Хар тамхичдад хатуу шийтгэл хэрэгтэй байна

Хар тамхины хэрэгт холбогдсон дуучин Б.Амархүүг өчигдөр шүүлээ. Дуучин Б.Амархүү 2019 оны есдүгээр сарын 19-20-нд шилжих шөнө нэгэн зочид буудлын гадаа машин дотроо хар тамхи хэрэглэж байсныг цагдаа нар илрүүлж, нэг сар цагдан хорих шийдвэрийг гаргасан юм. Дээрх хэрэгтэй холбогдуулан прокурорын байгууллагаас дуучин Б.Амархүүд эрүүгийн хуулийн 20.7.1 дүгээр зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэн хэргийг Хан-Уул дүүргийн шүүхэд шилжүүлсэн юм.
Сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан /хэрэглэж байсныг цагдаа илрүүлсэн ч хэрэглэсэн зүйл анги нэмэгдээгүй/ гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн хэргийг өчигдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Улмаар шүүгдэгч Б.Амархүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Амархүүд 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Нээлттэй хорих байгууллагад ял эдлэх гэдэг нь:-
Нээлттэй хорих ангид хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмт хэрэг анх удаа санаатай үйлдэж хорих ял шийтгүүлсэн насанд хүрсэн эрэгтэй, хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмт хэрэг үйлдсэн насанд хүрээгүй этгээд болон эмэгтэй ялтны хорих ялыг эдлүүлнэ.Мөн нээлттэй дэглэмийн онцлог нь ялтны хувийн зан төлөв, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюул, шинж чанар, хувь хүний нөөц боломжийг харгалзан нийгмээс бүрэн тусгаарлалгүйгээр, тухайн хүнийг гэр бүл, хамт олон зэрэг эерэг орчны нөлөөлөл дор ял эдлүүлэх явдал юм. Нээлттэй дэглэм нь ялтанд урьд суралцаж, ажиллаж байсан байгууллагад тодорхой хяналтын дор үргэлжлүүлэн суралцах, ажиллах, мөн тухайн ялтны эерэг чиг баримжааг нээн хөгжүүлэхэд чиглэгдсэн хяналт, хязгаарлалт багатай орчинд ял эдлэх боломжийг олгодгоороо сэтгэл зүйн хувьд давуу тал бий болгодог.Хар тамхи нь хүн төрөлхтөнд маш их хор аюулыг авчирдаг тул улс бүр өөрийн хууль тогтоомжоороо хатуу хариуцлага оногдуулдаг.
Харин манай улсын хувьд хар тамхичдын эсрэг хатуу бодлого хэрэгжүүлэх цаг болсныг сүүлийн үеийн олон баримтууд нотолж байна. Улсын хэмжээнд энэ оны гуравдугаар улиралд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг 26 хэргээр буюу 30.6 хувиар өссөн дүн мэдээ гарсан байдаг. Мөн хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх хүрээнд хийсэн судалгаагаар хар тамхины хэрэглээ монгол хүний удмын санд нөлөөлөх хэмжээнд хүрсэн нь тогтоогдсон байгаа. Гэтэл Монголын шүүх хар тамхичдын толгойг илэх маягаар шийдвэр гаргасаар...Энэ зуур хар тамхи хэрэглэсэн, тээвэрлэсэн, зарж борлуулсан тухай тоо хүрээгээ тэлсээр байгаа олон жишээ баримтууд бий... Гэтэл олны танил, одонцор гэдгээр нь түрий барьж толгойг нь илж, нээлттэйгээр хүртэл хорих шийдвэр гаргаж байгаа үйл явцад олон нийт шүүмжлэлтэй хандаж байгааг хэлэх нь илүүц биз...

П.Гоо
Эх сурвалж: Olloo.mn
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан