Ерөнхий сайд У.Хүрэлсүх Казакстанд айлчлахдаа "урвасан хулгайтай" уулзсан уу?

Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийгмийн сүлжээнд тавигдсан нэгэн зураг олны нийтийн хэлэлцүүлгийн гол бай болоод байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрөгч долоо хоногт /10-12-нд/ Казакстан улсад албан ёсны айлчлал хийсэн бөгөөд энэ үеэрээ УИХ-ын гишүүн, Хил хамгаалах ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Х.Жекейтэй хамт татуулсан зураг олон нийтийн сүлжээнд тавигджээ.
Х.Жекей нь хоёр ч удаа УИХ-ын гишүүнээр сонгогдож /2008-2012 онд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга/, 2005-2008 онд Хил хамгаалах ерөнхий газрын даргаар ажиллаж, 2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр түүнийг Бригадын генерал цолоор шагнаж байв.
Гишүүн асан 2012 оны сонгуульд дахин өрсөлдөөд ялагдсаныхаа дараа буюу 2013 оны зургадугаар сард Монгол Улсын хилээр гараад эргэж ирээгүй тухай тэр үед Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн газрын даргаар ажиллаж байсан /сүүлд “Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний газар” болгож нэрийг нь өөрчилсөн/, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хэлсэн байв.
Мөн түүнийг оргон зайлах үедээ “Хил хамгаалах ерөнхий газрыг тэргүүлж байхдаа албан тушаалаа урвуулан ашигласан”хэрэгт сэжиглэн шалгаж байсан, хуулийн байгууллагаас түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй байсан талаар хэвлэлүүд мэдээлжээ. Х.Жекей нь хамгийн сүүлд улсын хилээр гарахдаа ганцаараа явсан бөгөөд оргон зайлсных нь дараа хуулийнхан гэрийнх нь хаягаар очиход эхнэр нь гэр бүлийнхээ нэр дээр байсан өмч хөрөнгийг зараад хилээр гараад явчихсан байж.
Хожим түүнийг Казакстаны Хилийн тагнуулын албан тушаалд дээгүүр албан тушаал хашиж байгаа тухай Монголын хэвлэлүүд мэдээлсэн бөгөөд Х. Баттулга  Ерөнхийлөгч болсныхоо дараа түүнийг Монгол Улсын иргэншлээс хасч, 2018 оны гуравдугаар сард Бригадын генерал цолыг нь хураажээ.
Бригадын генерал цолоо хураалгасныхаа дараа Х.Жекей монголчуудад хандан захирал бичсэн нь 2018 оны тавдугаар сард нийтлэгдсэн байна. Тэнд,
 “Эрхэм хүндэт ахан дүүс ээ, мэргэжил нэгт андуудаа! Хамтран зүтгэж явсан нөхөд өө! Танарын амар амгаланг айлтгая. Олон хоног эргэцүүлж, тунгаан бодсоны эцэст энэ захидлыг илгээх нь зүйтэй гэж үзлээ.
Миний бие Монгол Улсын төрийг түшилцэж, үндэсний аюулгүй байдлын баталгаа болсон улсын хилийн халдашгүй хамгаалалтыг сахих хүндтэй үүргийг биелүүлэхэд, өдөр-шөнө, байгаль цагуурын нөхцлийг үл харгалзан зүтгэж явсаар, Баян-Өлгий аймгийн сонгогчдын итгэлийг хүлээж, УИХ-ын эрхэм гишүүнээр хоёр удаа сонгогдон ажиллаж, улсын хил хязгаарт 39 жил хүндтэй үүрэг биелүүлж яваад"Бригадын генерал" хэмээх цэргийн хүндэт цол хүртэж, эрдмийн зэрэг хамгаалж явсандаа ямагт бахархаж явдаг жирийн нэгэн иргэн билээ.
Миний талаар сүүлийн үед хэвлэл мэдээлэлд гарсан олон гүтгэлгүүдийг тэвчин тэвчин харахад дэндүү хэрээс хэтэрч заримдаа үндэсний доромжлол болж байгаад харамсаж үнэнийг илгээх нь зүйтэй гэж үзлээ.
Хэвлэл мэдээлэлд гарсан ууж идсэн, хээл хахуулийн болон бусад хэрэгт холбогдон. шалгагдаж байгаад зугтаж явсан гэх мэт гүтгэлгүүд бүгд худал юмаа.
"Тагнуул байсан, эх орноосоо урвасан" гэжээ. Манай нүүлдэлчин ард түмэнд "усыг нь уусан худаг руугаа бүү нулим" гэдгийн адил Монгол Улсаас Казахстанд шилжин суурьшиж амьдарч байгаа олон мянган иргэнээс нэг ч тийм асуудал байхгүй,цаашдаа ч тийм бөлгөө.
Учир нь хоёр улсын хооронд дайсагналцах, үзэл бодол, улстөрийн хувьд зөрчилдөөнтэй асуудал байхгүй юмаа. Миний бие 2013 оны эхэнд цэргийн тэтгэвэр тогтоолгоод одоо Казахстан улсад амьдарч байна. Энэ миний хувийн сонголт.Монголын ард түмэнд сайн сайхныг ерөөж, хөгжил цэцгэлтэнд нь амжилт хүсье” гэсэн байна.
Гишүүн асан эл захидалдаа “Миний бие Монгол Улсын жирийн нэг иргэн бөгөөд иргэншлээ сольсон нь миний хувийн сонголт” гэсэн байна. Мөн авилга, албан тушаалын болоод үндэсний аюулгүй байдлын эсрэг ямар нэг гэмт хэрэг үйлдээгүй, тийм хэрэгт шалгагдаж байгаагүй гэсэн байна.
Гэвч Ерөнхий сайдын Казакстанд хийсэн айлчлалтай зэрэгцэн түүнтэй холбоотой "мөрдөн шалгагдаж байсан, оргон зайлсан" гэх асуудал дахин сөхөгдөж эхэллээ. Хэрвээ хууль, хяналтын байгууллагууд нь энэ асуудлаар албан ёсны тайлбар хийхгүй бол "урвасан хулгайн" хэрэг У.Хүрэлсүхийг ч давхар унагаж мэдэхээр болов.

Б.Заяа
Эх сурвалж: inews.mn
скачать dle 12.0

Add comment

Add comment

reload, if the code cannot be seen
  • Шинэ мэдээ
  • Их уншсан