.
Төслийн нээлтэд оролцсон УИХ-ын дарга Г.Занданшатар энэ үеэр хэлсэн үгэндээ, “Өнөөдөр нийслэлийнхний хувьд нэг том дэвшил, гэр хорооллын орчныг орон сууцны хороололтой адилхан хэмжээний орчин нөхцөлийг авчирч буй том бүтээн байгуулалтын эхлэлийг тавьж байгаад баяртай байна. Утааг бууруулах ажлыг эрчимтэй өрнүүлсний үр дүнд энэ өвөл бид утаагүй сайхан өвөлжих гэж байгаа нь бас нэг том дэвшил юм.
Үүний тод илрэл энэхүү бүтээн байгуулалт өрнөснөөр 200 гаруй айл яндангүй болж байна гэсэн үг. Хүн бүр дор бүрнээ сэтгэлээсээ чармайн зүтгэж чадвал нийслэл хот, улс эх орноо хөгжүүлж чадахын эхлэлийг үүнээс харж байна. Одоо иргэд хашаандаа хаус бариад, тохилог сайхан орчин бүрдүүлэн амьдрахад та бүхний оролцоо чухал юм” гэв.
Мөн нээлтэд оролцсон УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, гэр хорооллыг ирээдүйд байшин хороолол болгож, аюулгүй, эрүүл, эко орчин бүрдүүлэх хамгийн оновчтой шийдэл нь энэ төсөл гэж үзэж байна. Энэ ажилд БНХАУ-аас 5 тэрбум, нийслэлийн төсвөөс мөн 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж, 14 га газрыг хамарсан инженерийн таван шугам татаж, шугамуудыг “Дэд бүтцийн төв”-тэйгөө холбосон. Мөн 4 хэсэгт 1.5 км хар зам тавьж, 530 метр куб ус цэвэрлэх хүчин чадалтай Цэвэрлэх байгууламжийг бүрэн ашиглалтад оруулж байна. Ийм цогц төслийг цаашид өөр олон хороодод хэрэгжүүлэхийн төлөө бид бүхий л хүчин чадлаа дайчлан ажиллах болно” гэлээ.
Дээр дурдсан цэвэрлэх байгууламж нь нийт гурван гудамжны 285 айл өрхийг цахилгаан, дулааны болон бохирын шугамд холбож байгаа бөгөөд эдгээр айл өрхийн хэрэглээний бохир усыг хамгийн өндөр хэмжээнд цэвэршүүлэх хүчин чадалтай Герман улсын технологиор барьж байгуулсан ажээ.
Энэхүү төслийг гүйцэтгэсэн мэргэжилтнүүдийн өгүүлж байгаагаар уг цэвэрлэх байгууламж нь хоногт 530 шоо метр ус цэвэрлэх хүчин чадалтай бөгөөд бохир усыг 99.9 хувь цэвэршүүлж, зүлэг ногоо услах зэргээр ашиглах зэрэг олон давуу талтай байгууламж юм байна.
Харин уг төслийн нээлтэд оролцсон Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Өнөөдөр гэр хорооллын иргэд дэд бүтэц хөгжсөн, орон сууцанд амьдарч буй мэт ая тухтай, сайхан орчныг бүрдүүлсэн нөхцөлд шилжиж байна. Мөн гол нь агаарын бохирдлын эсрэг авч хэрэгжүүлсэн томоохон ажлын нэг болж байна.
Ирэх хавраас иргэдийг орон сууцжуулах “Орлогод нийцсэн орон сууц” хөтөлбөр хэрэгжиж эхлэнэ гэдгийг дуулгахад таатай байна. Одоо айл өрхүүд гаднах тохижилтдоо өөрсдөө анхаарч, хашаандаа ногоон байгууламжийг байгуулан ажиллах бизээ. Та бүхний идэвх, хүчин зүтгэлээс сайхан орчинд хэрхэн амьдрах бүхий л зүйл хамаарна” гэлээ.
Нээлтийн дараа УИХ-ын дарга Г.Занданшатар болон бусад холбогдох албан тушаалтнууд төсөлд хамрагдсан айл өрхөөр орсон бөгөөд Хувьсгалчдын 13-р гудамжинд оршин суудаг Н.Отгоныд зочлоход “Халаалтын паар, ариун цэврийн өрөөний суултуур, угаалтуур зэргээ өөрсдөө базаасан. Үлдсэн бүх зардлыг улсаас гаргасан. Хашаандаа орон сууцанд байгаагаас дутахгүй, цахилгаан, дулаан, цэвэр, бохир устай, засмал замтай орчинд амьдрах болсон нь үнэхээр таатай байна” гэж өгүүлж байлаа.
Ийнхүү Нийслэлийн гэр хороооллын нэг хороонд “Дэд бүтцийн төв” ийнхүү ашиглалтад орсноор яндангийн тоо цөөрч, энэ хэмжээгээр агаар, хөрсний бохирдол буурч, газрын үнэлгээ нэмэгдэн, иргэд өмчлөлийн газартаа ая тухтай амьдрах нөхцөл бүрдэж байгаа нь үнэхээр сайшаалтай сайхан хэрэг болж байна.
Ж.Батдорж
Эх сурвалж: BOLOD.mn